Монгол Улс, БНАСАУ-ын харилцааны 70 жилийн ой тохиож байна

2018 оны 10 сарын 15

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож байсан цагаас хойш нэгэн далныг үджээ. Тиймээс хоёр орны харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд “Монгол Улс, БНАСУ-ын харилцаа 70 жил” сэдэвт симпозиум, соёлын арга хэмжээг өнөөдөр /2018.10.15/ албан ёсоор нээснээ мэдэгдэв.

Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О.Сын Хо, Элчин сайд асан Ж.Ломбо, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүмүүс оролцов. Мөн үеэр албаны хүмүүс үг хэлж илтгэл тавихаас гадна дурсгалын гэрэл зураг авахуулах, Элчин сайд асан Ж.Ломбын хоёр орны харилцааны тухай бичсэн түүхэн номын нээлт зэрэг болох юм.

Хоёр орны найрамдалт харилцааны тухай дурдахад, 1951 онд хоёр улс ЭСЯ-аа харилцан нээсэн бол БНАСАУ 1999 оны наймдугаар сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хааж, Бээжингээс хавсран ажиллаж байгаад 2004 оны наймдугаар сард ЭСЯ-аа дахин нээсэн түүхтэй. Хоёр орны төрийн тэргүүнүүд ч удаа дараа харилцан айлчилж, хамтран ажиллах найрсаг харилцаанд ахиц гаргаж байсан түүх ч бий. Тухайлбал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал 1956 онд, Ж.Батмөнх 1986 онд, Ерөнхий сайд Р.Амаржаргал 1999 онд, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2003 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд БНАСАУ-д, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен 1956, 1988 онд Монголд тус тус айлчилсан байна.

Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Л.Ринчин 1974 онд, Ц.Гомбосүрэн 1989 онд, Ш.Алтангэрэл 1999 онд, Л.Эрдэнэчулуун 2003 онд БНАСАУ-д, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Хө Дам 1973 онд, Ким Ен Нам (Одоо Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга) 1985, 1988 онд Монголд айлчилж байжээ.

Тус арга хэмжээ Гадаад харилцааны яаманд үргэлжилж байна. 

С.Ууган

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top