ЦУВРАЛ II: “ГАЦУУРТ” ордыг худалдсан ”Сентерра Гоулд”-ын наймаатай холбогдох ТАВАН СЭЖИМ

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

“Сентеррагоулд Монголия” компанийн мэдэлд байсан “Бороо Гоулд” уурхай болон баяжуулах үйлдвэр, “Гацуурт” алтны төслүүд  Австралид төвтэй OZD CAPITAL компанийн мэдэлд шилжсэн тухай мэдээллийг манай сайт анхлан мэдээлсэн. 35 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 90 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ХЭЛЦЭЛ-ийг компаниуд хооронд эцэслэн, тохирсны цаана "Гацуурт" гэх стратегийн ордын асуудал зайлшгүй яригдах ёстой. Тиймээс уг төслийн эрхийг атгах болсон OZD ASIA компанийн монгол талын удирдлага хэн болох, ер нь цаад угшил нь хаанах байж болох талаар бид хөндөн нийтэлсэн билээ. Түүнчлэн OZD ASIA болон толгой компани OZD CAPITAL гэж чухам ямар компани болох тухай, худалдах, худалдан авах үйл явц чухам хэрхэн өрнөсөн талаар, дээрх компанийн ард чухам хэн байгаа вэ гэдгийг манай сурвалжлах баг цувралаар бэлтгэн хүргэж байна.


НЭГ: 130 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН "ГАЦУУРТ"-ЫН ОРД 90 ТЭРБУМААР...

Канад Улсын Торонто хотод төвтэй "Сентерра Гоулд" компани Америкийн алт олборлогч тэргүүлэх компанид тооцогддог. 21 жилийн өмнө Монголд орж ирж, хайгуул эхлүүлж байсан тус компани 2003 оноос Бороогийн ордоос олборлолт хийж эхэлсэн түүхтэй. 2017 он хүртэлх хугацаанд улсын төсөвт 341 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэж компанийн зүгээс мэдэгддэг.

Нэг зүйл анхаарал татаж буй нь “Сентерра гоулд” компани өөрийн мэдлийн төслүүдээ худалдах үйл ажиллагааг 2017 оноос эхлүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн эхээр Дорнод аймаг дахь “Алтан цагаан овоо” орд төслөө “Steppe gold” компанид 21.78 сая ам.доллараар худалдсан байдаг. “Steppe gold” компани алт, мөнгөний ордын төслийг эзэмших болсныхоо дараа Торонтогийн хөрөнгийн биржид IPO гаргаж, анхдагч зах зээлийн арилжаагаар 25 сая канад доллар татан төвлөрүүлж байсан. Энэ оны тавдугаар сарын 22-нд Торонтогийн хөрөнгийн бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж, хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлээд буй юм.

“Сентерра Гоулд” компани Монгол дахь төслүүдээ орхисон шийдвэрийнхээ талаар "Бизнесийнх нь ирээдүйд тустай зүйл боллоо" гэсэн байр суурийг гүйцэтгэх захирал Скотт Перри илэрхийлээд буй. Өнгөрсөн олон жилүүдэд "Гацуурт" төслийг хөдөлгөхийн тулд улстөрчидтэй, нийгмийн хөдөлгөөнүүдтэй ойлголцох гэж түмэн арга хэрэглэсэн “Сентерра Гоулд” ийм хандлага гаргаж буй нь анхаарал татаж байгаа. Зөвхөн "Гацуурт" төслийн хайгуулын ажилд 130-аад тэрбум төгрөг зарцуулсан тус компани 90 орчим тэрбумаар эзэмшлийн төслөө зарсан нь улам эргэлзээ төрүүлмээр.



ХОЁР. "СЕНТЕРРА ГОУЛД"-ЫН МОНГОЛ ДАХЬ БИЗНЕСИЙГ АВСАН

"OZD CAPITAL" ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ?

Тэгвэл дээрх төслүүдийг 35 сая ам.доллар буюу 90 орчим тэрбум төгрөгөөр худалдан авсан компани нь Сингапурт төвтэй OZD ASIA компани. "Сентерра Гоулд"-аас "Гацуурт" төслийг худалдахаар зарлахад гурван компани санал өгсний нэг нь төдийлөн олонд танил биш компани байсан нь OZD ASIA компани юм.

