Г.Наранбаяр: Намууд ялахын тулд хувь улстөрчийг магтдаг болсон нь алдаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэргэдэх Ёс зүйн хороо, Стратеги академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний Бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр (2018.10.16) зохион байгуулж байна.

Хуралд эрдэмтэн судлаачид, хуульчид, улс төрийн намын гишүүд болон иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож байгаа юм. “Монголчуудын ёс суртахуун, үндэсний хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэгээ” сэдвээр доктор, профессор, академич С.Нарангэрэл, “Төрийн албан хаагчийн баримтлах хууль дээдлэх зарчим, түүний ёс зүйн төлөвшилд нөлөөлөх нь” сэдвээр Удирдлагын академи багш, доктор, дэд профессор Т.Баасанцогт нарын эрдэм судлаачид илтгэл тавьж байна. Энэ үеэр зарим илтгэгчийн саналыг сонслоо.

Ц.Мөнхцэцэг: Улстөрчид ёс зүйн хариуцлага хүлээдэггүй

  • (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, доктор, дэд профессор)

-Намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг төрөөс олгох, намд сонгуулийн үеэр хувийн хандив өгсөн байгууллага, иргэний мэдээллийг ил тод болгох шаардлага бий. Далд санхүүжилт авсан тохиолдолд тухайн намд  төрөөс олгох санхүүжилтийг зогсоох байдлаар зохицуулах ёстой. Улс төрийн намын соёлтой зэрэгцээд ардчиллын 28 жилийн туршлага давхар яригдана. Манайд улстөрчид нь ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэггүй зэрэг учир  дутагдал бий. Барууны орнуудад улстөрчид, төрийн зүтгэлтнүүд авлига, гэмт хэрэгт холбогдож, шалгагдахаасаа өмнө албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцордог жишиг байдаг. Улстөрчийн гэр бүл, үр хүүхдүүд нь ёс суртахууны алдаа гаргах хүртэл тухайн улстөрчийн ёс зүйн  соёлд хамааралтай байх ёстой.

Г.Наранбаяр: Ямар ард түмэн байна тийм төр байдаг

  • ("Стратеги" академийн захирал)

-Эрдэм шинжилгээний хурлаар улстөрчдийн ёс зүйн алдаа, хариуцлагыг онол, шинжлэх ухааны ямар үндэслэлтэй байна, түүнээс гарах арга замыг нь хэлэлцэж байна. Ард түмэн, намын гишүүд нь хариуцлагатай байх ёстой. Ямар ард түмэн байна тийм төр байна гэсэн үг байдаг. Ёс зүйг анхан шатнаас, намын гишүүдээс нь эхэлж ярихгүй зөвхөн хэдхэн улстөрчдийн хүрээнд яриад байвал энэ алдааг залруулж чадахгүй. Намын гишүүд нь намынхаа  үзэл баримтлалыг мэддэггүй, нийгмийн  идэвхгүй байвал хариуцлагагүй улстөрчид гарна гэсэн үг. Сүүлийн 20 гаруй жилд сонгуульд ялахын тулд  хувь улстөрчийг нам нь магтдаг болчихсон. Үүнээс болоод төрийн бодлого тогтворгүй болсон.

Д.Дамдин

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top