Хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийн хэмжээ 176.5 тэрбум төгрөг

2018 оны 10 сарын 19

Олон улсын Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны өдөр, Монгол Улсад хоршооллын хөдөлгөөн өрнөсний 70 жилийн ой өчигдөр /2018.10.18/ тохиов.  Энэ өдрийг тохиолдуулан Монголын Хадгаламж, зээлийн хоршооны үндэсний холбоо (МХЗХҮХ)-ноос 40-өөс доош насны залуу хоршоологчдыг хамруулсан “ХЗХ-ны хөгжилд залуучууд бидний оролцоо” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулав.

Уулзалт, зөвлөгөөнийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж, санхүүгийн хоршооны түүх, онцлог, давуу тал, хүртээмжтэй байдал, засаглал болон өнөөгийн төлөв, хандлагын талаар товч танилцуулан, үүнд залуучуудын оролцоог өсгөн нэмэгдүүлэхийн чухлыг онцолсон юм. Тэрээр, хоршооны тогтолцоо залуучуудыг хөгжүүлэх, боловсролыг дэмжихэд ихээхэн нөөц боломжоо зориулдгийг дурдан, сүүлийн жилүүдэд хадгаламж, зээлийн хоршооны чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд залуу гишүүдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, төрийн зохицуулагч болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж байгааг жишээ дурдан өгүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 61 177 гишүүнтэй 289 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 176.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь ДНБ-ий 2.2 хувьтай тэнцэж байна. ХЗХ-ны салбарын хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.5 хувь, зээлийн хүү 2.8 хувь байгаа нь санхүүгийн бусад зах зээлийнхээс ихээхэн эерэг үзүүлэлт юм.

“ХЗХ-ны хөгжилд залуучууд бидний оролцоо” уулзалт, зөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газар (ХЗХГ)-ын дарга Ц.Алтантуул салбарын эрх зүй, зохицуулалтын орчин, хяналт, шалгалтын тогтолцооны шинэчлэлт болон төрөөс авч хэрэгжүүлж буй бусад зохицуулалтын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан залуучууд ХЗХ-ны салбарт тулгамдаж байгаа, шийдвэрлэх шаардлагатай асуудал, ажлын арга барил, санал санаачилгынхаа талаар чөлөөт ярилцлага хийлээ гэж СЗХ-оос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номын сан зарна .(202.21.102.174) 2018 оны 10 сарын 19

1910 20 30 40 50 60 70 80 90 онд хэвлэгдсэн маш ховор чанар сайн түүх уран зохиол газар зүйн хууль эрх зүй толь бичиг атласнаас бүрдсэн номын сан зарна. 95123505 .

0  |  0
Top