Далайд гарцгүй бид ДАВУУ талаа ашиглах ёстой

2018 оны 10 сарын 16

Далайд гарцгүй хөгжиж буй Монгол, Казахстан, Киргиз, Узбекистан, Лаос, Бутан гэсэн Азийн зургаан улс орны эдийн засгийн байдал, шийдвэрлэх ёстой асуудлууд юу байна вэ гэдгийг тодруулсан СУДАЛГАА хийгджээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвөөс хамтран хийсэн уг судалгааны  дүн болоод дагаж яригдах ёстой сэдвүүдийг өнөөдөр /2018.10.16/ эхэлсэн “Азийн далайд гарцгүй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба экспортын төрөлжүүлэлтийг дэмжих нь” сэдэвт бүс нутгийн семинарт оролцогчид хэлэлцэж байна. Эдийн засгаа эрүүлжүүлж, солонгын өнгөөр цогцлоох тухай сэдэв манай улсын тухайд хамгийн халуун сэдэв. Газар зүйн байршилын хувьд гуравдагч хөршөөс алслагдмал, хоёр том гүрний дунд “жийргэвч” маягаар байрладаг Монгол Улсын өмнө ямар боломжууд байна вэ? Бид бусад улс орнуудаас юу суралцах хэрэгтэй вэ?  гэхчлэн олон асуулт тавигдаж таарна. Семинарт оролцогчдын байр сууриудаас  хүргэе.

ЯАМАНД СУУЖ БАЙГАА ДАРГА НАР ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛДАГГҮЙ

  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр:


-Далайд гарцгүй хөгжиж буй Азийн зургаан орныг судласан судалгаанд манай улс орсон байна. Тэгвэл Казахстан, Киргиз, Узбекистан, Лаос, Бутан гэсэн улс орнуудтай харьцуулахад манай улсын давуу болон сул тал юу байна вэ?

-Судалгаа хийсэн 6 орныг аваад үзэхэд  экспортынх нь 75 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэж байна. Харин энэ уул уурхайгаас хэт хамаарсан хамаарлаас хэрхэн гарах вэ гэдгээ хараахан шийдэж чадаагүй улс орнууд байхад, орлогоо хэрхэн зөв зүйтэй зарцуулах вэ, бусад салбаруудаа хөгжүүлэх вэ гэдгээ шийдвэрлэж буй улс орон ч байна. Давуу болон сул тал нь яг тэр гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ далайд гарцгүй орнууд дотроо  манай улс харьцангуй давуу талтай. Хоёр том зах зээлийн дунд оршиж байдаг. Нүүрсний зах зээл нь яг урд хилээ дагаад байж байдаг. Казахстан гэхэд дэлхийн хамгийн том далайд гарцгүй улс. Далайн боомтоос хамгийн хол зайд 3520 километрт оршдог. Казахстан улстай харьцуулахад эдийн засгаа төрөлжүүлэх боломж манайд хамаагүй илүү харагдаж буй.

Нөгөөтэйгүүр, Туркменистан зэрэг улсуудтай харьцуулахад засаглалын ялгаа бас яригдана. Манайх шиг  ардчилсан оронд Засгийн газар, УИХ гэж томоохон хэмжээнд яригдаж, санал солилцож, нэгдсэн ойлголт үүсч байж шийдвэр гардаг бол далайд гарцгүй зарим орнуудад шийдвэрүүд маш хурдан гарч байх жишээтэй. Энэ нь тэдний хувьд нэг талаас давуу талтай болдог.  Нөгөө талаасаа ардчилсан тогтолцоо байхгүй байгаа нь сөрөг нөлөө бас дагуулна.

Манай судалгааны төвийн зүгээс НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралтай хамтарч хийсэн судалгааны тухайд  далайд гарцгүй орнууд худалдаа, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд яг ямар ажил хийх ёстой юм бэ. Ямар салбарт нь боломж байна вэ гэдгийг судласан. Судалгаанд  үндэслэсэн бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлэх юм бол боломж байна гэсэн үр дүн гарсан. Бидний судалгааны бас нэг том дүгнэлт бол эдийн засгийн төрөлжүүлэлт гэдэг  зүгээр нэг улстөрийн түвшинд яриад, бодлогын баримт бичиг гаргаад, хууль батлаад хийчихдэг зүйл биш юм байна. Энэ бол нийт хэрэгжилтийн 35 хувь нь л юм байна. Баримт бичгээ батлалаа гээд бүх оролцогчдод хүрч хэрэгжихгүй бол үр дүнд хүрдэггүй юм байна.  Бодлого боловсруулагчид, бодлого хэрэгжүүлэгчдээ  бүгдийг нь зөв зүйтэй оролцуулаад, хэрэгжилтийг зөв зүйтэй хангаснаар амжилтад хүрдэг юм байна гэсэн судалгааны дүн л гарч байна.

