Х.Баделхан: Хөгжлийн банкны санхүүжилтээр түрээсийн 172 айлын орон сууцыг барьж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Иргэдийн зүгээс хамгийн их чих тавьж, анхаарлаа хандуулж байгаа асуудал бол ипотекийн зээл юм. Тиймээс Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас дараах зүйлийг тодрууллаа.


-Ирэх оны төсөвт ипотекийн зээлд зориулж хэр их хэмжээний хөрөнгө, мөнгө тусгав. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ипотекийн зээлд зориулж ирэх оны төсөвт 115 тэрбум төгрөгийг тусгасан. Үүн дээр нэмж Түрээсийн орон сууц хөтөлбөрт таван тэрбум төгрөгийг суутгаж өгсөн. Нийт орон сууцны төсөлд 120 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгаж өгсөн гэж ойлгож болно.

-Ипотекийн зээлийг олгохдоо барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг банкнаас зээл авсан, аваагүйгээр нь ялгадаг гэх хардлага бий шүү дээ?

-Энэхүү зээл гурван эх үүсвэрээс бүрддэг. Нэгдүгээрт, арилжааны банкны өөрийн эх үүсвэр. Хоёрдугаарт, улсаас өгч байгаа татаас. Гуравдугаарт, ипотекийн зээлийн эргэн төлөлт юм. Эхний найман сарын байдлаар 450 тэрбум төгрөгийг гаргасан. Үүний 250 тэрбум төгрөг нь арилжааны банкных. Үлдсэн 200 тэрбум төгрөгийн 60 тэрбум нь улсаас өгсөс татаас бол 140 тэрбум нь эргэн төлөлт юм. Уг нь, ипотекийн зээл цаашид улсын төсвөөр биш арилжааны журмаар хэрэгжих ёстой. Эндээс харахад ипотекийн зээлийн ихэнхийг нь арилжааны банкууд гаргаж байна.

-Яагаад тэр вэ?

-Учир нь, өмнө нь бонд гаргадаг байсан. Банкууд Засгийн газрын өндөр хүүтэй бонд авдаг байлаа. Энэ оноос эхэлж Засгийн газар дотооддоо бонд гаргахыг зогсоосон. Тиймээс арилжааны банкуудад чөлөөт үлдэгдэл их бий. Энэ ч утгаараа ипотекийн зээл хамгийн найдвартайд тооцогддог. Өнгөрсөн 2010 оноос хойш хэрэгжсэн төслийн эргэн төлөлт нь 97 хувийн баталгаатай гэж ойлгож болно. Цаашид  арилжааны банкууд ипотекийн зээлд хөрөнгө, мөнгө их гаргана гэж бодож байна. 

-Тэгвэл найман хувийн зээлийг бууруулах боломж бий юу?

-Бид судалж үзсэн. Урьдчилгаа болон зээлийн хүүг бууруулах талаар ярилцсан. Ямартай ч бид Монголбанктай урьдчилгааг нь 25 хувьтай бууруулахаар тохирсон.

-Ингэхэд манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэдэнтэй тохирох шаардлагатай юу?

-Тийм. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа болохоор тэдэнтэй тохирох шаардлагатай. Тэд албан ёсны хариуг өгөөгүй байна. Харин найман хувийг бууруулахыг дэмжихгүй. Цаашид ипотекийн зээл болон Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гаднаас хөрөнгө оруулж ирээд тэр зээлийнхээ хүрээнд эх үүсвэрээ нэмж, хүүг нь бууруулдаггүй л юм бол боломжгүй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа яваа юм бэ?

-Одоогоор 172 айлын орон сууцыг барьж байна. Энэ бол ашиглалтад орно. Анхнаасаа энэхүү хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилга юм. Хөгжлийн банкны зээлээр барьж байна. Ашиглалтад хүлээлгэж өгсний дараа өмнөх хөтөлбөрийн дагуу сан бүрдүүлж, Засгийн газарт асуудлыг оруулна. 

-Хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ оны сүүлчээр гэж тооцоолж байна. Барилгын явц 80 хувьтай байгаа. Удахгүй дуусах байх.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top