Жи Сун: Би түүний төлөө жүжиглэхээ больж чадна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Түүнийг анх “Амьдралын ээдрээ” киноны эсрэг гол дүр Чой Жи Воны дүрээр харж байлаа. Царайлаг, сайхан инээмсэглэлтэй түүнд Ким Ин Ха-гаас илүү дурлах бүсгүйчүүд олон байсан гэдэг.

Энэ кино Жи Суны карьерын эхэн үе байгаагүй юм. Тэрбээр 1999 оноос “SBS” телевизийн олон ангит кинонуудад дүр бүтээх болж, өдгөө нэр алдрын оргилд хүрч чаджээ. Одоо тэрбээр жүжигчин Бэй Ён Жүүний эзэмшдэг “KeyEast” продакшнд харьяалагддаг бөгөөд 2015 онд бүтээсэн “Kill me, Heal me” кино нь түүнд асар их амжилтыг авчирсан юм. Жи Сун тэрхүү киногоор есөн шагналын эзэн болж, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг хувиралтай жүжигчин, Шилдэг гол дүрийн хос зэрэг олон нэр хүндтэй шагналуудын эзэн болж байв. Хамгийн сүүлд “Innocent Defendant” киногоороо “SBS drama awards”-ын 2017 оны Гранфриг авсан нь өдгөө 41 настай түүний хувьд амжилтандаа ханах болоогүйг илтгэж байна.


Жи Сун бусад эрэгтэй уран бүтээлчдийн адил эсрэг хүйстний харилцаанд няхуур ханддаг нэгэн. Гэхдээ жүжигчин Ли Бү Ён түүний хувьд алдар нэр, жүжигчний амьдрал, эд хөрөнгөөсөө ч татгалзаж чадах тийм хүчтэй хайрыг мэдрүүлсэн гэдэг. Тэд 2013 онд хуримласан бөгөөд нэг хүүхэдтэй. Өмнөд Солонгосын эмэгтэй жүжигчид дундаа нэгдүгээр зэрэглэлд багтдаг Ли Бү Ёны хувьд Жи Сунтай гэрлэх бүү хэл урлагийн хүнтэй амьдралаа эхлүүлнэ гэж төсөөлж ч байгаагүй гэдэг. Гэхдээ Жи Суны гурван сарын уйгагүй хичээл зүтгэл, удаа дараа тавьсан болзооны саналууд түүний сэтгэлийг хөдөлгөжээ. Бү Ён түүнийг бусадтай л адил нэгэн хэмээн үзэж анхандаа өөрөөсөө түлхэж, муухай үгс их хэлдэг байсан аж. Тиймээс яагаад Жи Суныг хүлээж авч чадахгүй шалтгаанаа тайлбарлахад тэрбээр хариуд нь “Би тэгвэл жүжиглэхээ больж чадна” хэмээжээ.


Тиймээс л Өмнөд Солонгосын кино урлагийн ертөнцөд тэдний хайр дурлал тун алдартай. Жүжигчид эрт гэр бүл болсноор киноны санал багасдаг, компаниудын гэрээ орж ирдэггүй зэргээр ярьдаг. Гэхдээ тэдний хувьд ямар ч сөрөг зүйлс гараагүй бөгөөд харин ч нэр хүнд нь урьд урьдынхаасаа илүү өсчээ.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жжжж(202.9.42.58) 2018 оны 10 сарын 13

hend hamaatain be..teneg setguulch ve.....

0  |  0
Top