“Гоёо”-гийн үйлдвэрт ХОРДСОН ИРГЭД “Мөнх харш” компанийн ажилчид байжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 14

“Гоёо” компанийн ээрмэлийн  үйлдвэрт барилгын ажил гүйцэтгэж байсан хүмүүс хордож, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг явдал өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө болсон ба тухайн барилгад байсан 17 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмнэлгийн туслалцаа үзүүлжээ. Болсон явдлын талаар бид холбогдох эх сурвалжуудаас тодруулан, бодит мэдээллийг хүргэж байна.

НЭГ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТАЙЛБАР

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Өнгөрсөн шөнө "Гоёо" компанийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс нүүрстөрөгчийн дутуу исэл болон шатахууны хавсарсан хордлогод орж, үүний улмаас нэг хүн нас барж, 2 хүний биеийн байдал хүнд байдалтай Хордлогын төвд хэвтсэн. Мөн 15 хүнд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрсэн тул Хордлогын төвийн хүлээн авах тасагт үзүүлж, хоёр хүнийг хэвтүүлсэн. Одоогоор эмнэлэгт дөрвөн хүн хэвтэж байна. Хоёр нь хүнд, хоёрынх биеийн байдал дунд зэрэг байна" гэлээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн TВ-5 телевизэд өгсөн мэдээллээр бол өнгөрсөн шөнийн 12.00 цагийн орчимд дуудлагын дагуу Түргэн тусламжийнхан "Гоёо" компанийн ээрмэлийн үйлдвэрт очиж, эхний хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн ч нэг нь замдаа түргэний машинд амьсгал хураажээ. Нөгөө хүнийх нь биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Нас барсан иргэн эрэгтэй хүн байсан гэв. Эмнэлэгт одоогоор дөрвөн хүн хэвтэж байгаагийн нэг нь хүнд, нэг нь хүндэвтэр, хоёр нь дунд зэргийн хордлоготой байгаа талаар Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярьсан. "Хордлогын шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. Бензиний үнэр, нүүрсхүчлийн дутуу ислийн хордлого байх магадлалтай гэж урьдчилан таамаглаж байгаа. Хордсон ажилчид “Гоёо” компанийн барилгад гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүмүүс байсан" гэх мэдээллийг тэрбээр мөн өгсөн.

ХОЁР: “ГОЁО” КОМПАНИЙН ЭХ СУРВАЛЖИЙН ТАЙЛБАР

“Гоёо” компанийн холбогдох албаны хүмүүсээс бид болсон явдлын талаар тодрууллаа. Эх сурвалж “Компанийн ээрмэлийн үйлдвэр  засвар хийж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилчид барилгын ажилд ашигласан химийн бодисонд хордсон, харамсалтай хэрэг гарлаа. Туслан гүйцэтгэгч компанийн гурван ажилтан нэг өрөөнд хамт засвар хийж байсан. Ээрмэлийн үйлдвэрийн үндсэн ажилчид болох /Өөр өрөөнд ажиллаж байсан/ 14 хүн тухайн үед ажлын байран дээрээ байсан. Тэдний хоёр нь мөн хордлогын шинж илэрч, эмнэлэгт хандсан бөгөөд нэг нь эмнэлгээс гарч, нөгөө нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор туслан гүйцэтгэгч компанийн хоёр, “Гоёо”-гийн үндсэн нэг ажилтан эмнэлэгт байгаа” гэсэн мэдээлэл өглөө.  

ХОРДСОН ХҮМҮҮС “МӨНХ ХАРШ" КОМПАНИЙН АЖИЛЧИД БАЙЖЭЭ


“Гоёо” компанийн  Хүний нөөцийн захирал Т.Сарангэрэлтэй холбогдлоо.

-Танай компанийн 17 ажилтан химийн бодисонд хордсон тухай мэдээлэл гарч байна. Энэ талаар тодруулна уу?

