Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

Өнгөрч буй долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах үеэр АНУ-ын зохицуулах товчоог Пхеньян хотноо байгуулах боломжийн талаар ярилцсан тухай Өмнөд Солонгосын “Тона Ильбо” сонинд бичжээ.

Аравдугаар сарын 7-нд болсон уулзалтын үеэр талууд дайн дууссан тухай тунхаглал болон АНУ-ын зүгээс авах арга хэмжээний талаар санал солилцсон байна. Хойд Солонгосын зүгээс пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талбайд шинжээчдийг оруулах, Ёнбён дах цөмийн объектыг буулгахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 6-нд болох АНУ-ын Конгрессын сонгуулийн дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзана гэж мэдэгдсэн. Улам бүр нээлттэй болж буй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ромын пап Францискийг эх орондоо урьжээ. Уг урилгыг нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх долоо хоногт Европт айлчлахдаа Ромын пап Францискт гардуулж өгөх гэнэ. Түүнчлэн, Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригоо цуцлах талаар хэлэлцэх гэнэ. Хойд Солонгосын эсрэг Өмнөд Солонгос дангаараа авсан хориг арга хэмжээ нь НҮБ-ын зүгээс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн эсрэг тавьсан хоригтой ижил байгаа аж. Хоригууд хоорондоо олон талаар давхцаж байгаа учир Өмнөд Солонгос БНАСАУ-ын эсрэг арга хэмжээгээ цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ долоо хоногт Интеполын тэргүүн Мэн Хунвэй өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо. Өнгөрсөн долоо хоногт алга болсон хэмээгдэж байсан Мэн Хунвэй Хятад улсад авилгын хэргээр саатуулагдсан нь тодорхой болсон билээ.

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО хүйтэн дайнаас хойших түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилт хийхээр зэхэж байна. Тус сургуулилтад 50 мянга цэргийн алба хаагч оролцож, 150 цэргийн онгоц, 60 хөлөг онгоц, 10 мянга орчим цэргийн техникийг ашиглах аж. Цэргийн сургуулилт ОХУ-ын хилээс 1000 км-ийн зайд болох юм. ОХУ, Беларус улсаас тус тус 2 цэргийн ажиглагчийг урьсан гэнэ. Үүнтэй зэрэгцэн Их Британийн цэргүүд Оманд томоохон сургуулилт хийх гэж байгаа талаар “RT” агентлаг мэдээллээ. Энэ нь 17 жилийн дараах томоохон цэргийн сургуулилт аж. “Saif Sareea 3” гэх энэхүү цэргийн сургуулилтаар Оросын байлдааны тактикуудыг ашиглаж, хүнд даалгавруудтай тулах цэргүүдийг бэлтгэхийг зорьж байгаа талаар Английн хэвлэлүүдэд мэдээлжээ. Сургуулилтад 5000 гаруй цэргийн алба хаагч, 200 хуягт машин, долоон хөлөг онгоц, найман сөнөөгч онгоц оролцоно гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа аж.

 

Өнгөрч буй долоо хоногт сэтгүүлчидтэй холбоотой хоёр ч хэрэг олон нийтийг цочирдууллаа. Болгар улсын TVN орон нутгийн телевизийн захирал болон  хөтлөгчөөр ажилладаг байсан  30 настай сэтгүүлч бүсгүй Виктория Мариноваг хүчирхийлж, зодож, боомилж хөнөөсөн хэрэг гарлаа. Болгарын сэтгүүлч Виктория Мариноваг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд Герман улсад саатуулагдсан. Хэргийн газраас авсан сорьц сэжигтний ДНК-тай таарсан байна. Германд саатулагдсан 21 настай сэжигтэнд хоёр зүйл ангиар бүх насаар нь хорих ял онооно гэж Болгарын ерөнхий прокурор Сотир Цацаров аравдугаар сарын 10-ний өдөр мэдэгджээ.

