(Номын шүүмж)
Золиослогдсон өчигдөр, золбиншлогдсон өнөөдрийн Монголын тухай өгүүлсэн бодол эргэцүүлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эссе тэмдэглэлийн түүврээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг уншигч танд өргөн барьж байна. “Өнөөгийн өнгө төрх” нэртэй аж. Эхнээс нь дуустал гүйлгэн уншаад зохиогчийн шилмэл нийтлэлийн түүвэр юм байна гэдэгт бүрэн итгэв. Олон сайхан нийтлэлээ сорчилон оруулжээ.
“Бусдын төлөө өөрийгөө золиосолсон хүн хамгийн сайн хүн” гэсэн Авраам Линкольны алдарт хэллэгийг ишлэж байгаад Юмжаагийн Цэдэнбал даргын тухай бичсэн байна. Зохиогч Монголын түүхэнд тод мөртэй энэ хүнтэй ердөө дөрөвхөн удаа зурвасхан уулзаад (тааралдаад гэвэл илүү зохино) өнгөрчээ. Тэгсэн атлаа гайхалтай сайн, үнэмшилтэй тод нийтлэл бичсэн байна. Энэ бол авъяас билгийн илэрхийлэл, агуулга утгыг гаргаж чаддаг сэтгүүлчийн чадвар юм. Хэд хэдэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Эхлээд гадаадын улс орнууд үе үеийн удирдагчиддаа хэрхэн яаж хандаж ирсэн үүх түүхээс цухас төдийхөн дурдаад “Маниас хамаагүй ухаантай, өндөр хөгжилтэй, учиргүй их соёлтой япончууд Эзэн хааныхаа бодит дүрийг харах нь бүү хэл ордных нь хашаанд орж талбайг нь нэг удаа цэвэрлэхийг хүн болж төрсний их хувь заяа хэмээн үзэж, бүр хэдэн жилийн өмнөөс захиалга өгч дараалалд ордог юм гэнэ билээ. Хүнийг хүн гэж ойлгох, зан заншил, ах зах, төр ёс, улс орныхоо удирдлагыг хэрхэн дээдлэн хүндэлдгийн тод жишээ энэ юм байх” гэсэн байх жишээтэй. Дэлхий нийтийн нийтлэг ёс, чиг хандлагыг сануулан хэлж байна. Гэтэл манайд яав гээд Юмжаагийн Цэдэнбал гуайн гэрэлтэй агаад гунигтай амьдралын талаар өөрийн санал бодлыг онцлон бичжээ. Сайн үйлсээ үргэлжлүүлэн залгамжилж чадах хүнээ улс орны удирдагчид эртээс бодож, сургаж дадлагажуулах явдал нэн чухал гэсэн санаа энд гарч байна. Ю.Цэдэнбалын өөрийнхөө залгамжлагчдыг сонгож бэлтгэсэн түүх бол Монгол Улсын түүхэнд үеийн үед санаж явах гашуун сургамж яах аргагүй мөн гэжээ. Өчигдөр аж төрж бүтээж туурвиж явсан, өнөөдөр энх тунх байгаа олон хүн үүнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Амьдрал, тэмцлийн утга учрыг эргэцүүлэн бясалгасан зохиогч “Хэн ч гэлээ үхлийн өмнө ав адилхан, усны дусал шиг ижилхэн болдог. Чухамдаа дархан аварга шиг хүчтэй, тэрбумтан шиг мөнгөтэй, Ерөнхий сайд шиг өндөр албан тушаалтай байгаад ч нэмэргүй. Хамгийн хоржоонтой нь үхэл ая тал хардаггүй, өргөл барьц тоодоггүй, хээл хахууль авдаггүй, том даргаас айдаггүйгээрээ онцлогтой. Юу үнэн, энэ үнэн гэж бодож байна. Хорвоо ертөнц хоосон чанар дээр оршин тогтнодог билээ. Үүнийг ер нь хүмүүс үе үе бодолхийлж байвал тун гэмгүй юм. Зохиогч цааш нь “Хүн гэдэг амьтан хэн боловч бололцоотой үедээ хүн чанараа гээхгүй, бие биеэ хайрлаж, хийсэн бүтээснийг нь түүхийн тоос, хүн чанарын хог дээр Цэдэнбалыг хаясан шиг хаячихгүй байхсан. Зурагтын дэлгэцэнд, харийн нутгийн бүүдгэр зэвгэр өрөөнд, ядарч туйлдсан Цэдэнбал ширээн дээрх тавагтай хэдэн чихэр уруу гараа сарвайж, хэн нэгэн гар уруу нь цохиход шилэн аягтай ус унан асгарч, өөрийн эрхгүй их зовлон дотор, эх нутаг, ах дүү төрөл саднаа санан тарчилж байгаа тэр ядарсан өвгөний нүднээс бөмбөрөн унах нулимас шиг урсаж буй бичлэгийг монголчууд мартаж болно гэж үү. Монголын нам, төрийн дээд удирдлагыг хагас зуун жил нэр төртэй авч явсан хүний амьдралын төгсгөлийн дүр зураг энэ” хэмээн бичжээ. Уншиж үзсэн хүнд юм бодуулахаар бичигдсэн байна. Өчигдрийн тухай гашуун сургамж аж.