-Манай компаниас зарласан тендерт шалгарч, туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон “Мөнх харш” компанийн гурван ажилтан өчигдөр (2018.10 .12) үйлдвэр дээр ирсэн юм. Бэлтгэл ажлаа хангахаар яваагаа хэлсэн. Ингээд машин суурилуулах цехэд орсон. Тусгаарлах тэмдэг тавьж, бүс тогтоон, цементийг цахилгаан хөрөөгөөр зүсэх ажил хийж байсан юм.

-Ямар нэгэн химийн бодисонд хордсон болов уу гэсэн таамаг байна?

-Цахилгаан хөрөө нь бензинээр ажилладаг.  Удаан ажиллаж, халсан хөрөөний  шатахуун нь халсны улмаас ялгарсан утаанд угаартсан болов уу гэсэн таамаглал  байгаа. Мэргэжлийн байгууллагууд тодорхой болгох байх.

-17 ажилтан танай компанийнх гэдэг мэдээлэл ташаа гэсэн үг үү? 

-Тэр гурван хүний ойролцоо манай Ээрмэлийн үйлдвэрийн 14 ажилтан байсан. Хордсон байж магадгүй гэж сэрэмжлэх үүднээс ажилтнуудаа эмнэлэгт шинжилгээ өгүүлсэн. Нэгээс бусдад нь хордлогын ноцтой шинж тэмдэг илрээгүй. Тэдгээр гурван ажилтан, манай 14 ажилтантай андуурагдаж, 17 гэсэн мэдээлэл яваад байна.

-Гурван иргэний биеийн байдал зэрэг муудсан уу?

-Эхлээд нэг хүнийх нь биеийн байдал муудсан тул эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлгийн машинаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нэг хүн нь нас барсан харамсалтай явдал гарсан байна. Хоёр хүнийх нь бие харьцангуй гайгүй байсан.  

ГУРАВ: ЦЕГ-ЫН ЭХ СУРВАЛЖИЙН ТАЙЛБАР

Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас мэдээллийг тодрууллаа. Эх сурвалж “2018 оны аравдугаар сарын 13-ны шөнийн 02:21 минутад цагдаагийн байгууллагын утсанд Цэргийн төв эмнэлгийн хүлээн авах тасаг дээр угаартсан хоёр хүн хүргэгдэж ирээд, нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэг болсон гэх газар Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт орших “Гоёо” ХХК-ийн ээрмэлийн үйлдвэрийн агуулах. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Талийгаач М нь 35 настай,  гагнуурчин мэргэжилтэй. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай иргэн байсан. Тэрээр гэрээгээр барилгын ажил гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байсан” гэв.

Хэдий 17 хүн нэгэн зэрэг хордсон гэдэг нь ташаа боловч хүний амь нас эрсэдсэн энэ харамсалтай тохиолдлыг хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбож үзэх ёстой юм. Тиймээс ямар шалтгаанаар осол болсон, цаашид юунд анхаарах ёстой талаар энэ СЭДВИЙГ бид үргэлжлүүлэн хөндөх болно.

Б.ЦОГ, Б.ЭРХЭС, Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
????(112.72.11.122) 2018 оны 10 сарын 13

..... химийн бодисонд хордсон, харамсалтай хэрэг гарлаа.!!!!! Baigali orchnii yamnii derged baisan HIMIIN UNDESNII HOROO tatagdan buusan tegeed yasan yu bolob!!! medeej haraa hyanaltgui bolson!!! yam unuudur himiin asuudlaa taviad tuusan!!! Batjargal hemeeh nuhur unuudur ajlaa meddeg yum uu??? Tserenbat saidaa?????

0  |  0
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 13

Зүгээр нэг хүн хордсоныг улс төржүүлэх ямар хэрэгтэйн бэ.

0  |  0
Album(103.10.197.157) 2018 оны 10 сарын 13

Гоёо хэний компани юм бэ? Ард нь АН МАНы хэн байдаг юм бэ? Тэр нь чухал байна шд.

0  |  0
Top