Архангайн нутгийн зөвлөл Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарт байр амлажээ

Архангай аймгийн үндэсний бөхийн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр /2018.10.20/ Спортын төв ордонд боллоо. Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Алтай констракшн” ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний дэргэдэх “Аваргууд” клубын бөх, улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Бурхан буудай” группийн бөх, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, “Бөхбилэгт” дэвжээ, “Алтан Дорнод Монгол” группийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва,  Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интернэшнл” ХХК-ийн бөх, улсын гарьд Б.Гончигдамба нар тус тус шалгарав.

Барилдааны үеэр Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс 2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын амжилтыг тус бүр хоёр өрөө байраар мялаах болсныг дуулгасан юм.

Дэлхийн аваргын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Отгонбаатарын хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд үндэсний бөхийн аймгийн заан цолтой.

Ө.Дүүрэнбаярын тухайд Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат, улсын заан Дашийн Лувсан­гийн ач хүү бөгөөд түүний аав нь улсын начин Л.Өлзийбаяр билээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page