Төрөөс дэмжлэг авах “эрхтэй” НӨЛӨӨ бүхий ЗУРГААН БАНКНЫ үзүүлэлттэй танилц!

Чехийн PWC компани Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийхэд зарим банкны өөрийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай гарсан. Дутагдсан хөрөнгийн  хэмжээ нь 513 тэрбум төгрөг. Уг нь банкны салбарын нийт хөрөнгө энэ оны хоёрдугаар улиралд анх удаа 30 их наяд төгрөгийн босго давсантай харьцуулж харвал энэ тоо тийм ч өндөр үзүүлэлт биш.  Гэхдээ дутагдсан энэ хөрөнгө  ТӨР-ийн халааснаас гарах дээрээ тулвал бага тоо биш болж харагдаж буй.  Монголбанкнаас энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр нийт банкуудад өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг нөхөх албан тоотыг хүргүүлсэн юм. Шаардлага нь энэ  оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөрт багтаан өөрийн хөрөнгийн дутагдаж буй хэсгийг НӨХӨХ тухай. Тэгвэл банкууд Төв банкны зүгээс тавьсан энэ шаардлагыг хугацаандаа биелүүлэх үү, ер нь банкуудыг дахин хөрөнгөжүүлэх  асуудал юу болж байгаа вэ гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Н.Баяртсайхан ерөнхийлөгчөөс тодруулж асуусан юм. Төв банкны ерөнхийлөгч түүний асуултад хариулахдаа “Тогтоосон хугацаанд өөрийн хөрөнгийн дутууг нөхөн бүрдүүлж чадаагүй, системийн нөлөө бүхий банкууд гарвал дахин хөрөнгөжүүлэх ажлыг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Харин системийн нөлөө бүхий банкны жагсаалтад ороогүй банк хамрагдахгүй” гэж хариуллаа.

Тэгэхээр СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ БАНК  /СНББ/  гэж чухам ямар банкийг хэлэх вэ? Аль аль банкууд энэ ангилалд хамаарах вэ гэдэг мэдээллийг хүргэе.

”Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 хувиас дээш хувийг эзэлж байгаа банкийг хэлнэ гэж  “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заажээ.

Тэгвэл энэ шалгуурыг хангасан зургаан банк үйл ажиллагаа явуулж байгаа нь Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Хас банк юм.  Тэгэхээр эдгээр зургаан банкны тухайд өөрийн хөрөнгийн хэмжээний дутагдлаа ирэх арванхоёрдугаар сарын 31-ний дотор нэмэгдүүлэхгүй бол Засгийн газар, Монголбанкнаас хамтарсан арга хэмжээ авч таарах нь.

Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хэмжээ нэг, хоёрдугаар зэрэглэл, нийт өөрийн хөрөнгийн актив зэргээс хамаарч 9, 12 хувь байгаа юм. Харин  системийн нөлөө бүхий банкуудын тухайд нийт активийн 14 хувь нь өөрийн хөрөнгөөс бүрдэх ёстой гэсэн шаардлага одоо тавигдаж буй юм.

