Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоно

Монгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.

Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр нь хэдэн арван жилийн туршид Орос улсыг дэлхийн олон том театрын тайзнаа төлөөлж ирсэн түүхтэй. Олон улстай гадаад харилцаа тогтоох, хөгжүүлэх үйлсэд тус театрынхан хувь нэмрээ оруулсаар өдий хүрсэн бөгөөд Монгол Улстай ч энэ харилцаагаа бататгасаар ирсэн.

Үндэсний бүжгэн жүжгийг орчин үеийн тавилтаар хэрхэн амилуулсныг үзэх ховорхон боломж тохиож байна. "Байгал" театрын уран бүтээлчид “Гала-концерт”, “Баргужин-Төхөм, "Эртний цуурай” домогт жүжиг, оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт зэрэг хөтөлбөртэй иржээ. Мөн театрын гоцлол дуучид Буриад улсын үндэсний найрал хөгжим, морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгээр монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудыг дуулах ажээ.

Аравдугаар сарын 22-нд “Гала-концерт” Соёлын төв өргөөнд тоглогдоно.  Аравдугаар сарын 23-нд “Баргужин-Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг үзэгчдэд хүрнэ. Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов тус жүжгийн зохиолыг бичсэн байна. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. Буриад улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, Буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан байна.  

Аравдугаар сарын 24-нд “Crocus Event Hall”-ын тайзнаа “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнээр айлчлан тоглолт өндөрлөнө. 2017 онд Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар тус театрын бүжгэн жүжиг шалгарч байжээ. Энэ удаагийн тоглолтод “Россия-1” телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ толилуулах юм. Хаалтын тоглолтыг Монгол Улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Д.Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж. Тоглолтын тасалбарыг Соёлын Төв өргөөний кассаар худалдаалж байна.

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page