Сэтгүүлч Хашоггийг алсан болохыг Саудын Араб хүлээн зөвшөөрлөө

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Washington Post сонины сэтгүүлч, Саудын Арабын иргэн Жамаль Хашогги, консулын ажилтнуудын хооронд маргаан үүссэний улмаас алуулсан тухай тус улсын Ерөнхий прокуророос гаргасан мэдээллийг Саудын Арабын төрийн мэдлийн хэвлэлүүд нийтэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилж, угсаа залгамжлах хунтайжийн ойрын туслахуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Энэ хэргийн талаар тус улсын гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр тайлбар өгөхдөө,  хэрэг үйлдэгчид эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд бүгд хариуцлага хүлээх болно гээд, хэрэг консулын байранд болсон эсэх, цогцос нь хаана байгаа талаарх мэдээлэл одоогоор байхгүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр мөн болсон хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардаж буй АНУ-ын Конгрессын гишүүдийг хүлээцтэй хандаж, учир байдлын зангилаа тайлагдаж, үнэн нь тогтоогдсоны дараа дүгнэлт гаргахыг уриалсан байна.

Хашогги алга болсон өдөр Истанбулд ирсэн гэх 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай албаны багийн гишүүн бүрийг шалгаж байгаа гэнэ.

Жамаль Хашоггийг боож алсан байж магадгүй хэмээн АВС News суваг эх сурвалжийн мэдээллийг дамжуулсан байна. Тусламж эрэн, консулын байрнаас гарахыг оролдсон Хашоггийг боож алсан хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Энэ хэргийн талаар Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцсан байна.

Туркийн цагдаагийнхан Жамаль Хашоггийн цогцсыг хүчилд уусгасан байж болзошгүй гэсэн таамгийг шалгаж байна гэж Туркийн Haberturk суваг мэдээлэв. Түүнчлэн, Туркийн эрх баригчид талийгаачийн сүйт бүсгүйг хамгаалалтад авсан байна. Түүнийг Истанбул хотын Аюулгүй байдлын газрын ажилтнууд хамгаалалтад аваад байгаа аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top