Сануулахад,  банкуудын өөрийн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх чиглэл гарсны дараа УИХ  Банкны салбарын тогтвортой байдлын тухай хуулийг батласан. Хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг хэлэхдээ “Төр банкны салбарын хувьцааг эзэмших нөхцөл үүсэх маш нарийн шалгуурыг хуулийн төсөлд тусгасан байгаа. Тухайлбал, хэрвээ төр мөнгөө оруулбал тухайн банкны өмнөх хувьцаа эзэмшигч нь банкинд үүссэн бүх хохирол алдагдлыг өөрийн оруулсан хөрөнгөөрөө хүлээж, тухайн банкийг алдагдалгүй цэвэр хүлээлгэн өгөх ёстой. Хэрвээ өмнөх хувьцаа эзэмшигч нь хэвээрээ байгаад байвал төрөөс санхүүжилт хийж, үйл ажиллагаагаа сэргээх асуудал яригдахгүй. Төр банкны хувь эзэмшигч болсноор өмнөх хувьцаа эзэмшигчийн эрх хязгаарлагдаж, хувь эзэмшигч биш болно. Банкны үйл ажиллагаагаа зохисгүй болгож, судалгаагүй зээл олгосон,  алдагдал үүрсэн бол энэ хохирлыг банкны эзэд, хувь эзэмшигчид хүлээнэ. Цаана  нь банкинд олон нийтийн хөрөнгө, дутагдсан өөрийн хөрөнгийн асуудал үлдэнэ... Банкийг дэмжихээсээ илүү банкны эзэд, хувьцаа эзэмшигч нарын үүрэг, хариуцлагыг чангатгаж, шахалт үзүүлсэн хууль. Банкны бүх алдагдлыг хувьцаа эзэмшигч нарт нь хүлээлгэж, болохгүй бол төр хувьцааг нь авна шүү гэдгийг анхааруулж байна” гэж байсан.

Албаны хүний энэ байр сууринаас харахад ашгийн төлөө явж байгаа арилжааны банкуудын тухайд дутагдсан, шаардлагатай эх үүсвэрээ болж өгвөл өөрсдөө бүрдүүлэх чиглэлд анхаарах нь зөв мэт харагдаж буй. Гэхдээ нэгэнтээ банкуудад зах зээлийн эрүүл өрсөлдөөн байхгүй гэдэг утгаар нь харвал төрийн “дэмжлэг” авах нь хэрэгтэй ч байж болох.

Уг нь хууль эрх зүйн хүрээнд олсон эх үүсвэрээр банкууд хөрөнгөө нэмэх боломж байхгүй биш байгаа. Банкууд хувьцаагаа гаргаж хөрөнгө босгох цаг үе нь одоо яг ирээд буйг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар хэлж байсан. Тэдэнтэй ижил байр суурьтай эдийн засагчид ч бий. Гол нь өөрийн хөрөнгийн дутагдлыг  өр, зээлээр нөхөх ёсгүй гэсэн шаардлага хуулийн хүрээнд тавигддаг.

Төв банкны Ерөнхийлөгчийн хэлж буйгаар төрийн зүгээс СНББ-уудад  дэмжлэг үзүүлэх арга хэмжээ удахгүй авч таарах нь бололтой. Тэгэхээр 30 их наядаар хэмжигдэж буй банкны салбарын нөлөө бүхий зургаан банкны үзүүлэлтүүд чухам ямар байгаа вэ гэдгийг МБХ-ны судалгаан дээр тулгуурлан хүргэе.

ХААН банкны актив 8 их наядын босго давжээ

Энэ онд системийн нөлөө бүхий банк (СНББ)- уудын нийт хөрөнгө 1.4 их наяд  төгрөг буюу 5.5 хувиар өсчээ.  Сүүлийн нэг жилийн хугацаанд СНББ-ууд дотроос Хаан банкны актив хамгийн тогтвортой буюу улиралд дунджаар 3 орчим хувиар өсч байгаа бөгөөд түрүүлж 8  их наяд төгрөгийн босгыг давжээ. 2017 онд активийн хэмжээгээр тэргүүлэгч 2 банк системийн нийт активийн 49.3 хувийг бүрдүүлж байсан бол энэ  оны  хоёрдугаар улирлын байдлаар уг үзүүлэлт 50.5 хувь болж өсчээ.

Нийт актив

/Системд нөлөө бүхий банкууд/

тэрбум төгрөг

Төрийн банкнаас бусад банкуудын зээлийн дүн өсчээ

Энэ онд Төрийн банкнаас бусад СНББ-уудын цэвэр зээлийн дүн бүгд өссөн үзүүлэлттэй байна. Хоёрдугаар улиралд зээлийн өсөлт өндөр байж ихэнх банкуудын зээлийн өсөлтийн хувь 10 оронтой тоогоор хэмжигдсэн үзүүлэлттэй байна. Оны  эхний улиралд цэвэр зээлийн дүн буурч байсан “Голомт” банк  хамгийн өндөр буюу 20.8 хувийн өсөлтийг үзүүлсэн нь СНББ-уудын дунджаас 8.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт байв.

