Д.Хаянхярваа: Таван тэрбум төгрөг УИХ-ын гишүүдийн мөнгө биш

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

УИХ дахь МАН-ын бүлгийн  хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-2019 оны төсөвт УИХ-ын гишүүдийн гэх тодотголтой таван тэрбум төгрөг тойрог бүрт нь тусгагдсан тухай яригдаад байна. Үнэн үү?

-УИХ-ын гишүүд тойрогтоо очиж иргэд, орон нутаг, аймгийн удирдлагуудтайгаа уулзсан., санал сонссон. Одоо Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг дээр ойлголцолд хүрээд явж байна. Тойрогтоо гишүүд таван тэрбум төгрөг аваад, АН-ын гишүүдийн  тойрогт мөнгө өгсөнгүй гэсэн яриа гарсан. Таван тэрбум төгрөг гишүүдийн мөнгө биш. 76 жижиг тойрогтой. Тойрог бүрт өөрийн онцлог, бэрхшээлүүд бий. Тойргийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор төсөвт таван тэрбумыг суулгаж байгаа. Орон нутгийн удирдлагуудтай ярилцаад шийднэ. Түүнээс биш УИХ-ын гишүүн хуваарилалтад нь оролцохгүй. Гүйцэтгэлд нь хяналт тавих ёстой.

-Увс аймагт 52.8 тэрбум төгрөг хуваарилсан тухай шүүмжлэл гарсан?

-Төсвийн Ажлын хэсгээс ийм асуудал гаргасан юм билээ. Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсөв  тавигдсан. Намын мөрийн хөтөлбөрт туссан бүс нутгийн чанартай ажил, төсвийн Ерөнхийлөгчийн захирагч нарын төсөв зэрэгт тусгагдсан мөнгө юм билээ. Ажлын хэсгийнхэн  нягталж, танилцуулна.

-Цалин, тэтгэврийг хэзээнээс нэмэхээр төсөвт тусгагдаж байгаа вэ?

-Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 700 тэрбум төгрөг төсөвлөгдөөд явж байна. Төсвийн төслийг хэлэлцэх шатанд хэдийнээс нэмэх вэ гэдгийг  тодорхой болгоно.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд мөнгө тусаагүй гэсэн шүүмжлэл гарлаа?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 2018 онд 65 тэрбумыг суулгасан. 2019 онд 50-100 тэрбумыг төвлөрүүлэх нь зөв гэсэн саналын цөөнгүй гишүүн гаргасан. Ажлын  хэсэг дээр ярина.

-Янданд  утааны шүүлтүүр суулгахад 54 тэрбумыг зарцуулна гэсэн нь хэр зохимжтой вэ?

-УИХ-ын гишүүд  шүүмжлэлтэй хандаж байгаа.  Утаагүй түлш, зуух гээд арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн. Шүүлтүүрийг туршилт хийгээд хэрэгжүүлэхээр  шийдвэрлэж байгаа гэж харж байна. Олон улсын байгууллагаас баталгаа гаргуулж хийх ёстой байх. Тэгэхгүй бол сүржин яриа, даржин төгсгөл болох вий.  

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top