АЙЛЧЛАЛЫН ТОЙМ: Сергей Шойгу Монголд

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

 С.Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар анх удаа Монголд ирэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2018.10.18/ өглөө 08.15 цагт тусгай аяллын онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнийг Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа тэргүүтэй албаны хүмүүс угтаж авсан. Батлан хамгаалах яамны байрны хашаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд С.Шойгуг  угтаж, төрийн хүндэт харуул жагсан, хоёр улсын төрийн дуулал эгшиглэснээр айлчлал албан ёсоор эхэлсэн.


Халх голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд "С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байна. Монгол Улс Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримтална. Энэ талаархи хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тусгасан" гэдгийг тэмдэглэсэн.

Ерөнхий сайд “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай  техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүссэн.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлаад, "Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн" гэлээ. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлсэн юм.

С.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав  

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо.


Шагналыг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан өгөв. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Н.Энхболд, С.Шойгу нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хэлэлцээ хийж, хоёр улсын яам хоорондын Зэвсэгт хүчний  хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлүүдийг тусгажээ.

Тухайлбал, Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Монголын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөл, тусламжийн журмаар суралцуулах тухай Батлан хамгаалах яамд хоорондын 2006 оны хэлэлцээрийн дагуу ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд суралцуулж байгаа ажээ.


Зэвсэг техникийн тусламж үзүүлэв 

Айлчлалын үеэр  Монгол Улсын Зэвсэгт хүчинд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа цэргийн техникийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болсон юм. Энэхүү  зэвсэг техник Монголын агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд байв. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Буцалтгүй тусламжаар өгсөн  эдгээр тоног төхөөрөмжийг  ашигласнаар Монгол Улсын Зэвсэгт хүчин бүх төрлийн нисэх онгоцыг хүлээн авч, аюулгүй буулгах боломж бүрдэж байна. Боловсон хүчнүүд бэлтгэгдсэн тул техник хэрэгсэлтэй ажиллахад асуудал тулгарахгүй”  гэдгийг онцолсон юм.

С.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу айлчлалынхаа хүрээнд  БХЯ-нд байрлах Хар сүлдний өргөөнд зочилсон юм. 

Бүх цэргийн их хар сүлд, сүлдний өргөөний талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, төрийн хонжин хошууч генерал Р.Сүхбат танилцуулга хийсэн. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуд тусгайлан барьсан гэрийг танилцуулав. Манай улсад үзүүлж буй цэргийн техник, хэрэгслийг хүлээн авах арга хэмжээнд оролцсоны дараа С.Шойгу  тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.


С.Шойгу Улаанбаатараас  Бээжинг зорилоо

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ирсэн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгун нэг өдрийн айлчлал ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. С.Шойгу дагалдан яваа албаны хүмүүсийн хамт “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 17.00 цагийн үед БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьсон юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алдаа(72.35.247.136) 2018 оны 10 сарын 23

Г.К.Жуков шүү нийтлэлээ засаарай

0  |  0
zochin(146.185.131.214) 2018 оны 10 сарын 20

hytad ywah zamda tur buudallaj odrin tsigaa uuchaad ywjede.ternees bish yg ch mongoliig zorij ireegui bololtoi.ug ni mongol tsustai tuva hun gej sonsson ym bn.

0  |  0
zochin(103.229.121.152) 2018 оны 10 сарын 19

khariyalakhyn tiin yalgalaar shoigun geji bichikhguyee, shoigugiin geji bichne , damdin guay!

0  |  0
Top