Та хоолны 10000 төгрөгөөсөө хүүхдэдээ 1000 төгрөг илүүчлэхгүй биз!

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Цэцэрлэгт өдрийн турш өгөх хоол, хөнгөн зууш нь хүүхдийн өсөлт хөгжил болон эрүүл амьдрахад хэрэгцээтэй хоногийн нийт илчлэг, тэжээлийн бодисуудын 80%-ийг хангах ёстой байдаг. Одоогийн байдлаар хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 08-ны 113 дугаар тушаалын дагуу тооцон олгож байна. Хүүхдийн байгууллагуудад хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлтгэн үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд 1,200 ккал, 4-6 настай хүүхдэд 1,600 ккал, 7-10 настай хүүхдэд 2,000 ккал, 11-14 настай хүүхдэд 2,100 ккал, 15-18 настай хүүхдэд 2,300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцжээ.

 Гэхдээ бага насны хүүхдийн авах ёстой тэжээллэг бодисын 80  хувь нь цэцэрлэгийн хоолноос хамааралтай учир эцэг, эхчүүд ч анхааралтай хандах нь зүйтэй. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны 41 хувийг төр, үлдсэнийг нь эцэг, эх хариуцдаг байсан бол 2009 оноос энэ байдлыг өөрчилж, төрөөс хоолны мөнгийг нь 100 хувь хариуцдаг болсон.

Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал төрийн өмчит цэцэрлэгүүдэд 1,650 төгрөг, сувиллын, тусгай 24 цагийн цэцэрлэгт 2,400 төгрөг /Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоол, Хоолны зардлын дундаж норматив/ байна.  Гэвч ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай уураг, эрдэм, амин дэм агуулсан тэжээллэг хоол өгөх боломжгүй. Жишээлбэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, сургалтын хяналтын хэлтсийнхэн 2017 оны гуравдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 23-нд төрийн 52, хувийн өмчийн 70 цэцэрлэгт шалгалт хийжээ. Тэгэхэд өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт хийх зорилгоор төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос дээж авч шинжлүүлэхэд хоолны илчлэг 1928-2628 ккал буюу норм хэмжээндээ байгаа ч шимт бодисын хэмжээ нь хүрээгүй юм.

Шимт бодист уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис, ус зэрэг багтана.

Эдгээр нь хүүхдийн махбодын өсөлт, хөгжилт, үйл ажиллагаанд амин чухал үүрэгтэй бөгөөд тэдгээр нь өөр өөрсдийн онцлог, чанар үүрэгтэй байдаг.  Мөн хоол, хүнсэнд зохистой харьцаатай байх нь нэн чухал юм. Хоол хүнсээр эдгээр шимт бодисыг хэт их, эсвэл дутагдалтай, нөгөө талаар хоорондын харьцаа алдагдсан хэлбэрээр авах нь эргээд хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлбэг байна.

-ХҮҮХЭД ХЭРХЭН ХООЛЛОХ ЁСТОЙ ВЭ?-

Цэцэрлэгт хүүхэд өдөрт ДӨРВӨН цагийн зайтай ГУРВАН удаа хооллох бөгөөд ямар нэг хоол тэжээлийн хамааралт эмгэгтэй бол  4-5 удаа хооллоно. Өглөө, өдөр, үдийн дараах хөнгөн хоолыг цэцэрлэгт өгч, оройн хоолыг гэрт нь хөнгөн хоол өгөх ба тэр өдөр цэцэрлэгт махан хоол өгсөн бол оройн хоолонд болж өгвөл мах багатай хоол өгвөл сайн. Үдээс өмнө буюу өглөө, үдийн хоолонд мах, өндөг, загастай хоолыг сүү, ногоо, жимстэй өгөх нь зохимжтой ба эдгээр нь уургаар баялаг тул ходоодонд удаан байж хоол боловсруулах шүүс ихээр ялгарах хэрэгтэй болдог учраас үдээс хойш, орой уургаар баялаг хоол өгөх нь зохимжгүй. Хоолноос 10-15 минутын өмнө унд өгнө. Өглөө болон өдөртөө хүүхдэд ус өгч сургах хэрэгтэй.