"Сентерра Гоулд"-ын албан мэдээнд дурьдсан OZD ASIA компанийн талаар Сингапурын бизнесийн зөвлөлд бүртгэгдсэн мэдээллээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга. Харин Австралийн Брисбан хотод төвтэй OZD Capital гэх толгой компани 2015 онд цахим хуудсаа нээжээ.  Гэхдээ дээрх цахим хуудаст байх дөрөвхөн мөр мэдээлэлд  хувьцаа эзэмшигчдэдээ үр өгөөжөө өгөх зорилготой уул уурхайн болон төмөрлөгийн төслүүдэд хөрөнгө оруулдаг, үйл ажиллагааг нь дэмждэг гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Австралийн бизнесийн зөвлөлд дурьдсан мэдээллээр 2016 оны дөрөвдүгээр сард бүртгэгджээ.

Сонирхож үзэхэд, Сингапурт бүртгэлтэй хаяг нь Мадейра буюу амралтын төв, тансаг зэрэглэлийн орон сууц, албан өрөө байрладаг гурван тусдаа байгууламж бүхий цогцолбор юм.

Букит Баток 31 дүгээр гудамж, Мадейра цогцолборын 50 буюу 659442 нь 28 давхар бүхий цогцолбор бөгөөд эхний давхруудад төрийн захиргааны байгууллагууд, дээд давхарт тансаг зэрэглэлийн хувийн өрөөнүүд байдаг ажээ. Ихэвчлэн 1.7-2.8 сая сингапур доллароор худалдаалагддаг байна. Түрээсийн төлбөрөөс шалтгаалаад 2-3 жилийн хугацаагаар хөлсөлдөг аж.

Монгол дахь төслөө худалдсан талаарх албан мэдээлэл ил болохоос бүр өмнө буюу 2018 оны есдүгээр сарын 23-ны өдөр "Сентерра Гоулд Монголия" компани албан ёсны пейж хуудсандаа 2004-2017 оны хооронд улсад төлсөн татварынхаа тухай дүгнэсэн дээрх постыг оруулж байж. Улмаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, нөхөн сэргээлтийн тухай цувралаар хүргэж байжээ.


ГУРАВ: OZD ASIA КОМПАНИЙН АРД ХЭН БАЙНА ВЭ?

Нэгэнт Монголын стратегийн ордыг худалдан авсан учир ямар үүсэл гаралтай, ямар эзэмшигчтэй компани гэдгийг судалж үзэх нь тодорхой. Тэгвэл OZD ASIA гэх тус компани гурван захиралтай бөгөөд Монголын талын захирал Эрдэнэбаатарын Дөлгөөн гэдэг нь хэвлэлээр нээлттэй болсон. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, БНХАУ-д их сургуулийг тус тус төгсчээ. Улмаар англи хэл дээр хэвлэгддэг "UB Post" сонинд ажиллаж байгаад Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байхад туслахаар, Ерөнхий сайд болсны дараа зөвлөхөөр нь ажиллаж байжээ.

Түүнчлэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгсний дараа буюу 2015 оноос эхлэн Э.Дөлгөөн нь “Улаанбаатар капитал” ХХК-д тодорхой албан тушаал эрхлэн, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.

“Улаанбаатар Капитал” ХХК нь Банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2010 онд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хэдий ч 2017 оныг хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны аравдугаар сард болсон ээлжит хурлаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг ажээ.


ДӨРӨВ: "ГАЦУУРТ"-ЫН НАЙМААНД ХХБ ОРОЛЦСОН УУ?

Дөрөв дэх засаглалын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакци хардах эрхтэй гэдэг. Тэгвэл энэ эрхийнхээ хүрээнд олж авсан мэдээлэлд тулгуурлан стратегийн орд "Гацуурт" төслийг зарсан наймааны ард Худалдаа хөгжлийн банк байгаа юм биш биз гэсэн хардлага үүсч байна. 

Нэгт ОZD ASIA-гийн Монгол талын захирал гэх Э.Дөлгөөн нь "Улаанбаатар капитал" ХХК-д тодорхой албан тушаал хашдаг. Тэгвэл тус компанийн хөрөнгө оруулагч нь Улаанбаатар хотын банк. Харин Улаанбаатар хотын банкны 99.9 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Тэрбээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга. 2010 онд байгуулагдсан, ББСБ-ийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулалгүй зөвшөөрлөө цуцлуулсан "Улаанбаатар капитал" ХХК дангаар "Гацуурт"-ын ордыг худалдаж авах хэлэлцээрт хувь оруулах эдийн засгийн чадамж бий юу гэдэг эхний хардлага юм. "Сентерра Гоулд"-тай хэлцэл хийсэн ОZD ASIA хэдий гурван захиралтай ч орд худалдаж авсан нийт дүн 90 тэрбум төгрөг гэдгийг энд дахин сануулья. 