Өнөөдрийн тухай зөндөө олон нийтлэл номонд орсон байна. Нэг нь “Мөхөл уруу мөлхөж яваа Монгол минь”. Шилжилтийн үеийн Монголын он жилүүдийн талаарх зохиогчийн зовинол, эргэцүүлэл ажээ. “Амьжиргааны мөхөл” гэсэн эхний хэсэгт” үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1991 онд 1989 оныхоос 11 хувь, хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн гурил 12.7, төмс 37.9, хүнсний ногоо 61.8, цөцгийн тос 61 хувиар тус тус буурч, улсын төвлөрсөн хэрэгцээнд 1989 онд 151.7 сая литр сүү нийлүүлж байсан бол 1991 онд дөнгөж 104.9 сая литрийг авчээ. Зарим жилд саяар нь хүртэж байсан үр тариа цаг агаар харьцангуй тааламжтай энэ жил дөнгөж 490 мянган тонныг авлаа. 1988 онд нэг хүнд дунджаар 88 килограмм мах ногдож байсан бол энэ жил 60 килограмм болж... Монголын ард түмний хэдэн арван жилийн зүтгэл, асгаруулсан хөлс хүч, сайн санаат орнуудын тусламж дэмжлэгээр бий болсон 100 сая долларыг “диллер” гэгч мөрийтэй тоглоомд алдаж, 4 тонн алтыг “хадгалуулна, их хэмжээний хүү авч доллар олно, баяжина” гэж хууран гадаадад гаргаж барьцаанд хаясан явдлыг зарим нь хэрэг биш гэж үзэж, түүний хариуцлагыг хүлээхгүй гээд сууцгааж байгаа хүмүүсийг яах бол. Ингээд бодохоор манайд үнэн юм, шударга хууль цааз гэж байна уу” гэж асуусан байх жишээтэй. “Тэнүүлчин Монгол” гэсэн удаах хэсэгт “манайхаас гадаадад 1985 онд 1840, 1989 онд 9386 хүн явж байсан бол 1991 онд 32 оронд 142000, 1992 оны эхний арван сард 57 оронд 208 мянган хүн явжээ” гэсэн тоо баримтыг ишлэж дурджээ.
“Согтуу Монгол хийгээд оюуны мөхөл” хэмээх өгүүллийн гурав дахь хэсэгт “Архи пивоны комбинат, 18 аймаг, Дархан, Эрдэнэт хотын хүнсний үйлдвэрүүдэд 1989 онд 4,9 сая литр архи үйлдвэрлэж байсан бол 1992 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6,6 сая литр архи үйлдвэрлэх тооцоо гарчээ. Энэ нь 0 наснаас эхлээд нийт хүн амын нэг хүнд 3 литр архи ногдож байгаа гэсэн үг... 1989 оны эхний арван сард 11288 хүн эрүүлжигдэж, 1601 хүн баривчлагдаж байсан бол 1992 оны мөн хугацаанд 22726 хүн эрүүлжигдэж, 2532 хүн баривчлагдан нь 100 гаруй хувиар өсчээ... 1989 оны эхний арван сард 6167 гэмт хэрэг гарч байсан бол 1992 оны мөн хугацаанд 10126 болж” өссөн байна гэсэн аймшигт тоо баримтыг онцолсон байна.
Мөн улсын хэмжээгээр хүүхэд төрөлт буурч, үр хөндүүлэх үйлдэл жил дараалан өссөнийг тоо баримтаар өгүүлжээ. Хар тамхины аюул харанга дэлдэж болзошгүйг онцгойлон анхааруулж, халдварт өвчин газар аван тархаж, спид хүртэл дэлгэрч эхэлснийг сэрэмжлүүлжээ. Уншиж үзэхэд жихүүдэс хүрмээр тоон үзүүлэлтүүд байна. Энэ бүхнийг зохиогч баримт түшиж өгүүлээд эцэст нь Үндсэн хуулиа боловсронгуй болгож шинэчлээч, Монгол Улсын үндэсний эрх ашгийг дээдэлж аюулгүй байдлыг хамгаалах баталгааг өндөржүүлэн, эмх журам буй болгооч, монгол хүний удмын санг хамгаалж хүн амын ухаалаг, оновчтой бодлого явуулж хэрэгжүүлээч, үндэсний үйлдзвэрлэлээ ад үзэж нүд аниулалгүйгээр харин ч сэргээж хүн амаа үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаач, боловсон хүчний зөв бодлого явуулж эмх цэгц, дэг журмыг тогтоогооч гэсэн таван зүйлт саналыг төр засагт сонордуулжээ.
