“Спорт ба хөгжил”: Олимпийн алдартнууд Төрийн ордонд чуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөн өнөөдөр /2018.10.18/ Төрийн ордны их танхимд эхэллээ. 2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Биеийн тамир, спортын газар /БТСГ/ хамтран зохион байгуулж байгаа юм.


“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц болон олимпийн медальт тамирчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын паралимпийн хороо, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцож байна.


Энэ жил Монгол Улс олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, олимпийн наадмаас анхны алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож буй. Тиймээс Монгол Улсын олимпийн анхны медальтан, 1968 оны Мехикогийн 19 дүгээр олимпийн чөлөөт бөхийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат, хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нарын хөрөг бүхий дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гардуулан өглөө.


Мөн Монгол Улсын олимпийн анхны алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр /Жүдо/, олимпийн анхны алтан медальт Энхбатын Бадар-Ууган /бокс/, Паралимпийн анхны алтан медальт тамирчин Д.Баатаржав болон бусад олимпийн медальт тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын бэлэг гардуулав.

Зөвлөгөөн биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьснаар үргэлжилж байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page