Халх голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2018.10.18)  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаархи хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.  

“Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай  техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв. Ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.  

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан юм. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын  үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдав. Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

BARAG ENHIIG SAHIULAHAAS NOMER NEG HORONGO ORUULJ BOLMOOR

0  |  0
Top