Дэлхийн банк: Сайжруулсан түлш ашигласнаар агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадахгүй

2018 оны 10 сарын 21

Агаарын бохирдлыг хэрхэн яаж багасгах вэ, эрх баригчдын зүгээс үнэхээр дорвитой арга хэмжээг авах нь уу гэсэн хүлээлт олон жилээр үргэлжилж байна. Н.Цэрэнбат сайдын магтаад буй шүүлтүүр та бидний эрүүл мэндэд эрсдэл дагуулах утааны бохирдлыг үнэхээр багасгах уу гэдэг дээр мэргэжлийн хүмүүсийн даацтай судалгаа яг өнөөдрийн тухайд алга байна. Харин сайд утаа багасахгүй бол хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Яг ямар хариуцлага яриад буй нь бас тодорхой бус.

Өнгөрсөн жилүүдэд утааг багасгах чиглэлийн Сайжруулсан зуух, Дулаалга аян гэхчлэн олон л арга хэмжээнүүд авагдаж байв. Гэхдээ даацтай үр дүн дагуулаагүй гэдэг нь агаарын бохирдлын хэмжээ 2015 оноос хойш улам бүр нэмэгдсэнээс ойлгогдоно. Улаанбаатар хот дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хотуудын нэг болж, гэр хороололд өвлийн улиралд PM2.5 агууламж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тогтоосон 24 цагт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 100 дахин илүү байна. Энэ бол төр засгийн зүгээс ултай, суурьтай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ёстойг сануулсан үзүүлэлт.

Дэлхийн банкны зүгээс Улаанбаатар хотын агаарын чанар харанга дэлдсэн түвшинд байгааг сануулдаг. Тэрчлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд юу байх талаар зөвлөдөг. Тус банкны мэдээллээс эшлэхэд “Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулахын тулд илүү далайцтай, нэгдсэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Зарим гэр хороолол, айл өрхүүд хотын төвлөрсөн дулааны системд холбогдож болох ч, гэр хороололд хүн ам, орон сууцны нягтаршил хангалтгүй байдгаас энэ нь зардал өндөртэй байдаг. Дээр нь гэр хороолол нь огцом жалга, нугачаа ихтэйгээс дулааны шугам хоолой, дэд станцуудыг суурилуулах боломж хязгаарлагдмал байдаг. Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг богино, дунд, урт хугацаанд сайжруулж, өргөтгөх чиглэлийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх хөтөлбөрүүдийг тодорхойлох судалгааг Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр өдгөө гүйцэтгэж байна. Дулаан хадгалах цахилгаан халаагуур (ETS), дулааны насос болон сэргээгдэх эрчим хүчний бусад хэрэгслүүд зэрэг цахилгаан халаагуурыг ашиглах шийдэл нь урт хугацаанд зайлшгүй байх ёстой шийдлүүдийн нэг. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын айл өрхүүдийн 5-аас бага хувь нь л цахилгаанаар дулааны асуудлаа шийдвэрлэж байна. Түүнчлэн цахилгааны шугам сүлжээний ачааллыг зохицуулахын тулд эрчим хүчний түгээх сүлжээг шинэчлэн сайжруулах шаардлагатай юм. Дулаан хадгалах цахилгаан халаагуур (ETS) нь Улаанбаатар хотын шөнийн илүүдэл эрчим хүчийг ашиглан хадгалсан дулаанаа өдрийн цагаар цацаж, өвлийн улиралд илүүдэл цахилгааныг (салхины эрчим хүчийг оролцуулан) ашиглан цэвэр дулаан дамжуулах боломжит шийдлийг олгож байна.

Гэр хорооллын оршин суугчид амьжиргааны түвшин болон орлогод нийцсэн орон сууц дутагдалтай байгаа зэргээс шалтгаалан цэвэр дулаан хангамж, халаалт бүхий орон сууцанд нүүж амьдрах боломжгүй байна. Гэр хорооллын оршин суугчдын 45 хувь нь ядуурлын шугамаас доогуур орлоготой боловч тэдний дулаан хангамж болон хотын бусад үйлчилгээний зардал нь хотын орон сууцны оршин суугчдынхаас илүү өндөр байдаг ажээ. Гэр хорооллын оршин суугчдад байрны зээл авах боломжийг нэмэгдүүлэх орон сууцны бодлого баримтлах нь тэднийг нийтийн ахуйн үйлчилгээнд холбогдсон орон сууцанд шилжин амьдрахад тусална. Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг богино хугацаанд шийдэж чадах цорын ганц шийдэл гэж үгүй. Гэр хорооллын цахилгаан эрчим хүч болон дулаан хангамж, халаалтын системийг өргөжүүлж, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал. Дулаан алдагдал, эрчим хүчний хэрэглээг бууруулах арга хэмжээ авснаар гэр хорооллын айл өрхүүдийн нүүрс болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах бөгөөд ийм хөтөлбөрүүдийг арилжааны банкны зээлийн хөтөлбөртэй хослуулж өргөжүүлэх нь зүйтэй. Ирэх 5-10 жилийн туршид гэр хорооллын айл өрхүүд нүүрсийг гол түлш болгон ашигласан хэвээр байх тул төрөөс хагас коксжуулсан шахмал түлш гэх мэт сайжруулсан нүүрс ашиглалтыг дэмжиж, 2019 оноос эхлэн түүхий нүүрсний хэрэглээг хориглох зэрэгт түлхүү анхаарч байна. Гэр хорооллын айл өрхүүд уламжлалт зуухыг ашигласан хэвээр байвал зөвхөн сайжруулсан түлш ашигласнаар агаарын чанарыг дорвитой бууруулж чадахгүй учраас ойрын хугацаанд цэвэр зуух, халаалтын зуухны ашиглалтыг дэмжих нь чухал” хэмээн зөвлөж байна.

Тодотгоход, өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотод 7 хоногийн эхний өдрүүдэд салхины эрчим ихэсч, хуурайшилт ихтэй байсантай холбоотойгоор агаарт тоосонцрын агууламж ихэсч агаарын чанар “Бага зэргийн бохирдол”-той түвшинд хүрсэн байна. Хамгийн их бохирдолтой PM10 тоосонцрын агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар их, 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 2.1 дахин их гарчээ.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uher(66.181.177.12) 2018 оны 10 сарын 21

Shiidej chadahgui muruudliin asuudal bol ene yum. Tavi. Jil hrgtei baih. Deer baigaa uher olon baina.

0  |  0
Зочин(202.9.40.255) 2018 оны 10 сарын 21

сайжруулсан түлш үйлдвэрлэж чадахгүй байна, бид. Сайн бол иргэд яах гэж түүхий нүүрсэнд халтардаж байх вэ дээ.

0  |  0
Top