Хоёрдугаарт, Э.Дөлгөөн нь "Нейшнл ньюс корпорейшн" группийн "Засгийн газрын мэдээ" сонины ТУЗ-ийн дарга Э.Долгионы төрсөн дүү гэдэг нь баримтаар нотлогдож байгаа.

Ах Э.Долгионы удирдаж буй "Засгийн газрын мэдээ" сонины толгой байгууллага "Нейшнл ньюс корпорейшн" нь Худалдаа хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдгийг ЭНД бичжээ. Харин дүү нь Худалдаа хөгжлийн банкны 99.9 хувийн хөрөнгө оруулалттай Улаанбаатар банкны охин компанид ажилладаг.



ТАВ. ЗАСГИЙН ГАЗАР СТРАТЕГИЙН ОРДТОЙ ХОЛБОГДОХ НАЙМААНД

АНХААРЛАА ХАНДУУЛАХ УУ?

"Гацуурт"-ын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тогтоолыг УИХ  2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Харин Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 34 хувь байх тогтоол дараа жилийнх нь хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар батлагдаж байв. Улмаар Ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсэг ордыг эзэмших, Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар “Сентеррагоулд Монголиа” ХХК-тай хэлэлцээр хийж байсан ч зогссон юм.

1997-2006 оны хооронд  Гацууртын ордын хайгуулд 50 орчим орчим сая ам.доллар зарцуулсан гэж “Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн зүгээс мэдэгддэг. Гацууртын орд бол өндөр алтны агуулга бүхий хүдэртэй, нөөцийн хэмжээ 70 тонн, цаашид өсөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

"Гацуурт" орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт буюу Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км-ын зайтай оршдог. “Ноён уулаа аваръя” зэрэг иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн зүгээс мэдэгдэхдээ "Гацуурт" ордыг түшиглэх уул уурхайн үйл ажиллагаа  нь монголчуудын түүх, өв соёлд заналхийлж байна гэж мэдэгддэг. Тэрчлэн “Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн эзэмшдэг 4 лицензийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Уг асуудалд одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа.

Харин “Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн зүгээс мэдэгдэхдээ "Гацуурт" орд орон нутгийнхны шүтдэг Ноён уулаас 5 км, Хүннүгийн алдарт булш, эд өлгийн зүйл олдсон газраас 7.5 км-ийн зайд оршдог, тиймээс танайхны өв соёлд харшлахгүй гэсэн зүйлийг хэлдэг.

Дашрамд өгүүлэхэд, Гацууртын алтны шороон ордыг 1992 онд, үндсэн ордыг 1998 онд тус тус илрүүлсэн байдаг. “Гацуурт” компани шороон ордыг нь 1992-2000 оны хооронд олборлосон бөгөөд тус ордод ямар нэгэн нөхөн сэргээлт огт хийгдээгүй. Төсөл хэрэгжиж эхэлбэл нийт 707 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, алт ялгаж авах шинэ технологи нэвтрүүлж, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийнэ гэсэн мэдээллийг “Сентеррагоулд Монголиа” ХХК-ийн зүгээс өгч байв.

Тиймээс төр 34 хувийг нь эзэмшдэг стратегийн ордын энэхүү гэнэтийн наймаанд Засгийн газар анхаарлаа хандуулж буй эсэх нь сонин байна. Мөн хэрэв энэхүү хэлцэл, наймааны санхүүжүүлэгч нь Худалдаа хөгжлийн банк мөн бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авсны дараах дахин нэг томоохон наймааг хийсэн гэсэн үг болох нь. Энэ тохиолдолд Худалдаа хөгжлийн банк нь банк уу, эсвэл хөрөнгө оруулагч уу гэж эргэлзэхэд хүргэхээр байгаа юм. Тун саяхны албан бус мэдээгээр төрөөс хагас их наядаар хэмжигдэх хөрөнгө мөнгийг нэр бүхий банкуудад  "зузаатгал" -аар өгсний дотор Худалдаа хөгжлийн банк багтсан гэх...

Эхний ээлжийн мэдээллийг задлан дүгнэхэд ийм зураг гарч байна. Цаашид уг наймаа хэлцлийг үргэлжлүүлэн судалж, сурвалжлах болно.

 

Э.БОЛОР, Б.АЗЗАЯА, Б.ЦОГ

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Өмнөх нийтлэл:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.88) 2018 оны 10 сарын 17

munkhnaran eej

0  |  0
Top