Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал  энэ сарын 12-нд болов. Хурлаар төлбөрийн тэнцэл, гадаадын хөрөнгийн байршил, гадаад өрийн өнөөгийн байдлыг авч хэлэлцээд экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ дэх Монголоос гаралтай хүчин зүйлс, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын зээл хөрөнгө оруулалтыг үндэсний үйлдвэрлэл, суурь дэд бүтэц, ажлын байрны тоог олшруулахад бодлогоор чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монголбанкнаас нэгтгэн өөрийн веб хуудсанд нээлттэй мэдээлж буй гадаад төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалт, гадаад өрийн тайлан мэдээлэл нь олон улсын жишиг стандартад нийцсэн, бодлого боловсруулагчид, судлаачид, багш оюутан нарын  гарын авлага болдгийг онцлон тэмдэглэж, жирийн иргэдэд илүү ойлгомжтой болгох талаас анхаарахыг зөвлөв. Экспортын үйлдвэрлэл, нэр төрлийг олшруулахад мөнгө, сангийн бодлого хэрэгслээр дэмжих нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах суурь нөхцөл мөн болохыг Монголбанкны хяналтын Зөвлөлийн гишүүд онцлон тэмдэглэв.

Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавьдаг хяналт шалгалт, эрсдэлийн талаар Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы мэдээлэл нь агуулга, бодлого сайтай боллоо гэж үзлээ.  Банкууд иргэд, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг ашиглан санхүү зээлийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтойн хувьд тэдний нэр хүндийг өндөрт өргөж, олон нийтэд бодит мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллах талаарх Монголбанкны хүчин чармайлтыг сайшаав. Зээлийн эргэн төлөлтийг хангахад тухайн зээлдэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн худалдан авалт зэргээр дэмжиж ажиллах талаар холбогдох газруудтай хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар Санхүүгийн мэдээллийн албаны захирал Х.Батчулууны сонсголыг авч хэлэлцээд тус албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, Олон улсын байгууллага, Монголын холбогдох байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилтийг гаргаж танилцуулахыг зөвлөв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон эрсдэлийг нарийвчлан тогтоох, оролцогчдын хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөв.

Мөн түүнчлэн Монголын нутаг дэвсгэрт аливаа гүйлгээг төгрөгөөр хийх тухай хуулийн заалтын хэрэгжилт, холбогдох судалгаа, мэдээлэл болон Хяналтын зөвлөлөөс санаачлан мэргэжлийн хүмүүс, байгууллагын оролцоотой хийж буй “Төгрөгийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийг хангахад тэргүүлэх ач холбогдол” бүхий судалгааны талаарх мэдээллийг сонсов гэж Монголбанкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page