Сүрэнгийн Зэвсэгийн нийтлэлийн бусдаас гойд ялгарах нэг онцлог нь үгүйсгэж буруутгахын аргагүй баримт түшиж бичдэгт байдаг. Түүн дээрээ түшиглэж гаргалгаа хийж, санал зөвлөмж хэлдэг юм. Энэ бол өнөөгийн залуу сэтгүүлчдийн үйл ажиллагаанд ихэд үгүйлэгдэж буй зүйл. Дээрх өгүүллээ 1992 оны 12-р сарын 26-30-ны өдрийн “Бодлын солбилцол” сонины 53 дугаарт нийтлүүлжээ. Төгсгөлд нь “Хорин таван жилийн дараа” гэсэн гарчигтай бяцхан эргэцүүллийг хавсаргажээ. Ахиад л аймшигтай тоо баримт дурджээ. Өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж үзсэн гэх тоо гарсан гэжээ. Хар тамхи бүхэл бүтэн үндэстэн ястныг мөхөөж чадна шүү гэдгийг анхааруулжээ. “Хэрвээ төр, засгийн дээд эрх мэдэлд заларч өндөр албан тушаалын сэнтийг зайдагнаж байгаа бэртэгчид, хулгайч, луйварчид, зальхай зайдан явдалтнууд өчүүхэн миний нийтлэлийг эрх биш анхаарч санаа дохио, арга хэмжээ авсан бол өнөөгийн ийм байдалд хүрэх байсан гэж үү” хэмээн асуужээ.
“Мөхөл уруу мөлхөж яваа Монгол минь” нийтлэлийн үргэлжлэл гэж хэлж болох “Золбиншил” хэмээх өгүүллийг С.Зэвсэг 2009 онд бичиж “Зууны мэдээ” сонины 237 дугаарт нийтлүүлжээ. “Даяаршил ба золбиншил” гэсэн гарчигтай нэг хэсэг байна. Зохиогч “даяаршил гэдэг нь том гүрнүүдэд иргэдээ үй олноор шилжүүлэн суурьшуулах, эдийн засгийн хараат байдалд оруулах гээд үл ажиглагдам аргаар буюу цэрэг зэвсэг, дайн тулаан гэх явдалгүй тайван замаар жижиг буурай орнуудыг эзлэн авах, уусган нэгтгэх боломж олгож байгаа юм шиг санагдана. Тухайлбал манай их хөрш өнөөдөр Монгол Улсыг тайван замаар эзлэн авч, эцэг өвгөдийнхөө хэдэн зуун, мянганы хүсэл мөрөөдөл, гэрээслэлийг биелүүлэх гэж оролдож байгаа байж магадгүй. Хамгийн гол нь манай төр, засгийн өндөрлөгт шургалсан холимог цустнууд тийм боломж олгож байгаа нь нууц биш байх. Ингээд бодоход даяаршил бол нэг талаар хүн хүсээд байх зүйл биш, дотор бодолтой, анхаарал болгоомжтой хандвал зохих үйл явц бололтой... Даяаршлыг явцуу утгаар нь, өөрөөр хэлбэл нэг орны хүрээнд авч үзвэл золбиншил юм. Золбиншил тухайн улс орныхоо хүрээнээс халихаараа даяаршлын нэг үр дагавар болон илэрч иргэдийн эх захгүй тэнүүчлэлийг бий болгодог юм болов уу... Монгол Улсад эдүгээ цаг дор золбиншлын хоёр урсгал ажиглагдаж байх шиг. Нэг хэсэг нь “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж...” ааг омгоо багтааж ядан сум аймаг, услаас улс, тивээс тив дамжин хэрэн хэсдэг бол нөгөө хэсэг нь болох хэдэн мянган ажилгүй, гэр оронгүйчүүд төв суурин газар, ялангуяа том хотуудад хүн сүрэг болон “бэлчээрлэж” төр засгийн буруу бодлогын золиос болж байна. Энэ бол ардчилсан орны иргэд хаа сайгүй “даяаршин” эрхээ эдлэн золбиншиж яваа нь тэр юм байх. Золбиншил бол цөөхөн монголчуудыг үндэстнийх нь хувьд мөхөөх хамгийн аймшигт үзэгдэл гэдгийг анхаарахгүй байхын аргагүй л болов уу” гэжээ. Хэн хүнгүй дотроо эргэцүүлэн бодох ёстой асуудлын нэг бол энэ гарцаагүй мөн. Даяаршина, дангааршина гэж яагаад ярьж хэлэлцэх болов. Нэг төвтэй дэлхий ертөнц гэж Америк, Хятад зэрэг их гүрнүүд ярих дуртай байхад Энэтхэг, Орос зэрэг орнууд олон төвтэй гариг дэлхий, олон ургальч үзэлтэй хүн төрөлхтөн гэж яагаад зөрүүдлэх болов. Энд заавал нэг учир начир байж таарна.
Сүрэнгийн Зэвсэг маш чухал сэдвийг хөндөж тавьжээ. Тэгэхдээ өөртөө байдаг өвөрмөц шинж төрхөө урьдын адил хадгалан үлдэж хөдөлшгүй тоо баримтаар баталгаажуулж нотолгоожуулсан байна. Даяаршлын “үр өгөөж”-өөр “зохион байгуулалтын шинжтэй гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг, хар тамхи мансуурлын гэмт хэрэг, хүний наймаа, янхандалт, төр засгийн өндөр албан тушаалтнуудтай холбогдсон гэмт хэрэг, авилгалын зэрэг олон төрлийн гэмт хэрэг шинэ Монголын шимтэй хөрсөнд хог ургамал лугаа тун хялбархан үржин ургаж аль хэдийнэ бодит “амьдрал” болоод байна” гэж тэрбээр тэмдэглээд 1992-2009 он хүртэлх 17 жилийн хугацаанд 23789 хүн гэмт хэргийн улмаас нас барсан нь жилд дунджаар 1399 буюу хоногт дөрвөн хүн гэмт хэргийн золиос болж байгааг хэлж 1939 онд Халхын голын дайнд 990 монгол цэрэг амь үрэгдсэнийг сануулжээ. Үүний улмаас 1992-2009 он хүртэлх 17 жилд нийтдээ 381 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь жилд дунджаар 22,4 тэрбум төгрөг болж буйг Цагдаагийн газраас тооцож гаргажээ. Гайхмаар, бүр дуун алдмаар тоо байгаа биз? Энэ мэтээр С.Зэвсэг буух эзэнтэй буцах хаягтай бичдэг юм. Энд би төлөөлүүлж зөвхөн гуравхан нийтлэлийг авч үзлээ. Залгуулаад асуудал дэвшүүлсэн нэгэн нийтлэлийн болоод үсрэнгүй хөгжилтэй Япон орны талаар юуг өгүүлснийг нь уншигч танд сонирхуулъя.
