Монголын нийт ӨРХИЙН ӨР өмнөх жилээс 20 хувиар ӨСЧЭЭ

2018 оны 10 сарын 17

Манай улсын эдийн засаг Азийн хөгжлийн банкны таамаглалаас давж өсөхөд нөлөөлсөн нэг гол хүчин зүйлийг  “Өрхийн зээл олголт эрс нэмэгдсэнээс иргэдийн бодит хэрэглээ таамгийг давсан”-тай холбоотой гэж тус банкны манай улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен сар хүрэхгүй хугацааны өмнө хэлж байсан. Тэгвэл Төв банкны зүгээс хэрэглээний зээлийн хэт тэлэлтийг хязгаарлах чиглэлд анхаарч ажиллах нөхцөл бүрдсэнийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэлж байна.

Тэрбээр “Зарим банк иргэний орлогыг 100 хувь барьцаалан зээл олгож байгааг 70 хувь болгон бууруулах шаардлага тавьж байна. Мөн хэрэглээний зээлийг 8 жилийн хугацаатай олгож байгааг хумиж хамгийн ихдээ 30 сард багтаах зохицуулалт хийж байна. Төв банк макро зохистой бодлогын хүрээнд гаргасан энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ, холбогдох талууд хатуу хяналт тавих болно. Иргэн, өрх бүр ийн өр зээлийн дарамтад орох нь ойрын ирээдүйд маш ноцтой асуудал болох эрсдэлтэй” гэлээ. 

Тэгэхээр нэг талаас эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтэд  нөлөөлж буй хэрэглээний зээлийн өсөлт нөгөө талаас иргэн, өрх бүрт өрийн дарамт үүсгэх эрсдэл дагуулж буй гэсэн байр суурийг талууд илэрхийлж байна.

Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэрэглээний зээлийн чиглэлд авах бодлогын арга хэмжээний талаар хэлэхдээ, банкуудын иргэдийн зээлийн төлвийг  жил гаруй хугацаанд судалж, газар дээр нь шалгалт хийж, нарийвчилсан мэдээлэл цуглуулж,  хэрэглээний зээл яагаад өсөв, ямар эрсдэл байна гэдгийг судалсны үндсэн дээр иргэдийн зээлд өр, орлогын харьцааг зайлшгүй тогтоох, зээлийн дээд хэмжээг 30 сар болгон тогтоох шаардлагатай гэж үзсэн гэж буй.  Түүнчлэн ийм шийдвэр гаргасан нь банкны секторт тодорхой эрсдэл үүсэхээс өмнө, урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа макро зохистой бодлогын нэг арга хэмжээ.

Иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхээс өмнө арга хэмжээ авахгүй бол эдийн засагт илүү их хохиролтой хэмээн тодотгож байгаа юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн зээл 40-50 хувиар нэмэгдсэн бол аж ахуй нэгж байгууллагуудад олгосон зээл бараг өсөлтгүй байж ирсэн.  Өрхийн өрийн ДНБ-д эзлэх хувь сүүлийн арван жилд 2 дахин өсч, өрхийн өрийн дарамт нэмэгдэх үзэгдэл манай эдийн засагт шинэ үзэгдэл болоод байгаа тул төв банк арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байна.

Судалгаанаас харахад Монгол Улсын өрхийн нийт өр өмнөх жилээс 20 хувиар өссөн гэсэн тоо байгаа юм. Тэгвэл энэ өсөлт хэрэглээний зээлтэй холбогдож таарч байна. Уг нь зээл иргэдэд хэрэгтэй. Гэвч иргэдийн орлого буурах, ажлын байраа алдах зэрэг эрсдэлүүд ойр байдаг нь банкны зээлийн чанарт сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад эдийн засагт хүндрэл дагуулж болзошгүй тул албаны хүмүүс арга хэмжээ авах ёстой гэж үзэцгээгээд байна.

Гэхдээ зээл,  зээлийн өсөлттэй холбоотой тоон мэдээллүүдээс харахад эерэг дүн харагдаж буй.

Банкны салбарын зээлийн өрийн үлдэгдэл энэ  оны эхний хагас жилд 15.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар өсчээ. Энэ  өсөлт нь 2015 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт.   2016-2017 оны зээлийн өсөлтийг иргэдийн хэрэглээ болон үндсэн хөрөнгө санхүүжүүлэх зориулалттай зээл олголт бүрдүүлж байсан бол 2018 оны эхнээс энэ байдал өөрчлөгдөж байгууллагын болон иргэдийн зээл олголт ойролцоо түвшинд хүрчээ.

Байгууллагын зээлийн өсөлтийг аж ахуйн нэгжийн хэмжээгээр задалж үзэхэд 1 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн зээл өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар нэмэгдсэн бол түүнээс жижиг бизнесийн зээл 37.3 хувиар өсчээ.

Эдийн засгийн секторуудын зээл олголт, төлөлтийг авч үзэхэд уул уурхай, худалдааны салбарын зээл нэмэгдэж байгаа бол боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарын зээлийн өсөлт харьцангуй бага. Хэрэглээний зээлийн өсөлт бол хадгалагдсан хэвээрээ байна. Түрүүн байгууллагын зээл болон иргэдийн зээлийн түвшинд ойролцоо түвшинд байгаа талаар дурдсан. Нэмж тодруулж хэлбэл хэрэглээний зээл буураагүй өсөлттэй байгаа учраас, зээлийн хугацааг багасгах чиглэлээр зохицуулалт хийх шаардлага тавигдсан хэвээрээ байгаа аж.

Хэрэглээний зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байхаар тогтоосон Төв банкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн тухайд ипотекээс бусад иргэдийн зээлд хамаатай юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.88) 2018 оны 10 сарын 17

UURHAIN NOOTSIIG HENCH YAG ONOOD BODCHIHOJ CHADDAGGUI TAAJ BODDOG

0  |  0
Top