Хятад улс “ХИЙМЭЛ САР” хөөргөж, гудамжаа гэрэлтүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Хятад улс 2020 онд гэхэд “хиймэл сар” хөөргөхөөр төлөвлөж байна. Хиймэл сарны тусламжтайгаар гудамжны гэрэлтүүлгийг шийдэж, хот суурин газрын цахилгааны зардлыг буруулахаар тооцоолжээ.

China Daily сонинд бичсэнээр, Сычуань мужийн Чөндү хотод бүтээж буй гэрэлт хиймэл дагуул жинхэнэ сартай зэрэгцэн шөнийн хотыг гэрэлтүүлэх аж. Гэрэлт хиймэл дагуул сарны тусгал гэрлээс найм дахин илүү хурц байх гэнэ.

Хүний гараар бүтээх сарыг Сычуаны Синчанг хиймэл дагуул хөөргөх төвөөс агаарт "нисгэх" аж. Эхний туршилт амжилттай болсон тохиолдолд дахин гурван “хиймэл сар” бүтээж, 2022 он гэхэд хөөргөхөд бэлэн болгох юм байна. Эхний гэрэлт хиймэл дагуулыг туршилтын журмаар хөөргөх бол 2022 оны хиймэл сарнуудыг иргэний болон ашгийн зорилгоор бүтээх юм.

Нарны гэрлийг ойлгох замаар шөнийг гэрэлтүүлэх эдгээр хиймэл дагуул хот, суурин газарт гудамжны гэрэлтүүлгийг орлоно гэдэгт итгэлтэй байна. Хиймэл сар 50 кв.км талбайг гэрэлтүүлэхэд Чөндү хот жилд 170 сая ам.доллар хэмнэх тооцоо гарчээ. Түүнчлэн, аливаа гамшгийн үед гэрэл цахилгаан тасарсан тохиолдолд “хиймэл сар”-ыг ашиглах боломжтой.

БНХАУ-ын зүгээс АНУ болон ОХУ-ын сансрын хөтөлбөртэй өрсөлдөх зорилгоор хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж буй. Тухайлбал, Хятадын домогт гардаг сарны бурхны нэрээр нэрлэсэн “Чанг-е” сар судлах төслийг энэ жил хэрэгжүүлж эхлэхээр зорьжээ. Амжилттай болсон тохиолдолд, “Чанг-е” хүн төрөлхтний түүхэнд сарны харанхуй талыг судалсан анхны хөлөг болох юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.220) 2018 оны 10 сарын 19

bibli

0  |  0
Top