АСЕМ ба ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга болон Ази, Европын дээд хэмжээний XII уулзалтад /АСЕМ/ оролцохоор өнгөрсөн лхагав гарагт /2018.10.17/ эх орноосоо мордсон билээ. Энэ удаагийн АСЕМ Бельги улсын Брюссель хотноо үргэлжилж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ АЗИ, ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЛЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.10.18/ Ази, Европын дээд хэмжээний XII уулзалтад оролцож, үг хэллээ. Тэрбээр "Юуны өмнө Ази-Европын Дээд түвшний 12 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Европын Холбоо, түүний дотор Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нарт баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. ​Мөн АСЕМ-ын түнш орнуудын төлөөлөгчдийг эртний түүхт, үзэсгэлэнт Брюссель хотдоо элэгсэг дотноор хүлээн авч байгаа Бельгийн Засгийн газарт гүн талархалаа илэрхийлье.

Өнөө үед дэлхий дахинд гарч буй өөрчлөлтүүд, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг роль улам бүр өсөн нэмэгдэж байна. 1996 оноос хойш АСЕМ нь зөвшилцөлд суурилсан хамтын ажиллагаа, яриа хэлцээний үр ашигтай талбар байж чадсан тул Ази, Европ тивийн хамтын ажиллагаа нь улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм-соёлын үндсэн гурван тулгуурын хүрээнд асар их өргөжин тэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн “өргөө гэр” байж чадсан бөгөөд улс төр, аюулгүй байдлын асуудлаас гадна “хүмүүс хоорондын харилцаа”, “уялдаа холбоо” түүний дотор “хатуу болон зөөлөн” уялдаа холбоо, “хамтын ажиллагааны гарт баригдаж нүдэнд харагдахуйц чиглэлүүд” зэрэг ойлголт, зарчим нь АСЕМ-ын бусад механизмаас ялгагдах шинж чанар, АСЕМ-ын хамтын ажиллагааны онцлог “нэрийн хуудас” болж хөгжлөө.

Хүндэт төлөөлөгчид өө,  Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг Улаанбаатар хотноо “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ. Дээд төвшний XI уулзалтаас баталсан “Даргын мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг.

Түүнчлэн Улаанбаатарын Дээд түвшний XI уулзалтын дүнд байгуулсан “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зургаан удаа амжилттай хуралдаж, уялдаа холбооны тодорхойлолт гаргах, АСЕМ-ын түнш орнуудын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг зөвшилцөн тогтоох үйл явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ хүрээнд шинээр байгуулагдаж буй Ахлах албан тушаалтнуудын уялдаа холбооны хэсэг нь хамтын ажиллагааны чиглэлүүдийг улам бүр хөгжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.

Брюсселийн Дээд түвшний 12 дугаар уулзалт нь “Европ ба Ази: Дэлхий нийтээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болж байгаа нь агуулгын хувьд Улаанбаатарын бага хурлын буухиаг амжилттай үргэлжлүүлж буй хэрэг юм. Эдгээр өдрүүдэд бид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог идэвхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт бэрхшээлийг даван туулах, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг цаг үеийн олон чухал асуудлыг хэлэлцэх тул АСЕМ-ын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлж хөгжүүлэх талаар бодит үр өгөөж бүхий санал, шийдлүүд агуулсан төгсгөлийн баримт бичгүүдийг баталж чадна гэдэгт итгэл төгс байна.

Хүндэт төлөөлөгчид өө, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж монгол ардын хэлц үг байдаг. Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг түүний дотор Ази, Европын парламентчид, залуучууд, бизнес, хөдөлмөрийн чуулга уулзалтууд, соёлын фестивалийн үр дүнг өндрөөр үнэлж байна. XXI зуунд бүх хөгжил хүн төвтэй байх учиртайг дэлхий нийт ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс Ази, Европын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх нь чухал авч иргэд хоорондын уялдаа холбоог хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын хүрээнд хоёр тивийн соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог уламжлалыг хадгалж, хөгжүүлэх нь бүр ч чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

АСЕМ-ын хүрээнд чухамдаа соёл, урлагаар дамжуулж бие биеэ харилцан таних, шашин, соёл иргэншил хоорондын эв найрамдлыг хөгжүүлж чадвал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуурууд улам бүр бэхжих юм. ​АСЕМ-ын Дээд төвшний 12 дугаар уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараачийн 13 дугаар уулзалтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсон Камбожийн Хаант Улсад баяр хүргэж, амжилт хүсч байна. ​Анхаарал хандуулсанд баярлалаа” гэв.

ИРЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД АН ТАОИСИЧ ЛЕО ВАХАДКАР БАРААЛХЛАА


Ази-Европын дээд хэмжээний XII уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар өчигдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаадаа талархал илэрхийлээд, 10 гаруй жилийн өмнө Монгол Улсад 3 долоо хоногийн турш ажиллаж байснаа дурсан ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ирланд улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын орлого 4 тэрбум ам. долларт хүрсэн гэсэн мэдээлэл авснаа дурдаад, Монгол Улсын малын тоо 80 сая дөхөж байгаа  учир малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол Улсын хөгжилд ихээхэн чухал гэдгийг онцлов. Мөн тус улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг сонирхож, ярилцав. Тус улс жилд дунджаар 16 сая жуулчин хүлээн авдаг тул Ирландын аялал жуулчлалын салбарын туршлагыг Монгол Улс сонирхож байгаагаа илэрхийлсэн юм. Мөн талууд Монгол, Ирланд улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд түлхүү анхаарах болон олон улсын түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа.

ВЬЕТНАМЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук бараалхлаа. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуан Суан Фук АСЕМ-ын уулзалтын үеэр цаг зав гарган уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцав. Тухайлбал, ноён Нгуан Суан Фук нүүрс, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний гол түүхий эд болох ноосон утас, арьс шир гэх мэт бүтээгдэхүүнийг Вьетнам улс нь Монголоос импортлон,  манай улсад элсэн чихэр, кофе, хүнсний ногоо, жимс экспортлох боломжтой талаар танилцуулсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, менежмент зэргийг судалж байсан тухайгаа ярьж, энэ чиглэлээр худалдааг нэмэгдүүлэх олон боломж байгаа талаар санал солилцсон юм.  Мөн хоёр орны хамтын ажиллагааг соёл урлаг, спортын салбарт улам идэвхтэй хөгжүүлж, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулах саналаа илэрхийллээ. Талууд хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй хөгжүүлэх болон олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжин ажиллах талаар мөн санал солилцов.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХАДАГТАЙ АНГЕЛА МАРКЕЛЬТАЙ УУЛЗЛАА


Ази-Европын дээд хэмжээний XII уулзалтад оролцох үеэрээ улс, орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эхний хоёр талт уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсанаар эхлүүллээ.  Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын асуудлаар ярилцах завшаан тохиож буйд харилцан талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бодитоор, харилцан ашигтай хөгжүүлэхийн чухлыг онцлоод түүнийг 2011 онд Монгол Улсад айлчлах үеэрээ ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд зогсонги байгааг дурдав. Энэ айлчлалын үеэр Монгол-Германы Засгийн газар хоорондын түүхий эд технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын хамтарсан Эдийн засгийн хороо байгуулж, тухайн үед Герман улсын талаас хариуцах хүмүүс томилогдсон ч одоо өөр ажилд томилогдсон гэх мэт шалтгаанаар эзэнгүй болсныг сануулсан юм.

Мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг тус улсын технологиор боловсруулан БНХАУ гэх хөрш том зах зээл рүүгээ нэвтрэх боломжтойг дурдаж, Монголын залуу бизнесмэнүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар ярилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхай, шинэ хот байгуулах, малын гаралтай түүхий эдийг нано болон биотехнологиор боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж онцлоод Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн чухал алхмуудын нэг нь шинэ эко хот байгуулах гээд төслийн талаар тодорхой танилцуулсан юм.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулж байсан талаар дурдаад хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэхийн тулд хариуцсан эзэнтэй болгохоо мэдэгдлээ. ХБНГУ-ын Канцлер эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болов. Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах уг төслийг ХБНГУ-ын Канцлер анхаарч ажиллахаа мөн мэдэгдлээ. Талууд цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх болон шинжлэх ухаан судалгаа, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар  дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.220) 2018 оны 10 сарын 19

ugui gedeg ug hamgiin huchtei ug

0  |  0
дэд гарчиг (202.70.34.70) 2018 оны 10 сарын 19

Хатагтай А.Меркель гэж зөв бичмээр бн.

0  |  0
Сүх(66.181.161.28) 2018 оны 10 сарын 19

Амжилт хүсье

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.24.172) 2018 оны 10 сарын 19

Англиар А-гүй ”Загалмайлсан эцэг” Америкийн Европыг Хужаагийн Азитай ялж байна.

0  |  0
Жочин(103.10.21.105) 2018 оны 10 сарын 19

АСЕМ-д оролцоно гэдэг улс орны нэр төр. Амжилт хүсье

0  |  0
Top