Сүрэнгийн Зэвсэгт бас өөр нэг онцгой чухал чанар бий. Үнэн зөв гэж бодож бичсэн зүйлийнхээ хойноос уйгагүй хөөцөлддөг. Үр дүнд хүргэхийн тулд цөхрөлтгүй зүтгэнэ. Эл номд орсон бүтээлүүдээс ч тэр чанар нь тод харагдаж байна. “Аврал эрэн мэлтрэх тосон нуур” хэмээх асуудал хөндсөн өгүүллийг тэрбээр 2013 онд бичиж “Зууны мэдээ” сонины 196 дугаарт нийтлүүлжээ. Хөндсөн асуудлаа хүмүүст хүргэж ойлгуулан ухааруулж үнэмшүүлэхийн тулд “Хувь заяаны хишиг”, “Миний ухаарч ядсан Тосон нуур”, “Ав га осон шаа сувилал”, “Аварга тосон” сувиллын өнөөгийн төрх”, “Тосон нуурыг аваръя” хэмээн учирлах нь” гэсэн таван хэсэгт хувааж бичжээ. Монголчууд амны хишигтэй ард түмэн. Асар их баялагтай. Байгалийн гоё сайхан, өнгө үзэмж хосолж цогцолсон үлэмжийн ховор тансаг, ид шидтэй диваажингийн нэг нь Тосон нуур. Хэрлэнгийн хөдөө аралд Баян-Улаан уул, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэн Тооно уул, Дарханхаан уулсаар хүрээлэгдсэн түүхт Хар талын урд захад оршино гэж эхний хэсэгт “Аварга тосон” нуураа дүрсэлж үзүүлээд байгаль эхийн энэ ховор нандин тогтцыг хэн ч хэзээ ч бүтээж чадахгүй, монгол түмэнд оногдсон хувь заяаны хишиг юм гэсэн бол “Миний ухаарч ядсан Тосон нуур” хэмээх удаах хэсэгт “Энэхүү нуур гар дүрж, биеэ арчихад яг л тостой юм шиг зөөлөн гулгасан байдал мэдрэгддэг... газрын гүний ундарга тэжээлтэй, хүний биед олон талын ач тустай, элдэв өвчин эмгэг, ялангуяа арьсны тууралт, яр шархыг анагаан илааршуулах онцгой чанартай химийн олон элемент найрлагаар баян” гэх зэргээр бичээд эл увидаст чанарыг нь хэдэн зуун, мянганы тэртээгээс олж мэдсэн олон ардууд хэрхэн яаж ашиглаж ирснийг өчигдөр ба өнөөдрийн бодит байдлаар нь харьцуулан жишиж харуулжээ. Нэг ээлжинд 480 орчим, жилдээ 4000 шахам хүнийг хүлээн авч үйлчилдэг “Аварга тосон” рашаан сувиллын ачаалал даац хэтэрснийг, Тосон нуур өөрөө өөрийгөө цэвэршүүлж ариутгадаг үлгэрт хууртаж болохгүйг хурцаар шүүмжилжээ.
“Ав га осон шаа сувилал” хэмээх гурав дахь хэсэгт “Аураг” гэж дажгүй зочид буудал энд байдаг тухай, саяхан ашиглалтад орсныг дурдаад харамсалтай нь хүмүүс тэр буудлыг “Аураг” гэхгүй харин “ав га осон шаа” хэмээн нэрлэдэг юм гээд түүнийгээ “буудалд орж очиход угтан авч үйлчлэгчдийн (ресепшин) ширээний арын хана дээр “Ав га осон шаа сувилал” гэсэн гоё самбар хараа булаана. Тэрхүү самбар хаяг нь энэ айлын үйлчилгээний нүүр царай, зохион байгуулалт, эмх цэгц, хүмүүсийн хариуцлага, сахилга зэргийг бараг тодорхойлно” гэжээ. Үнэ ханш нь өндөр атлаа үйлчилгээ үгүйг, эмх замбараа, дэг журам алдагдсаныг шүүмжилсэн байна. Сувиллын эзэн Майнбаяр, менежер Алтанчимэг нартай нь уулзаж ярилцах гээд чадаагүй гэнэ. Тэд зугтаад уулзсангүй. “Аварга тосон сувиллын өнөөгийн төрх” хэмээх хэсэгтээ үнэн бодит байдал, өнгө төрхийг нь дүрслэн үзүүлээд “ариун дагшин рашаан мөхлийн ирмэгт тулж ирээд байх шиг санагдлаа” гэсэн дүгнэлт хийсэн байна. Бас маш чухал тоо баримт түшиж бичжээ.
