Ирэх онд зам засвар, арчлалтын ажилд 30 тэрбум төгрөг зарцуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө. Хуралдаан өндөрлөхийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар” авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Тэрбээр “Авто замын салбарын хууль эрх зүйн орчныг боловсрохгүй болгох чиглэлээр төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж байна. Уг баримт бичигт хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгснийг онцлон хэлье. Автозамын тухай хуулиар тусгай зориулалтын автозам гэсэн шинэ ангиллыг бий болгосон.

Хуульд заасны дагуу тусгай зориулалтын авто замыг нэгдсэн бодлоготойгоор төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмшүүлэх, ашиглах, засварлах, хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгох журмын нөхцөлийг боловсруулаад байна. Эдийн засгийн эргэлтэд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт чухал хэрэгтэй ч байгаль экологийн тэнцвэрт байдал тухайн бүс нутгийн ард иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Авто замын сүлжээнд хатуу хучилттай авто замын урт нэмэгдэж ая тухтай зорчих нөхцөл бүрдэж байгаа хэдий ч нөгөө талаар авто замын бэлэн байдлыг хангахад шаардагдах байнгын засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд ахиц гарах асуудал чухал билээ. Өнөөдрийн байдлаар улсын чанартай авто замын хатуу хучилттай авто замын сүлжээнд, 22 хувьд нь их засвар шинэчлэлийн ажилд хийх хугацаа болсон мөн зайлшгүй засварлах шаардлагатай байгаа.

Авто замын засвар арчлалтын ажил жил бүр санхүүжилтийн асуудлаас шалтгаалан норматив хугацаанд нь зохих түвшинд хангалттай хийж гүйцэтгээгүйгээс тухайн автозамын ашиглалтын байдал улам бүр муудаж  эвдрэл даамжирч замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар нийт шаардагдах хөрөнгийн 36  хувь буюу 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг зам засвар арчлалтад зарцуулж байсныг нэмэгдүүлж ирэх онд 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь жилд зарцуулах шаардлагатай 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 54.5 хувьтай тэнцэж байгаа юм.

Цаашид авто замын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  шаардлагатай байгаа. Авто замын салбарын тогтвортой, үр дүнтэй хөгжлийг хангах хүрээнд төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү бодлогын бичгийг боловсруулан гаргаснаар автозамын сүлжээг хөгжүүлэх, сүлжээний бэлэн байдлыг хангах, чанар  стандартыг дээшлүүлэх зэрэг  бодлого,чиглэл тодорхой болно гэж үзэж байна” гэв.

 

 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж, танилцууллаа.

Тэрбээр “Авто замын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдээллийг бид хамтдаа сонслоо. Манай улсын хувьд 15.2 мянган км авто зам олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км зам нь хатуу хучилттай авто зам байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдлаа. Тэгвэл уг 6.5 мянган км хатуу хучилттай авто замын 51 хувийг буюу 3.300 км авто замыг 2012-2016 оны хооронд Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед бий болсныг энэхүү индэр дээрээс хэлэхэд таатай байна.Монгол Улсын сүүлийн жилүүдийн бүтээн байгуулалтад нэлээд жин дарах ажил бол яахын аргагүй авто замын бүтээн байгуулалт юм.

Гэтэл өнгөрсөн 2 жилийн дотор 377 км хатуу хучилттай зам тавьсан байна.Энэ жишгээр явбал 20 жилийн туршид 3.300 км зам барих нь ээ. 2012-2016 онуудад Шинэчлэлийн Засгийн газраас “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэн, энэхүү ажлын хүрээнд Нийслэлд 260 км шинэ замыг тавьж, ачаалал ихтэй 24 уулзварыг шинэчилсэн нь өнөөдрийг хүртэл Нийслэлчүүдэд хамгийн их үр дүнгээ өгсөн ажлын нэг байсаар байна. Уг үр дүнтэй төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Нийслэл хотынхоо дэд бүтцийг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр эрх баригчид маань хойрго хандаж байгаад харамсаж байна. Уг төслийг цаг үеэ олж хэрэгжүүлээгүй бол өнөөдөр Нийслэлийн авто замын дүр төрх ямар байхыг та бүхэн хэнээр ч хэлүүлэлгүй сайн мэдэж байгаа. 

