Э.Болорчулуун: Албадан газар чөлөөлөлтийн ЗАРДЛЫГ тухайн компаниас ГАРГУУЛНА

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Явган хүний зам, гарц хааж зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар зарим газрын өмнөх талбайг албадан чөлөөлж байгаа билээ. Энэ талаар өнөөдөр /2018.10.17/ Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар мэдээлэл хийлээ.

Д.Мөнх-Эрдэнэ: Улаанбаатар хотын явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг аюулгүй, таатай байлгах зорилгоор A809 захирамжийг гаргасан байдаг.

Дэлхийн томоохон хотууд автозамын түгжрэл, төвлөрлийг бууруулахын тулд зам, гүүр, давхар зам, нүхэн гарц барих зэрэг бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэдэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатар хотод 1960 оноос хойш хийгдээгүй томоохон гүүр, замын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Автозамын ажлууд ихээр хийгдэж байгаа ч явган хүний зорчих зам талбайг нэмэгдүүлж, иргэдийн алхах таатай орчныг бүрдүүлэх шаардлага байна. 

Зөвхөн автомашины зам, зорчих орчныг бүрдүүлэх бус явган хүний алхах зам талбайг ч мөн байгуулж, тохижуулснаар хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах юм. Тийм ч учраас хотын захирагчийн 2016-2020 оны ажлын хөтөлбөрт "Явган хүний зам" аяныг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

Тус аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх хоёр жилийн хугацаанд 3-5 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2018 он гарснаар нийт 10 байршлын, 15 гудамж зам талбайд 9,771 метр квадратад стандартад нийцсэн явган хүний зам талбайг барьж тохижуулсан ба тус ажил үргэлжлэн хийгдэж байна" гэв.

Хотын захирагчийн албанаас зөвшөөрөлгүй нийтийн эзэмшил, явган хүний зам талбайг хааж барьсан байгууллагын барилгыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллагын эзэмшил газар луу хүчээр халдан чөлөөлөөгүй ба мэдэгдэл хүргүүлж, засварлах хугацааг олгсоны дараа ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдол ийнхүү газрын кадастрын зураглалын дагуу хийж гүйцэтгэж байгаа аж.

Мөн зарим албан байгууллагууд мэдэгдлийг хүлээн авч, өөрсдийн зардлаар явган хүн зорчих талбайг тохижуулах тохиолдол ч мөн гарч байгааг онцлов.

Э.Болорчулуун:  Газар албадан чөлөөлсөн зардлыг тухайн компаниас гаргуулна 

Бид кадастрын зургаас барилга байгууламжаа илүү гаргаж барьсан байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, тодорхой хугацаанд засаж янзлах боломжийг олгосон. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус ажлыг гүйцэтгэхэд мэдээж тодорхой хэмжээний зардал гарч байна. Газрын тухай хуулийн 57.4-т зааснаар "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд аймаг, нийслэлийн засаг дарга тус газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох заалтын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэсэн байдаг.

Тийм учраас бид газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгасны дараа шүүхэд нэхэмжлэл өгч байгууллагуудаас зардлыг гаргуулахаар ажиллаж байна.

Мөн Нийслэлийн газрын албанаас Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд, автозам, замын байгууламж, сургууль цэцэрлэг, эмнэлэг хорооны цогцолбор барих нийт 96 байршилд,1,841 нэгж, 220 га талбайд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж дуусах шатандаа орсон ба өнөөдрийн байдлаар 94 хувьтай байна" гэсэн юм.

-2019 онд 10 сургууль, 22 цэцэрлэг ашиглалтад оруулна-

2018 оны төсвийн  тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 39 байршилд сургууль цэцэрлэг барихаар төлөвлөн  нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт  гурван сургууль, гурван цэцэрлэг,  Баянгол дүүрэгт нэг сургууль, гурван цэцэрлэг,  Сүхбаатар дүүрэгт нэг сургууль, дөрвөн цэцэрлэг, Сонгинохайрхан дүүрэгт таван сургууль, 11 цэцэрлэг  гэхчлэн нийт арван сургууль, 22  цэцэрлэг барих талбайг чөлөөлжээ. Дээрх 39 сургууль, цэцэрлэг барих барилгын ажил ирэх жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.

Авто замын байгууламжийн  тухайд нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй  зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байгаа. Үүнд газар чөлөөлт бүрэн дууссан  нь 26, энэ  жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй ес, дуусах шатандаа орсон хоёр газар байна. Үлдсэн арван нэгж талбарт иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байгаа" хэмээлээ.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.40.96) 2018 оны 10 сарын 17

Сандуйн Home plaza -г буулгаж чадахгүй байж жижиг гаруудад дээрэлхүү.

0  |  0
zochin(64.119.18.88) 2018 оны 10 сарын 17

ANH SAINSHANDAAS TZ TRASAA ALDCHIHSAN GEJ YARDAG

0  |  0
Top