Эзэн Чингис хааны үеэс эзэмшиж ашиглаж ирсэн нуураа өөд татаж өмгөөлж хамгаалж эмхэлж цэгцлэлгүй чухамдаа мөхлийн ирмэгт хүргэж ээ. Амрагч, сувилуулагчид хүн, нохойн хир дайр, баас шээс, элдэв хаягдал ялгадсаар биеэ угааж арчиж, хоолой амаа зайлж, амсаж уух гэж хэдэн зуу, бүр мянган километрийн тэртээгээс Тосон нуурыг зорин зүтгэж ирдэг гэж үү хэмээн зохиогч уншигчдаас асуугаад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Байгаль орчны сайд С.Оюун, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар “Аварга тосон”-д морилон ирж, анхаарч танилцаасай билээ хэмээн хүсч байна гэжээ. Сайд, дарга нар сайхан сайхан үг хэлж, санал шүүмжлэлийг хүлээж авсан дүр эсгэсэн ч ямар ч өөрчлөлт шинэчлэлт гараагүйг зохиогч сүүлд “Тосон нуурыг тойрч бэдэрсэн тэмдэглэл-2” нийтлэлдээ (”Зууны мэдээ” сонин. 2013.12.24, № 308 ба 311) цохон тэмдэглэжээ. Тэр бүгдийгээ нэгтгэж эл номондоо багцлан оруулаад төгсгөлд нь “Таван жилийн дараа өлгөсөн бяцхан зүүвэр” нэртэй гурван хуудас бичлэгийг хавсаргасан байна. Түүндээ “манай аль ч шатны ямар ч сайд дарга, түшмэдүүдэд ажил хэрэгч санал, асуудал тавиад хэрэггүй. Сонин хэвлэлд ямар ч чухал асуудал хөндөж дэвшүүлээд нэмэргүй.
Ер нь манай УИХ, түүний Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, тусгай газрууд гээд төр засгийн томоохон байгууллагаар орж ажиглаж явахад бохь зажилж, гар утсаараа оролдож, компьютерт элдэв захидал бичилцэн инээд ханиад болж бас ганц нэг англи үгээр гангарч, ширээ алгадаж тааз ширтсэн хүмүүс зонхилдог. Асуудал тавьж яриа өрнүүлбэл тэд бараг цөмөөрөө л “Өмнөх Засгийн газрын хийгээгүй ажлыг бид хийх гэж үйлээ үзэж, тамаа цайж байна. Бид тийм ажил хийх гэж байгаа. Бид нэг ийм стандарт, төсөл, төлөвлөгөө боловсруулахаар судалж байна. Бид тэрийг чинь тэгж, энийг чинь ингэж харж байгаа. Тийм бодлого чиглэл баримтална. Хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барина. Хэрэв энэ хууль батлагдвал ёстой сайхан болно. Бараг зөв гольдиролдоо орно байх. Бид мониторинг хийнэ. Ажиллах хэрэгтэй. Сурах ёстой. Америк, Япон, Германд тийм, ийм байдаг. Таны нийтлэлийг уншсан. Надад их таалагдсан. Санал нэг байна. Дэмжиж байгаа. Таны тавьсан асуудлыг дарга нартаа танилцуулна. Дээш нь мэдэгдэнэ. Ер нь авч үзэж шийдвэрлэнэ. Анхааралдаа авлаа. Төсөв хүнд, хүрэлцэхгүй юм, түүнээс биш ёстой ажилламаар байх юм, даанч... Зардал мөнгө байхгүй болохоор ажил хийж болохгүй юм. Мөнгөтэй бол ч ажлыг хийнэ дээ. Хөрөнгө мөнгө босгоно. Бид мөнгө хайж байгаа. Санал авах баг ажиллуулж байгаа. Арга хэмжээ авна. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэхчилэн бүхнийг ирээдүй цагт хамааруулж нэг хэв маягаар чамирхсан гаж үгээр улиглахаас бус “Тийм ажил хийчихлээ. Ийм үр дүнд хүрлээ. Ингээд аятайхан болчихлоо” гэх хүн тун ховор. Гэхдээ манай сайд, дарга нарын сайхан үг яриаг сонсоход ямар гоё байдаг гэж санана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд уран гоё донгодно. Харин хийсэн ажил, тодорхой үр дүн тун бага. Энэ бүхний тод жишээ, тодорхой баримт гэвэл миний хэдэн сар явж, олон сайд дарга нарын үүд сахиж, хол ойроор тэнэж байж бичсэн “Аврал эрэн мэлтрэх Тосон нуур” гэдэг цуврал сурвалжлага, тэмдэглэл, ярилцлагуудын эцсийн үр дүн бэлээхэн харуулж байна. Би цаашид бас олон асуудлыг тодорхой баримтаар баталж хэдэн зуун хуудас ч бичиж чадна. Гэвч өнөөгийн нийгэмд тэгж суухын хэрэг байгаа юм уу гэсэн бодол намайг тойрон эргэлдэх юм. Цөхөрч байгаа нь тэр болов уу. Монголын төр, засгийн бодлого, үйл ажил өнөөгийн дүр төрх, сайд дарга нар, түшмэдүүдийн нийтлэг зүс царайг өнгөцхөн ажиглахад нэг иймэрхүү маягтай. Ухаантай нь санаа авч, урагшгүй нь уурлах биз. Харин хэн нь мэдэмхийрч худлаа залдаг, бэлэн амладаг, хэн боломж бололцооныхоо хэрээр зүтгэж хэлсэн амандаа хүрдгийг улирах цаг харуулах биз. Хүлээх л үлдлээ... Хүлээхийн зовлон ч яггүй дээ. Нэмэлт бяцхан тэмдэглэлийг 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр хийв” гэжээ.