Цэвэр зээл

/Системд нөлөө бүхий банкууд/

тэрбум төгрөг

“Голомт” зээлийн өсөлтөө хязгаарлах шаардлагатай

Зээлийн өсөлт эрчимжсэний зэрэгцээ, зээлийн эрсдэлийн сан огцом нэмэгдсэн нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ буурах шалтгаан болжээ. Голомт банкны хувьд энэ оны хоёрдугаар  улиралд зээлийн багцаа амжилттай өсгөж чадсан ч,  одоогийн өөрийн хөрөнгийн түвшинд зээлийн өсөлтөө хязгаарлах шаардлагатай байгааг МБХ-ны судалгаанд онцолсон байна.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ

/Системд нөлөө бүхий банкууд/

хувь

Улаанбаатар хотын банк хадгаламжаа 46 хувиар өсгөжээ

2017 онд бүх СНББ-уудын харилцах хадгаламж өссөн үзүүлэлттэй байсан. Тэгвэл  2018 онд мөн л үргэлжлэн өссөн мэдээтэй  байна. Энэ  оны эхний 6 сарын байдлаар СНББ-ууд харилцах хадгаламжаа дунджаар 15 хувиар өсгөж чадсаны дотор Хаан банкны хадгаламж түрүүлж 5 их төгрөгт хүрсэн бол УБХБ 46 хувиар хадгаламжаа өсгөжээ.

Харилцах хадгаламж

/Системд нөлөө бүхий банкууд/

тэрбум төгрөг

Хаан”, “Голомт”-оос бусдынх нь ашигт ажиллагаа буурчээ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хаан банк болон Голомт банкнаас бусад СНББ-уудын ашигт ажиллагаа буурсан байдалтай байна. ХХБ-ны хувьд 2018 онд 85 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан. Хас банкны хувьд эрсдэлийн сангийн өмнөх санхүүгийн цэвэр орлого өмнөх оны мөн үеэс өсөлтгүй гарсан байна. Төрийн банк болон Улаанбаатар хотын банкны хувьд мөн л өндөр дүнгээр эрсдэлийн сангаа нэмж байгуулснаар ашигт ажиллагаа мууджээ.

Цэвэр ашиг

/Системд нөлөө бүхий банкууд/

сая төгрөг

Системийн нөлөө бүхий зургаан банкны тоон үзүүлэлтүүдийг харахад Хаан банкнаас бусад банкуудын  тухайд төрийн дэмжлэг авч магадгүй дүр зураг харагдаж байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Иргэн [ 202.9.43.196 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 15:40 минутанд

ХААН БАНК ХАМГИИН МУУ БАНК КАПИТАЛ БОЛ ЗӨВХӨН ГЭР БҮЛ ТАНИЛЫН ХҮРЭЭНИИ БАНК ХЭДХЭН ТАНИЛ БИЗНЕСМЕНИИ ТӨЛӨӨХ ХҮРЭЭ МУУ ХАС ХАРИН ШИМТГЭЛГҮЙ НУУЦЛАЛ ӨНДӨР ЮМ ШИГ САНАГДСАН ХААНААС ХАДГАЛАМЖАА ТАТАЖ ХАС РУУ ХИИСЭН ДЭЭР ГЭЖ ХҮМҮҮС ЯРИХ ЮМ БИЛЭЭ

Б [ 122.201.21.110 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 05:51 минутанд

Капитал хаачсан бэ?

jj [ 64.119.22.108 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 04:50 минутанд

haan bank hnmgiin ih shimtgel avdagshdee,,hvbd surtlatai,,bvdvvleg ajiltantai,,,bvgdiig tshim gd hvndrel uchruuldag...bainga daraalaltai..hogiin..

Go to top of page