ДАРХАН: Нийтийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ

Дархан хотын түүхт 57 жилийн ойн энэ өдөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах “Бийрж” нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт боллоо.

2007 онд Монгол Улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр" батлагдан, үүний дагуу Дархан-Уул аймагт 2009 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, орон нутгийн төсвийн 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нэг цонхны үйлчилгээ”-г байгуулсан. Улмаар 2016 онд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болон өөрчлөгдөж төрийн болон хувийн хэвшлийн 7 байгууллагын нийт 17 ажилтан, албан хаагч 86 төрлийн үйлчилгээг 122.840 иргэнд үзүүлжээ. Нэг жилийн өмнөх энэ өдөр “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн шинэ байрыг орон нутгийн хөгжлийн сангийн 295.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж иргэддээ хүлээлгэн өгсөн.

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломжийг иргэддээ ойртуулах үүднээс хотынхоо ойн энэ өдөр “Бийрж” нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинээр ашиглалтад оруулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү төвөөр 15 орчим байгууллагын 100 гаруй нэр төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Ингэснээр хуучин Дарханы иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай чирэгдэлгүй авах боломжтой болно гэсэн үг юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page