-Үр дүнд хүрэхийн тулд оролцоог нэмэгдүүлэх талаар та хэллээ. Манай тухайд хэрхэн яаж гацчихаад байна вэ гэдгийг тодруулж хэлээч?

-Амжилттай хэрэгжүүлэхийн тулд заавал Засгийн газрын агентлагууд, хувийн хэвшилтэй, ТББ-уудтай  хамтарч ажиллаж, тогтвортой хэрэгжилтийг хангах ёстой. Тэгэхгүй, гурав дөрвөн жил болоод засаг нь солигдохоор, удирдах аппарат нь өөрчлөгдөхөөр олон сар жилийн хугацаанд бодож хэрэгжүүлсэн ажил үгүй болж, үр дү гардаггүй нь харагдаж байна.

-Эдийн засгийн тулгуур болсон нүүрсээ гуравдагч зах зээлд гаргая гэж олон жил ярьж байна.  Хойд хөршийн Восточный, Тамань боомтуудаар дамжуулан гаргая гэж төр засгийн удирдлагуудын түвшинд яригдаж байна. Та судлаач хүний хувьд энэ яриа хэлэлцээ бодит ажил болох боломжийг олж харж байна уу?

-Би яг энэ олон төрлийн судалгаатай байнга холбогдож байдаг судлаач хүний хувьд хэлэхэд улстөрийн өндөр дээд түвшинд яриад тохироо хийнэ гэдэг бол маш чухал. Яриа хэлэлцээ хийгдэх ёстой. Манай энэ бүс нутгийн орнууд дээрээсээ доошоогоо төвлөрсөн удирдлагатай  учраас улс орны тэргүүлэгчид хоорондоо тохироод, улс төрийн шийдвэрийг гаргах нь нэн чухал. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгоход өөр зүйлс бас хэрэгтэй болох нь өмнөд хөрштэй таван боомт ашиглах хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан ч, бодит ажил болоогүй байгаагаас харагдаж байна.

Улс төрийн өндөр түвшинд тохирлоо гэхэд бид дараа нь гэрийн даалгавраа хийх ёстой. Ялангуяа оролцогч байгууллагууд болох  хувийн хэвшлийн  компаниудтай,  логистик, экспортлогч, МҮХАҮТ-тай хамтраад хэлэлцээрийн хүрээнд хийх ажлууд юу байна вэ гэдгээ нарийн тодорхой харах, хэлэлцэх ёстой. Ямар тарифаар хэр хэмжээний бараа аль замаар яаж гаргах гээд байгаа юм бэ гэдгийг улстөрчид биш оролцогчид хоорондоо  ярьж тохирдог хэлцлүүдийг идэвхтэй хийх ёстой. Тэдгээр хэлэлцээг хийхэд мэдээж мэдлэг чадвар, тоо баримт хэрэгтэй. Энэ зүйлүүдийг манай олон улсын судалгааны түвшний судалгааны байгууллагуудаас, мөн МУИС зэрэг газруудаас тодорхой гаргаж өгөх боломж нөөц бий.

-Экспортын үр ашигтай хамт ярих ёстой чухал хэсэг бол логистик шүү дээ. Логистикийн үзүүлэлтүүд ер нь ямар түвшинд байгаа вэ?