Монголын нийгэм дэх эмх замбараагүй байдал, эзэнгүйдэл ба задгайрал, сахилга, дэг журмын сулрал, хүн бүр улс эх орон, нийгмээ бус хувиа хичээх болсон өнөөдрийн дүр зургийг хурцаар илчлэн шүүмжилжээ. Цөхөрч байгаагаа ч нуулгүй хэлсэн байна. Гэхдээ Монгол дандаа ийм байхгүй байхаа. Өөрчлөгдөн шинэчлэгдэж л таарна. Үүнийг ч зохиогч өөрөө мэдэж мэдэрч байгаа нь үсрэнгүй хөгжилтэй Японы тухай бичсэн цуврал тэмдэглэлээс нь харагдаж байна. Япон орон, түүний хөгжил дэвшил монголчууд бидний тэмүүлэл мөн. Хүрэх ирээдүй-өнөөдрийн Япон гэдэгт итгэлтэй байна. Япон орон, япон хүний тухай анхны тэмдэглэлийг өнгөрсөн зууны тавиад онд Цэндийн Дамдинсүрэн гуай бичсэн байдаг. Түүнээс хойш хорь гучаад жилийн турш монголын зохиолч, сэтгүүлчдийн нэг ч бүтээл гараагүй. Учир нь манай уран бүтээлчид Арлын Японд хөл тавьсангүй. Аз болж 1990 онд анхны дөрвөн сэтгүүлчийг Япон Улсад бүтэн сарын хугацаагаар зочлуулахад бүрэлдэхүүнд нь би багтаж билээ. Үр дүнд нь “Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө” хэмээх нийтлэлийн ном бичиж 15 мянган хувиар хэвлүүлсэн юмдаг. Япон оронтой монголын уншигчдыг ойртуулж танилцуулсан анхны нийтлэлийн ном болсон. Залгуулаад ерээд оны сүүлчээр хэсэг сэтгүүлч Токиод зочилж “Хөх толбо” сонины Б.Эрдэнэбаатар “Монгол-дээвэргүй шорон” нэрийн дор цуврал тэмдэглэл гаргасан санагдана. Монгол, Японы хөгжил, ардчилал, эрх чөлөөг харьцуулж бичсэн. Харьцуулбал хэлж ярих юм бишгүйдээ бий л дээ. Учир начрыг нь олж зөв харьцуулж бичихэд л хамаг учир байгаа юм.
Японы түүх соёл, зан заншил, өчигдөр ба өнөөдрийнх нь бодит байдал, өндөр хөгжлийнх нь учир утга, түүний дотор Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны талаар харьцангуй тулхтай нийтлэл бичсэн зохиолч, сэтгүүлчийн тоонд би Сүрэнгийн Зэвсэгийг зүй ёсоор оруулна. Тэрбээр “Миний мэдэхийг хүсдэг Япон орон” (2007), “Хөгшин Европоос хөх арлын оронд” (2007) хэмээх хоёр чамбай ном бичсэн билээ. Мөн энэ сэдвээр олон нийтлэл бичиж төвийн сонинуудад нийтлүүлсэн хүн. Тэдгээрийнхээ нэг хэсгээс эл номонд түүвэрлэн оруулсан байна. Ингэсний учир утга нь Японы ийм сайн зүйлээс суралцмаар байна, энэ туршлага нь бидэнд хэрэг болно гэсэн бодол сэтгэл буй заа гэж би хувьдаа ойлгож байна. Ялангуяа Японы томчууд, Монголд сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудтай хийсэн түүний ярилцлага онцгой анхаарал татдаг юм. Зохиогч өөрийнхөө шинэ номонд “Хүчирхэг Абэгаас үлгэр аваач” (Зууны мэдээ” сонин, 2013.3.28, № 75, 76), “Хүчирхэнг Абэ буюу “Эрч” (”Зууны мэдээ” сонин, 2013.4.2, № 80), ноён Элчин сайд Ичихаши Ясүёшитэй хийсэн ярилцлага, тэрчлэн Японы тухай өөрийн бичсэн номын талаарх “Монголын хоцрогдол ертөнцийг аврах ч юм билүү” (”Үнэн” сонин, 2006.5.26, № 104) зэрэг бүтээлээ сорчилж түүвэрлэн оруулсан байна. Ахин дахин уншиж авах гээхийн ухаанаар хандахыг эх орон нэгтнүүддээ уриалж байх шиг санагдав.