Үдээс хойш сүү, ургамлын гаралтай хоол өгөх нь зохимжтой бөгөөд орой унтах үед хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг. Тэгээд ч хоолны зөв дэглэм барьж сурах суурь болдог. Хоолны хооронд байнга юм иддэг бол өлсөх, цадах мэдрэмж үүсэхээ больж цаашид биеийн жин нэмэгдэх, таргалах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хэрэгцээтэй хоолонд дургүй болдог. Хооллолтын хооронд чихэр, гурилан боов өгөхгүй байх шаардлагатай. Харин өдөрт нэгээс хоёр удаа жимс, сүү цагаан идээг өгч болно гэж НЭМҮТ-ийн Хоол судлалын албанаас мэдээлсэн юм.

-ТАНЫ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ ХЭРХЭН ХООЛЛОДОГ ВЭ?-

Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардал 1650 төгрөг байдаг тухай дээр дурьдсан. 2018 оны хувьд улсын хэмжээнд 256,720 хүүхэд Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-д хамрагджээ. Үүнээс 220,049 хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдсан хэмээн Үндэсний Статистикийн газар /ҮСГ/-н мэдээлэлд бүртгэгдсэн байна. Энэ нь манай улсын 200 гаруй мянган хүүхэд шимт тэжээлийн дутагдалд орсон гэсэн үг юм. Цэцэрлэгүүд дийлэнхдээ өглөөний цай, өдрийн хоол, оройн цай гэсэн дарааллаар хүүхдүүдээ хооллодог байна. Энэ нь өглөө 08 цагаас оройн 18 цаг хүртэл буюу 9-10 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг хүүхдүүдийн хувьд хангалтгүй байдаг аж. Энэ тухай эцэг, эхчүүдээс тодруулахад, “Манай хүүхэд маш их өлсчихсөн гарч ирдэг. Шууд л юм идье гэдэг” хэмээсэн юм.

-ТӨРИЙН ЗҮГЭЭС ЯМАР ШИЙДВЭР ГАРГАЖ, ШИЙДЭЛД ХҮРЭВ-

2014 онд Шийдлийн Засгийн газрын зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, үүнийг талыг нь эцэг эхчүүдээс гаргуулах тухай бодлогын баримт бичиг боловсруулсан тухай УИХ-ын гишүүн А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулж байв. Гэхдээ олон нийтийн зүгээс “эрх баригчид, төрийн түшээд  улсын төсвийн хөрөнгөөр тансагладаг байдлаа хасаж чадахгүй байж хэдэн нялх үрсээс  хоолны мөнгө харамлалаа” гэх шүүмж нэлээд газар авсан учир тэгсгээд намжсан байдаг. Гэхдээ одоо энэхүү шийдвэрийг дэмжих эцэг эхчүүд нэлээд нэмэгджээ. Нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол хүнс хэрэглэнэ гэдэг маш хангалтгүй зүйл. Энэ мөнгөөр томоохон ресторанд аяга цай ч авч ууж чадахгүй шүү дээ гэцгээж байна.

Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, шаардагдах мөнгийг эцэг, эхчүүдээс авах саналыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамнаас гаргажээ.  

Хэрэв энэ санал дэмжигдвэл шаардагдах санхүүжилтийг эцэг, эхээс нь авахаас өөр сонголтгүй гэдгийг салбар яамнаас тайлбарласан юм. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээс авна гэсэн заалт бий. Тиймээс хуулийн дагуу хүүхдийнхээ дархлааг нэмж, өдөрт иддэг хоол, хүнснийх нь норм, нормативыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг эцэг, эх нь гаргах үүрэг хүлээж буй.

