Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг зохион байгуулах төлөвлөгөөг батлав

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны  нэгдүгээр сарын 8- 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоож, мөн өдрийн УИХ-ын 77 дугаар тогтоолоор тооллогын Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулах нь Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа явдал аж. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын 2015 оны “Дэлхийн хүн амын тооллогын хөтөлбөр”-ийн хүрээнд гишүүн улс орнуудын Засгийн газар нь 2014 оноос 2024 оны хооронд хүн амаа хамгийн багадаа нэг удаа нэгдсэн аргачлалаар тоолох үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс Улсын комиссын орлогч даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга нар томилогдож, харин Улсын комиссын гишүүдээр бүх Яамдын сайд нар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч томилогдон ажиллаж байна.

Улсын комиссын нэгдүгээр хуралдаанаар Улсын комиссын ажиллах журмыг баталж, Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай болон Аймаг, нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолыг тус тус гаргасан бол хоёрдугаар хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулахад баримтлах мастер төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Тооллогын бэлтгэл ажил болоод хэлэлцүүлж буй материалтай холбоотой танилцуулгыг Улсын комиссын орлогч дарга, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцууллаа.

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

“Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны  нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс 16-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тус тооллогын урьдчилсан үр дүнг 2020 оны зургадугаар сарын эхээр танилцуулна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page