Мөн өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн төвийг хатуу хучилттай замаар Нийслэлтэй холбож, баруун бүсийн  таван аймгийг Нийслэлтэй холбох ажлыг эхлүүлж чаджээ. Гэвч энэ салбарт тулгамдаж байгаа, шийдлээ хүлээсэн асуудлууд олон байгааг эрхэм гишүүд та бүхэн санал нийлэх байхаа. Хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал бол хүн ам ихээр суурьшсан Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн замын асуудал юм. Уг зам дээр иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсоор, нөхөөснөөс нөхөөсний хооронд 20 жилийн нүүр үзлээ. Уг замыг шинэчлэх асуудал яригдаж байгаа хэдий ч ажил хэрэг болохгүй удаж байгааг анхаарах хэрэгтэй байна.

Энэ бүхний асуудлын гол нь удирдлага, хөрөнгө мөнгөнийхөө зарцуулалтад байгаа гэж үзэж байна. Уг нь зам бол хөгжлийг хөдөөд авчирдаг, ажлын шинэ байр орон даяар бий болгодог хөгжлийн хөшүүрэг билээ. Харин Монголд авлига авах, нийтийн хөрөнгийг завших, төрөөс тэрбумтан төрүүлэх, төр засгийн өндөр албан тушаалд хүрэх хөшүүрэг болсныг хүн бүр ярьсаар олон жил боллоо. Гэтэл замыг хөгжлийн хөшүүрэг жинхэнээс нь болгож, байгаль орчиндоо ээлтэй байхаар ашиглах шаардлага тулгараад байдаг. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, хөрс, бэлчээрийн доройтол, тоосжилтыг бууруулах зэрэг эдийн засаг, экологийн эерэг үр дүнтэй байхаар энэ салбарыг хөгжүүлэх шаардлага тулгараад байна.

Ганцхан тоо баримт дурдахад Авто замын салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо нь 1929-1990 он хүртэлх 61 жилийн хугацаанд 12 удаа буюу 5 жил тутамд өөрчлөгдөж байсан бол 1990-2017 онд 13 удаа буюу хоёр жил тутамд өөрчлөгдөж байсан нь салбарт тогтвортой, хэтийг харсан бодлого, үйл ажиллагаа явуулахад муугаар нөлөөлж байсныг харж болно. Мөн сүүлийн үед төрийн бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна. Тухайлбал: Авто замын төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь асуудал нь Монгол төрийн доройтлын хамгийн том илрэл юм.Энэ асуудалд одоо болтол хэн ч албан ёсоор тайлбар хийгээгүй бөгөөд, салбарын сайд, дэд сайд нар огцорсон болоод намжиж байгаа нь өөрөө Монгол төрийн эмгэнэл юм. Энэ мэтчилэн Зам тээврийн салбарт гарч буй Төмөр замын байгууллагын хариуцлагагүй байдал, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдсөн зэрэг олон асуудал нь зөвхөн тухайн салбарын асуудал бус Монгол төрд хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ юм.

Энэ бүхний хажуугаар авто замын салбарын хүний нөөцийн чадавх, хүчин чадлын талаар дурдах нь зүйн хэрэг биз ээ. Авто замын салбарт нийт 8000 орчим хүн ажиллаж байгаагаас 935 мэргэжлийн инженер техникийн ажилтан байгаа хангалтгүй үзүүлэлт юм. Авто замын салбарт сүүлийн жилүүдэд өндөр бүтээмжтэй сайн чанарын машин, механизм, техник тоног төхөөрөмж ашиглах болсон хэдий ч бид энэ салбартаа хөрөнгө оруулалт хэрхэн хийж байгаа нь дараах үзүүлэлтээс тодорхой харагдана.

Тухайлбал, АЗЗА-н ТӨХК-иуд нь хэрэгцээтэй машин механизмын дөнгөж 55.2 хувь, тоног төхөөрөмжийн 44.1 хувиар хангагдсан байна. АЗЗА-н компаниудыг чадварлаг мэргэжилтнээр хангах, машин механизм, материаллаг баазыг нь нэмэгдүүлж, сайжруулах асуудал ихээхэн хоцорч байна.
Монгол орны авто замын сүлжээг тууштай хөгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч, энэ салбарын хөрөнгө оруулалтын өмнөх жилүүдийнхээс бууруулах бус нэмэгдүүлэх тал Засгийн газрыг идэвхтэй ажиллахыг хүсч байна” гэв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж дууссаны дараа баасан гарагийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top