ДАШТ: Т.Түвшинтулга өнөөдөр дагаж барилдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

Унгарын нийслэл Будапешт хотод чөлөө, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өчигдөр /2018.10.20/ нээлтээ хийсэн. Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын барилдаан болж, Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар барилдлаа. Манай бөхчүүд бүгд хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдсанаар тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарсан эсэхээс хамаарч манай бөхчүүд дагах барилдаан хийх эсэх шийдэгдэх болсон юм. Харамсалтай, хагас шигшээ барилдааны дараагаар Т.Түвшинтулгаас бусад гурван бөхийн тухайд тэмцээн дууслаа.

Тэмцээний 61 кг-д өрсөлдөж байгаа Т.Түвшинтулгыг хоёрдугаар тойрогт ялсан ОХУ-ын Гаджимурад Рашидов аваргын төлөө шалгарч үлдсэн тул манай бөх дагах эрхтэй болов. Т.Түвшинтулга Энэтхэгийн С.Гонганетай дагах барилдаан хийнэ. Хэн хожсон нь Гүржийн Б.Ломтазетай хүрлийн төлөө барилдана.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу нэг жингийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, алт, хүрлийн төлөөх шигшээ барилдаан болон дагах барилдаан маргааш нь болж байгаа юм. Өнөөдрийн хуваарийг танилцуулъя. Тэмцээн орон нутгийн цагаар 10.30 цагт буюу Монголын цагаар 16.30 цагаас эхэлнэ.

ДАШТ-ий хоёр дахь өдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг жингийн финалын барилдаан болно. Тиймээс өнөөдөр Т.Түвшинтулга дагаж барилдахаас гадна эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 79 кг-д П.Өнөрбат, 92 кг-д Л.Төртогтох нар Будапештийн дэвжээнд хүч сорино.

2018.10.21  

  • 16.45 - 17.30 Нээлтийн ажиллагаа 

Эрэгтэй /57, 65, 79, 92 кг/

  • 10.30 - 15.30 Урьдчилсан барилдаан 
  • 17.45 - 18.45 Хагас шигшээ 

Эрэгтэй /61, 74, 86, 125 кг/ 

  • 10.30 - 15.30 Дагах барилдаан
    19.00 - 21.30 Финал

Өнөөдөр барилдах бөхчүүдийн тухайд дараах байдлаар сугалаа таарчээ.

Э.БЭХБАЯР /57 кг/

Э.Бэхбаяр Ираны бөх, Азийн наадам болон тивийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри Нагарчитай оноолт таарчээ. Тэд хамгийн сүүлд Азийн наадмын хагас шигшээд учраа таарч, Э.Бэхбаяр 8:2-оор ялсан. Манай бөх эхний өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий хүрэл медальт, Европын мөнгө, гурван хүрэлтэй Беларусийн Уладзислау Андрейтай хүч үзнэ.

Т.ТУЛГА /65 кг/

Залуу тамирчин Т.Тулга эхний тойрогт Словений Давид Хабаттай учраа таарсан. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгө, Европын наадмын мөнгө, тивийн АШТ-ий алт, хошой мөнгөтэй Польшийн нэр дээр барилдаж буй дагестан эр Магомедмурад Гаджиев, Арменийн Валодия Франгульян нарын ялсантай нь хүч сорино.

П.ӨНӨРБАТ /79 кг/

Хашир турлагатай П.Өнөрбат эхний тойрогт Энэтхэгийн бөх Сачин Ратитай оноолт таарсан. Түүнийг ялбал БНСУ-ын Ман Хо Отой дараагийн даваанд өрсөлдөнө.

Л.ТӨРТОГТОХ /97 кг/

Л.Төртогтох эхний тойрогт хийлсэн. Тиймээс эхний барилдаандаа Казахстаны Нургали Нургайпулитай хүч үзэх ба түүнийг ялбал БНСУ-ын И Ёон Ку, Беларусийн Иван Янкоуски нарын ялсантай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top