15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

“Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2018.10.18/ Уран зургийн галерейд боллоо.

Энэ үзэсгэлэнд дархлаажуулалтын вакциныг хэрхэн яаж тээвэрлэдэг, хадгалдаг, түгээдэг талаар болон дархлаажуулалтад иргэдийг хэрхэн хамруулдаг талаар үйл явдлын зургийг дэлгэн үзүүлсэн юм. Түүнчлэн "Дархлаажуулалтын 10 хоног"-ийг орон даяар эхлүүллээ.

"Дархлаажуулалтын 10 хоног"-ийн хугацаанд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна” хэмээв.

Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлжээ. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж, сахуу хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан  амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг эрс бууруулсан гэж албаны хүмүүс хэлж байна.

Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртэлх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг 7 төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авдаг байна.

НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлдэг найдвартай гэж үздэг хэмээн онцоллоо.

Аяны нээлтийн үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс нь үндсэн тусламж үйлчилгээний хамралт өндөр түвшинд байгаа билээ. Гэвч өнөөдөр халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь нэн чухал асуудал болж байна. Дархлаажууулалтын үйл ажиллагааны ДЭМБ-ын зорилтын хүрээнд дэлхийн улс орнуудтай харьцуулахад халдварт өвчинтэй тэмцэх тал дээр илүү анхаарал хандуулдаг" гэлээ.

 

Б.АМИР


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
р(59.153.114.178) 2018 оны 10 сарын 18

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ЧАНАРЫГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

0  |  0
Top