ТОМИЛОЛТ: Евро стандартаар 1 сая тонн цемент, 270 мянган шоо метр блок үйлдвэрлэж байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Манай сурвалжлагч Дорноговь аймгаас мэдээлж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд бүтцийн бүтээн байгуулалт болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар Дорноговь, Говь-Сүмбэр аймгийг өнөөдөр зорьсон. Орон нутаг дахь томилолтын эхэнд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “МАК” ХХК-ийн “Евро блок” үйлдвэртэй танилцлаа. Ерөнхий сайдын томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан зэрэг албаны хүмүүс багтаж буй юм.


“ЕВРО БЛОК” ӨДӨРТ 900 ШОО МЕТР БЛОК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Ерөнхий сайдыг “Евро блок”-ийн үйлдвэрт “МАК” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир хүлээн авч, үйлдвэрээ танилцуулсан юм. 2015 оны зургадугаар сард ашиглалтад оруулсан хийт "Евро блок"-ийн үйлдвэр ХБНГУ-ын “Топверк” группийн “HESS ААС systems” технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаараа онцлогтой. Налайх хотоос баруун урд зүгт байрлах тус үйлдвэрийн блок нь эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хөнгөн, бат бэх, даац сайн, дулаан хадгалах өндөр чадвартай. Барилгын бусад материалаас 50 хувь хөнгөн учир хөрөнгө хэмнэж, барилгын нэг ам метр талбайн үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж тус үйлдвэрийнхэн дүгнэдэг. Мөн дулаан хадгалах чадвар нь тоосгоноос 3-5 дахин сайн аж.

Блокны найрлагад элс 60, цемент 20, шохой 15, гөлтгөнө 5, хөнгөн цагаан 0.15 хувь ордог нь европ стандартыг бүрэн хангаж буй юм байна.

Монгол Улс жилд 600 мянган шоо метр бетон импортолдог гэсэн тоо бий. Тэгвэл “Евро блок”-ийн үйлдвэр 24 цагаар ажиллаж, өдөрт 900, жилд 270 мянган шоо метр блок үйлдвэрлэх хүчин чадалтайгаас харахад импортын хэрэгцээний 30 орчим хувийг хангахуйц байгаа юм. Мөн нэг шоо метр нь хийт бетон 140 мянган төгрөгийн үнэтэй борлуулагддаг байна.

Хийт бетоноор 40 см-ийн зузаантай хана босгоход шилэн хөвөн, хөөсөнцөр зэрэг дулаалгын нэмэлт материал огт шаардлагагүй бөгөөд химийн ямар нэгэн хорт бодис агуулаагүй, 100 хувь байгалийн эрдэст материалаас бүрдсэн учир хүний биед сөрөг нөлөөгүй, ялзрахгүй, хорхой шавьж, мэрэгч амьтад үүрлэхгүй давуу талтай юм байна.

Нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон уг үйлдвэрт өнөөдөр 150 хүн гурван ээлжээр ажиллан, тасралтгүй ажиллагааг хангаж байна.

ХБНГУ-ын “Топверк” группийн “HESS ААС systems”-ийн үйлдвэрийн шугамыг Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн 40 гаруй улсад суурилуулсан байдаг аж.


“МАК”-ИЙН ЦЕМЕНТ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН 40 ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА

Ерөнхий сайд дараа нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “МАК” ХХК-ийн “Хөх Цав” цемент, шохойн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдыг хүлээн авч, үйлдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг ба үүний 1 сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе байсан. Дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд өнөөдрийн байдлаар 1.4 сая тонн цемент үйлдвэрлэж, импорт эрс буурч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоод байгаа.

Жилд 1 сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа “Хөх цав” үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулсан. Данийн вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth" компанийн техник, технологиор иж бүрэн тоноглогдсон тус үйлдвэр хуурай аргын бүрэн автоматжуулсанаараа онцлогтой. Хуурай аргын давуу тал нь технологийн дамжлага цөөн, технологийн ус хэрэглэдэггүй, тоосжилт байхгүй, нүүрсний хэрэглээ бага, хорт хийн ялгаруулалт хамгийн багатай аж. Үйлдвэр автомат удирдлагын системтэй, автоматаар дээж авч шинжлэн хянах бүрэн роботжсон лаборатори, хүний оролцоо байхгүй орчин үеийн автоматжсан савлах үйлдвэрийг нэвтрүүлжээ.  

Үйлдвэрийг Хөх цавын цемент, шохойн ордод түшиглэн байгуулсан бөгөөд тус ордуудыг “МАК”  эзэмшдэг учир бүтээгдэхүүний үнийг зах зээлд өрсөлдөхүйц тогтоосон аж.


Уг үйлдвэр ашиглалтад орсноор улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлон, валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана гэж МАК компанийн удирдлагууд дүгнэж буй.  

Мөн тус үйлдвэр 900 орчим ажлын байр шинээр бий болгож, орон нутгаас 400 хүнийг ажлын байраар хангажээ.

Тус цементийн үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцэн Олон-Овоот төмөр замын өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан юм.


Ерөнхий сайд дараа нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлын явцтай танилцах юм.

Б.Эрхэс

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.216) 2018 оны 10 сарын 15

jiriisen

0  |  0
Top