Аравдугаар сарын 3-ний өдөр Турк-Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслийн холбоо Washington Post хэвлэлд ажилладаг Араб гаралтай Жамал Хашогги Истанбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд орсноос хойш алга болсон хэрэг мөн гарлаа. Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, консулын газрынхан Хашоггийг бичиг баримт бөглүүлэх зорилгоор дуудсан бөгөөд сүйт бүсгүйг нь хамт оруулаагүй байна. Консулын газрын байрны гадаа таван цаг хүлээсэн бүсгүйд консулын ажилтан Хашогги явсан тухай хэлсэн байна.

Хашогги ерөнхий консулын байрнаас гарсны дараа алга болсон хэмээн Саудын талын мэдэгдж байгаа.

Аравдугаар сарын 5-ны өдөр Саудын Арабын хун тайж Ройтерс агентлагаар дамжуулан Туркийн эрх баригчид хүсвэл Истанбул дах ерөнхий консулын газрын байрыг нэгжиж болно хэмээн мэдэгджээ. Энэхүү хэргийг шалгах үүднээс Турк, Саудын Араб хамтарсан ажлын хэсэг байгуулаад байна.

Дэлхийг 0.5 градус аварна хэмээн эрдэмтэд зарлалаа. Дэлхийг нэгхэн градус нэмж дулаарахаас урьдчилан сэргийлж чадвал хурдацтайгаар дулаарч буй манай гараг дээрх хүн төрөлхтөн, экосистемийн орших эсэхийг шийднэ хэмээн олон улсын эрдэмтэд сануулж байна. 2010 онд олон улсын эрдэмтэд дэлхийн агаарын температурыг аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийнхээс 2 градусаар илүү нэмэхгүй байх хязгаарыг тавьсан билээ. Сүүлд буюу 2015 онд энэ хязгаарыг 1.5 градуст барих зорилтыг Парисын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрт тусгажээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй улс оронд дэлхийн агаарын температур 2 градусаар нэмэгдэх нь цаазын ял оноосонтой адил гэж үзэж байна.

Аравдугаар сарын 11-ний өдөр “Союз” сансрын хөлгийг Казахстаны Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөх үед осол гарчээ. Сансрын хөлөг Оросын сансрын нисгэгч Алексей Овчинин, АНУ-ын сансрын нисгэгч Ник Хэйг нарыг олон улсын сансрын станцад Москвагийн цагаар 17.44 цагт хүргэх ёстой байжээ. Хөлгийн багийн гишүүд Байконураас 400 км зайд эсэн мэнд газардаж, биеийн байдал нь сайн байгаа аж. Урьдчилсан таамгаар, хоёр дахь шатны хөдөлгүүр унтарснаас болж осол гарсан гэнэ. ОХУ ослын шалтгааныг нууцлахгүй гээд олон улсын сансрын станцад сансрын нисгэгчдийг хүргэх үүргээ биелүүлнэ гэж мэдэгдлээ.

Энэ долоо хоногт мөн л байгалийн гамшиг тойрсонгүй. “Майкл” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж зургаа болж, АНУ-д учирсан хохирол 30 тэрбум доллароос ч илүү гарч болзошгүй байгаа аж. Хар шуурганы улмаас АНУ-ын Флорида муж дахь “Тиндалл” агаарын цэргийн хүчний баазад ноцтой хохирол учирчээ.

Аравдугаар сарын 7-нд Гаити улсад болсон 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ. Газар хөдлөлтийн улмаас долоон мянга гаруй байшин нуржээ.

Уганда улсын нутгийн зүүн хэсгээр болсон хөрсний гулсалтын улмаас амиа алдсан хүний тоо 40 хүрчээ. Аравдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулсалт үүссэн гэнэ. Хүрэхэд бэрх  зарим газарт хэдэн зуун хүн сураггүй алга болсон тухай мэдээлэл ирж байгаа тул хохирогчдын тоо өсөх магадлалтай байгаа аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.22.54) 2018 оны 10 сарын 14

kranist reklama

0  |  0
Top