“Хүчирхэг Абэгаас үлгэр аваач” өгүүлэлдээ түүнийг дэгжин ганган улстөрч, хувцсаа зөв сонгох, зангиагаа хээнцэр зангидах талаараа алдартай гэж тодотгоод эрч хүчтэй, эрэмгий зоригтой, эх оронч хүн, аливаад ёс зүйг чанд баримталдгаараа япончуудын дунд их нэр хүнд олсон гэж магтсан байна. Либераль Ардчилсан Намын тэргүүнээр сонгогдоод “Мөрөөдлийн галаа таслахгүй, шинэчлэлийн бамбарыг үргэлжлүүлэн авч явна” гэж хэлснийг нь онцлон иш татжээ. “Өсөлт хөгжилт байхгүй бол Японд ирээдүй байхгүй. Техник, технологийн шинэчлэлд тулгуурласан эдийн засаг л Японыг аварна. Хэн ч зүтгэхэд зорьсондоо хүрдэг ээлтэй нийгэм байгуулахын төлөө ажиллана. Орон нутаг хөгжиж байвал улс орон хөгжинө. Тиймээс орон нутгийг хүчирхэг болгох бодлогыг хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлийг орон нутгаас эхэлнэ” гэж хэлснийг зохиогч онцлон тэмдэглэжээ. Үүнийг монголчууд уншаасай. Монгол Улсын төр, засгийн өндөрлөгүүд, сайд дарга нар, Улсын Их Хурлын гишүүд болоод орон нутгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд ийм санаа бодол төрөөсэй билээ гэсэндээ С.Зэвсэг ийнхүү онцолж ишлэж авсан байх. Орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй, улс орны хөгжил дэвшил аймаг, сум, багийн хөгжлөөс эхэлнэ. Японы үсрэнгүй хөгжлийн нэг нууц үүнд байдаг юм байна гэж анхааруулан сонордуулжээ.
“Монгол орноо мандуулъя”, “Бид эх орондоо хайртай” зэрэг уриа лоозон Улаанбаатарт энд тэндгүй бий. Удирдагчдын маань амнаас ч ийм уран цэцэн үгс бишгүйдээ унадаг. Улс орон бүрт, түүний дотор Японд ч ийм хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг гэдгийг зохиогч нийтлэлдээ хэлжээ. Тэд “Сайхан орон-Япон”-ыг бүтээн байгуулахын төлөө бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж байдаг аж. Энэ “сайхан орон” гэсэн ойлголт нь өөртөө дараах үндсэн шинж чанарыг “Нэгд: соёл, уламжлал, байгаль орчин, түүхийг эрхэмлэсэн. Хоёрт: Эрх чөлөөт нийгэмд тулгуурласан сахилга бат, дэг журмыг мэдэх эрхэм дээд улс, Гуравт: ирээдүй өөд хөгжиж дэвших хүчтэй улс. Дөрөвт: Дэлхий нийт итгэж хайрладаг удирдагчтай улс... байх болно” гэж Абэ Шинзогийн амаар хэлүүлсэн байна. Соёл түүх, уламжлал, байгаль орчноо эрхэмлэсэн, сахилга бат, дэг журмыг дээдэлсэн улс. Ирээдүй рүүгээ зүтгэн тэмүүлж хөгжин дэвжих хүчтэй улс. Дэлхий нийтийн итгэл хүндэтгэлийг даах удирдагчтай улс байна гэжээ. Сайхан Япон орныг үүнгүйгээр бүтээн байгуулах боломжгүй гэсэн байна. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж Шинзо Абэ үзэж буй аж. “Үзэсгэлэнт Япон орны зүг” хэмээх ном хүртэл бичжээ. Япон даяар шуугиан тарьсан тэрхүү номыг нь судлаачид “Энэ ном зөвхөн Абэгийн бүтээл төдийгүй боловсорсон орчин цагийн нийгмийн бүтээл боллоо” гэж өндрөөр үнэлсэн байна. Зохиогч энэ бүхнийгээ эцэст нь нэгтгэн дүгнээд хүчирхэг Абэгаас үлгэр аваа ч, түүнээс бүтээлчээр суралцаа ч гэж уриалсанд нийтлэлийн үндсэн агуулга, ач холбогдол оршино. Уг сэдэвт С.Зэвсэг ахин дахин анхаарал хандуулсан байх агаад 2013 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад айлчлах үеэр нь “Хүчирхэг Абэ буюу эрч” нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд бас нийтлүүлсэн байна.
Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанаас “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд дэвжин дэвшиж байгаад зориулж бичсэн уг өгүүлэлд нэг биш шинэ санаа агуулагдах аж. Монголд айлчлахынхаа өмнөхөн Япон Улсын Ерөнхий сайд Монгол Улс, монголын ард түмэнд мэндчилгээ илгээжээ. Хань нөхрийн халуун дотно сэтгэлээр бичигдсэн тэрхүү илгээлт мэндчилгээнд “Хүйтний эрч суларч эхлээд буй Монгол Улсад айлчлан сакура цэцэг дэлгэрсэн Японы уур амьсгалыг манай хоёр орны харилцаанд бүрдүүлэхийг хүсч байна” гэсэн онц содон үг өгүүлбэр нүд булааж байна. Ингэж айлчлалын өмнө илгээлт мэндчилгээ дэвшүүлж байсан тохиолдол урьд өмнө нь улс орнуудын харилцааны практикт гарч байгаагүйг зохиогч онцолжээ. “Эрх чөлөө болон ардчилал”, “Энх тайван” ба “Харилцан туслалцах” гэсэн гурван үзэл санаа бол Япон, Монголын харилцааны тулгуур багана юм. Энэхүү үзэл санаанд тулгуурлаж хоёр орныг үсрэнгүй хөгжилд хүргэхийг хүсч энэ удаагийн айлчлалаа Монголд хийхийг хүссэн гэдгээ Шинзо Абэ илгээлт мэндчилгээндээ онцлон тэмдэглэжээ. Энэ бол маш чухал санаа, их том агуулгыг илэрхийлж байна. Япон Улсаас Монгол Улсад суугаа дөрвөн ч Элчин сайдтай С.Зэвсэг уулзаж ярилцлага хийсэн байдаг. Тэдгээрт сонин, содон санаа бишгүй бий. Зөвхөн нэг ярилцлагаас нь энд иш татъя. 2006 онд тэрбээр Элчин сайд ноён Ясуёши Ичихашитай хөөрөлджээ. Ноён Элчин сайд “Японд амжилтын туршлага, бас алдааны сургамж аль аль нь байгаа. Та бүхэн авах гээхийн ухаанаар хандаарай” гэсэн байх юм. Ийм үг анд нөхдийн амнаас л гарна. Тэр вээр цааш нь “Гадаадаас импортлон авч байгаа бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлийг эх орондоо түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Улмаар экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй. Танайх ашигт малтмалаар баян орон. Гэхдээ энд анхаарах юм бий. Ашигт малтмалаас хэтэрхий хамааралтай эдийн засгийн хөгжлийн замыг сонговол буруудна. Аюултай. Энэ нь аж үйлдвэрлэлийн бусад салаа мөчрийг хөгжүүлэх замыг хаадаг юм. Үүнд би санаа ихэд зовинож байна. Зах зээлийн эдийн засаг нь бүх зүйлийг өөрөө зохицуулж чадахгүй. Зохицуулалтгүй, хяналтгүй зүйл гэж байх учиргүй. Социалист гэгдэгч улс орнуудад сайн юм бас байсан. Жишээ нь төлөвлөгөөт эдийн засгийн хөгжил гэх мэт. Зарим судлаачид Японыг зах зээлийн эдийн засгийг социалист хэлбэрээр хөгжүүлсэн орон гэдэг. Үүнийг би буруу гэж үгүйсгэдэггүй. Энэ бол сургамж авууштай, анхаарууштай туршлага. Японд нэрд гарсан эдийн засагч Тачабана гэдэг хүний гаргасан онол юм шүү. Япон Улсын чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэн түүхийг сөхөж үзэх юм бол ЗХУ-ын эдийн засгийн арга туршлагаас олж харж ажиглаж суралцсан, авч хэрэглэсэн, шууд хуулбарласан зүйл цөөнгүй бий. Ерээд онд Монгол Улс зах зээлд шуурхай шилжиж төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсан нь алдаа болсон байж болзошгүй. Гол гол салбарууд тус тусдаа дур дураараа явах болсон нь сайн үр дүнг яавч өгөөгүй. Салбар хоорондын зохицуулалт, хяналтын тогтолцоо, нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй шүү” гэж тэр хүн хэлсэн байх юм.
Үүнийг монголчууд бодох ёстой ч эргэцүүлж бодохыг хүсэхгүй байх шиг байна. Би үүнийг хэлээгүй ээ, юм мэддэг, зовлон жаргалыг туулж хөгжлийн өндөрлөгт хүрсэн Япон орны иргэн ингэж хэлж байна гэж зохиогч анхааруулан учирлажээ. Юм үзэж, нүд тайлсан сэтгүүлчийн амнаас ийм үг унана гэж би бодож байна. Амьдралд нухлагдаж элдүүр нь нэгэнт ханасан хүний өрөм тос мэлтэгнэсэн өгөөмөр сайхан чин сэтгэлийн үг гэлтэй. Сүрэнгийн Зэвсэгийн нийтлэлүүдийг уншихад алтай нутгийн аагтай нуугисан өтгөн шаргал цай ууж байх шиг санагддаг. Бүлэлт нь бүрэн гүйцсэн, намар цагийн говь, хангайн уруул чимчигнүүлж уушиг сэнгэнүүлсэн хүйтэн айраг залгилах шиг болдог. Энэ бол оюун санааны аугаа их үнэт тэжээл юм. Түүнийг үйлдвэрлэж, нийгэмд нийлүүлнэ гэдэг нийтлэлчийн том чадвар. С.Зэвсэгийн “Өнөөгийн өнгө төрх” ном нь монголын сэтгүүл зүйн асуудал дэвшүүлсэн өгүүллийн хөгжлийн өнөөгийн дүр төрхийг хурц тодоор илэрхийлсэн чамбай сайн бүтээл болсныг онцлон тэмдэглэж байна.
1-р хэсгийг ЭНД дарж уншина уу.
Тугалхүүгийн Баасансүрэн (Сэтгүүл зүйн судлаач, доктор профессор)
Улаанбаатар. 2018 оны тавдугаар сарын 12-13
Сэтгэгдэл ( 1 )
eh shiir alag