ШУУРХАЙ: ”Оюу толгой”-д гарсан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн гүний уурхайд өчигдөр /2018.10.15/ осол гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч шатжээ. Улмаар утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргаж, ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.

Энэ талаар "Оюу толгой" компаниас гаргасан албан ёсны мэдээлэлд "Компанийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан бөгөөд тус ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болно. Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласаны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл авсангүй. Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохиролыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажилласаар байна. "Оюу толгой" компанийн үнэт зүйлсийн эрэмбэд хүний алтан амь, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьдаг" хэмээжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.136) 2018 оны 10 сарын 16

BUREN AVTOMAT BOLCHIHVOL OSOL GARAHGUI SONGUULIIN HAR MASHIN BAS ADILHAN

0  |  0
Top