Хөлбөмбөг: 19 хүртэлх насны охидын шигшээ Ливаныг зорилоо

Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын охидын шигшээ баг Азийн 19 хүртэлх насныхны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр өчигдөр /2018.10.19/ Ливан улсын зүг хүлгийн жолоо заллаа.

Манай шигшээ баг тэмцээний "А" хэсэгт Австрали, Ливан, Хонг Конг гэсэн улсуудтай аравдугаар сарын 24-28-ы хооронд өрсөлдөнө. Эхний тоглолтоо 24-ний 16:30 цагаас хэсгийнхээ хамгийн хүчтэй баг Австралийн эсрэг хийх бол дараа нь 26-ны 16:30 цагт Хонг Конгийн багтай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо 28-ы 20:30 цагаас талбайн эзэн Ливаны багтай хийснээр 19 насны охидын шигшээ баг анхны Азийн АШТ-ий дүн гарна.

Азийн 19 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөж буй манай шигшээ багийн бүрэлдэхүүний арав нь 16 хүртэлх насны шигшээ багийн тоглогчид байгаа. Мөн Япон дасгалжуулагч Ики Ёүжигийн Монголын шигшээ багийг удирдан оролцож буй сүүлийн тэмцээн учраас Азийн АШТ-д оролцохын төлөө манай баг тамирчид бүхий л чадлаараа хичээх нь дамжиггүй.

Азийн Хөлбөмбөгийн холбооны дүрмээр хэсгийг толгойлсон багууд болон хоёрдугаар байраар шалгарсан чансаа өндөр багууд дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болно. Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, шигшээ багийн түүхийг бичиж яваа багш дасгалжуулагч, арын албаныхан, тоглогчиддоо юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page