-Манай судалгааны зүгээс олон  удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн харилцах ёстой байгууллага бол Логистикийн холбоо, логистикийн компаниуд байдаг. Яаманд сууж байгаа дарга мэдээж мэдээлэл авдаг байх. Гэхдээ тэр дарга яг боомт дээр очоод хүндрэл бэрхшээлтэй тулдаггүй. Импортлогч компанийн нэг ажилтан менежер нь гүйгээд, хамаг бүрдүүлэлтээ хийгээд гаалиас бараагаа авдаггүй. Тэнд л худалдааг хөнгөвчлөх механизмуудын хүндрэл бэрхшээлүүд байгаа шүү дээ. Гааль дээр бүрдүүлэлт хийх, контейнер буулгах, хугацаа алдах, шалгалт хийх зэрэг олон асуудлууд бол тарифын бус хүндрэлүүд юм. Үүний цаг хугацааг багасгахын тулд хоорондоо ярих, ойлголцох ёстой. Үйл ажиллагаа илүү түргэн шуурхай, авлигагүй явдаг байх ёстой. Үүний тулд бодлого хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр хамгийн ярилцах ёстой, чагнах ёстой  талууд  бол логистикийн компани, холбоод, импортлогчид, экспортлогчид. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээж байгаа хэсэг юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид экспортыг бүрдүүлэгчид болох ёстой л гэж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?  

-Энэ бас их зовлонтой. Жижиг дунд үйлдвэрлэл маань олон улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ гаргах хэмжээний чадвартай болсон байна уу гэхээр бас үгүй байна. Болоогүй байхад нь экспортлох нөхдүүд мөн юм гэж шууд харах нь бас хаашаа юм. Тэгэхээр аль аль талдаа цуг хөгжих ёстой гэж  харж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өөрсдөө идэвхтэй байгаад олон улсын гэрээ конвенцио ойлгодог байх ёстой. Ойлгосноо хэрэгжүүлдэг байх ёстой. Хэрэгжүүлдэг байхын тулд мэдээллээ авдаг байх ёстой. Тухайн салбараа  хөгжүүлээд, бүтээгдэхүүнээ олон улсын стандартад хүргэсний дараа сая өрсөлдөх чадвартай болж байна шүү дээ. Тэрний дараа бид ийм болчихлоо, улсаас ингээд дэмжээд явуулаад өгөөч гэвэл өөр л дөө.

Ганц жишээ хэлье. Би ГХЯ-нд худалдаа хариуцаж ажиллаж байсан хүн л дээ. Чацарганы бүтээгдэхүүн хийдэг компаниудыг Европын зах зээл рүү гаргах гээд 10 компаниас проб авахад тэн хагас нь таг нь онгойчихсон, тос нь асгарчихсан, эсвэл танилцуулгаа  англи хэлээр бичсэн ч, үг үсгийн алдаа мадаг ихтэй байх жишээтэй. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн бид эхлээд өөрсдөө гэрийн даалгавраа хийх ёстой. Тэгэхгүйгээр гадаад руу шууд гараад, олон улсын хэмжээнд өрсөлдөөд, эдийн засгаа хөгжүүлнэ, экспортоо нэмэгдүүлнэ гэж ярих болоогүй. Зөвхөн засгаа хүлээгээд байхгүй, бүх л шатны оролцогчид ажиллах ёстой. Үнэхээр хөгжөөд, үйл ажиллагаа нь сайжирсан компаниудаа төр дэмжих ёстой.


 

БОЛОВСОН ХҮЧИН, ДЭД БҮТЭЦ, САНХҮҮЖИЛТ БАЙХАД ЭДИЙН ЗАСАГ ТӨРӨЛЖИНӨ

  • НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд болон тусгай хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга Пол Акивуми:

   

-Далайд гарцгүй хөгжиж буй азийн улс орнуудын талаар энд харьцуулан хэлэлцэж байна. Та манай Монгол Улсын нөхцөл байдлыг, боломж нөөцийг хэрхэн харж байна вэ?

Аливаа зүйлийг хөгжүүлэхэд гурван хүчин зүйл чухал байдаг. Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх байгууллагуудыг дурдах  ёстой. Хэрэгжүүлэхэд шаардлагатай боломж бололцоо ямар хэмжээнд байна вэ гэдэг мөн чухал. Бас чадавх гол юм. Тэгвэл миний харж буйгаар Монгол Улсад энэ гурван нөхцөл бүрдэж байна. Энэ бол танай улсын бусад орнуудаас ялгаатай тал. Энэ семинарын тухайд далайд гарцгүй хөгжиж буй орнууд бие биенийхээ ололт амжилтыг олж мэдэж,  улмаар эдийн засгаа хөгжүүлж, экспортоо төрөлжүүлэх тал дээр их тус дэм болно гэж  бодож байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг бол далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хувьд уул уурхайн экспортоо өөрчлөн, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд тулгуурлах ёстой.

-Эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага манай тухайд их олон зүйлсээр илэрч байгаа л даа. Урт хугацаандаа хийгдэж таарна гэж судлаачид хэлж буй. Таны хувьд судлаач, мэргэжилтэн хүний хувьд бидэнд өгөх зөвлөгөө юу байна вэ?

-Энд бас гурван зүйлийг хэлэх  хэрэгтэй. Чадавх,  чадамж гэдэгт боловсон хүчний асуудал  орно. Мөн дэд бүтэц маш сайн хөгжсөн байх ёстой.  Танай улсын тухайд дэд бүтцээ хөгжүүлэх тал дээр нааштай байна гэж би үзэж байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр байх ёстой. Энэ гурав байхад эдийн засгийн өөрчлөлтийг хийж болно.


 

МАНАЙ УЛС ТЯНЬЖИН ДАХЬ 10 ГА ГАЗРЫГ ОДОО ХҮРТЭЛ АШИГЛАЖ ЧАДААГҮЙ

  • Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн Төв азийн далайд гарцгүй орнуудыг хариуцсан мэргэжилтэн С.Сансар:


-Танай төвөөс хийсэн судалгааг өнөөдөр энд олон улсын төлөөлөгчид суугаад, хэлэлцэж байна. Өнөөдрийн семинарын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудыг хараад байхад хөгжлөөрөө бусад орнуудаас доогуур байдаг. Хөгжихөд маш бэрхшээлтэй байдаг. Дэлхийн худалдааны замуудаас хол байдаг. Тэгэхээр бид яаж хөгжих вэ гэдгийг өнөөдрийн энэ хурлаас суралцах гэж байна. Далайд гарцгүй мөртлөө  өндөр хөгжилтэй Люксембург, Швейцарь, Чех гэхчлэн улсууд бас бий. Тэд яаж хөгжсөн бэ гэхээр бидний хэлдгээр эдийн засгаа солонгоруулж хөгжсөн. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн биш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлож хөгжсөн. Өртөг ихтэй мөртлөө  жин хэмжээ багатай бүтээгдэхүүнийг экспортлодог. Тээврийн зардал нь бага байдаг. Тэгвэл бид хэрхэн тэр замаар явах вэ. Хөгжсөн болон хөгжиж байгаа далайд гарцгүй орнуудаас юу сурах вэ гэдэг нь гол юм.

-Бид хоёр хөршөөрөө дамжин гуравдагч зах зээлд гарах  боломж бий. Хойд хөршийн алслагдсан боомтуудаар дамжуулан нүүрсээ гаргая гэж байна. Ер нь бидэнд өөр ямар хувилбарууд байж болох вэ?

-БНХАУ-ын талаас санаачилсан “Нэг бүс нэг зам”  санаачлагын хүрээнд манай улс хоёр хөрштэйгөө хийсэн хэлэлцээрүүд байна. Сая Владивостокийн форум дээр ярилцлаа. Хийн хоолой манай улсаар татахаар болж байна. Хоёр хөрштэйгөө худалдааны харилцаагаа сайжруулъя гэж байна. Энэ хүрээнд бидэнд хөгжих бололцоо байгаа.

БНХАУ-ын Тяньжинд манай улс  10 га газар авсан гэдэг ч, одоо хүртэл ашиглагдаагүй. Тэгэхэд Казахстаны тал БНХАУ-д нэгээр тогтохгүй нэлээн хэдэн боомт дээр хамтарсан компани байгуулж, амжилттай ажиллаж байна. Казахстаны туршлагаас бид суралцах хэрэгтэй. Бас өөр орнууд байна. Өнөөдрийн хуралд оролцож байгаа Лаос байна. Лаос гэхэд Тайландын далайн боомтуудыг ашиглаад, маш амжилттай явж байна. Бид энэ туршлагыг судалж байж хойд хөрштэйгөө гэрээ хэлэлцээгээ сайн хийнэ. Хямд тариф байдаг юм уу, өөр ямар нэгэн таатай нөхцөл авч ашиглахад болохгүй гэсэн юм байхгүй.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top