Энэ тухай БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаа “Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгөн дүнг 1147 төгрөгөөр нэмж,  өдрийн ангийн хүүхдэд 2797 төгрөг, 24 цагийн ангид суралцдаг хүүхдэд 3547 төгрөгийн хоол өгөх” тооцоолол гаргасан гэв.

Холбогдох яамны шийдвэр ийм байгаа ч шийдэлд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ бид эцэг, эхчүүд энэ саналыг дэмжих нь зөв юм.

Бидний дийлэнх нь дунджаар өдөрт 5000-10000 төгрөгөөр өдрийн хоол иддэг гэж бодъё. Харин хүүхэд тань бүтэн өдрийн турш цэцэрлэг дээрээ ердөө 1650 төгрөгийн хоол хүнс хэрэглэж байна. Хэрэв та өдрийн 1147 төгрөгийг өөрөөсөө гаргавал энэ тоо 2797 төгрөг болж өснө. Тэгэхээр та өдрийн хоолныхоо мөнгөнөөс өчүүхиэн хэсгийг нь илүүчилж чадвал таны хүүхэд өдрийн хоолноосоо хангалттай биш гэлээ ч авах ёстой шимт бодисынхоо дийлэнхийг авч чадна гэсэн үг юм. Тиймээс хүүхдээсээ 50 цент харамлахгүй байхыг эцэг, эхчүүддээ уриалж байна. Нөгөөтэйгүүр, сар бүр цэцэрлэгийн хоол, үйлчилгээнд мөнгө зарцуулах нь эцэг, эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, цэцэрлэгийн орчин, хандлага, хүнсний хэрэгцээнд дэмжлэг болох хөшүүрэг юм.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zolzaya(64.119.20.48) 2018 оны 10 сарын 18

1000 baitugai nemj ognoo huhed tsetserleg dre nere arail bish baga portstoi hool iddin bn lee zowshoorch bn

0  |  0
эсэргүүцэж байна(103.26.194.75) 2018 оны 10 сарын 16

боль л доо. Цэцэрлэгийн багш ажилтнууд өөрсдөө их цатгалан байдаг. хоол хүрэлцэхгүй гэж худлаа. Би тэртээ тэргүй татвараараа цэцэрлэгийн мөнгийг өгдөг. Бага цалинтай надад бас л нэг дарамт нэмэгдэх нь ээ. Хүүхдийн ирээдүйг бодоочээ. Дарга нар өөрсдөө тансагладаг мөнгөө хасаачэээ!!!!

0  |  0
Otgonjargal(66.181.161.107) 2018 оны 10 сарын 16

Hvvhed hooloni mongiig aaw eej narasn bas huraj awh hergtei hvvhed odorin hool awin dimes awj chadhgvil bga gej bodhin

0  |  0
Gana(64.119.18.12) 2018 оны 10 сарын 16

Asuuh yu bdgiin, ur huuhdiinhee tuluu uguh l heregtei shd.

0  |  0
ыы(202.179.24.229) 2018 оны 10 сарын 16

Махгүй шахуу аяга бантан хар цай талхаар өдрийг өнгөрөөж байгаа хүүхдүүд яаж ч эрүүл саруул өсөх вэ дэ. Төр засаг нь хангалттай хоолны мөнгө өгч чаддаггүй юм бол эцэг эхчүүд хүүхдээ бодоод өгөх хрэгтэй.

0  |  0
иргэн(64.119.16.202) 2018 оны 10 сарын 16

цэцэрлэгийн эрхлэгч бол гэртээ хоол хүнс огт авдаггүй гэдгийг л сайн мэдэх юм байна цэцэрлэгээсээ л аваад ирдэг юм байна лээ тэгээд өгч байгаа хуурай сүү нь эрүүл мэндэд таарахгүй юм билээ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭДЭН БАЙЦААГЧ ЮУ ХИЙДЭГ БАЙНАА ӨӨРИЙНХ НЬ ХҮҮХЭД ТЭР ХОРТОЙ ЗҮЙЛИЙГ БАС ИДСЭЭР Л БАЙГАА

0  |  0
Top