ЦУВРАЛ II: Гадны хамаарлыг СӨРӨХ БОДЛОГО бий юу?

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

 1.3 сая тонн. Энэ ямар тоо гэж үү? Монгол Улс дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэргүйн улмаас жилд импортолдог шатахууны тоо. Ялангуяа  ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос гэсэн гурван улсаас бид шатахуун импортолж байна. Зөвхөн ОХУ-ын Роснефть компаниас импортын шатахууны 80-аас илүүг нь авч байгаа. Импортлогч улс учраас гадаад орчинд нэг чулуу үсрэхэд л шатахуунаас хамааралтай “шок”-нд орсоор 20 илүү жилийн нүүрийг үзжээ. Хамгийн сүүлийн шоконд бид ороод удаагүй байна.

ХОЦОРЧ ҮЛДСЭН БОДЛОГО

Ардчилсан нийгэмд шилжсэнээс ердөө гурван жилийн дараа буюу 1993 онд газрын тосны хайгуулын ажил Монгол Улсад анхлан эхэлж байжээ. Хуучин нийгмийн үед газрын тосны үйлдвэр байгуулах гэж үзээд 70-аад оны эхээр татан буугдаж байснаас өөрөөр газрын тосны салбараа тордож чадаагүй. Үндсэндээ хүч хүрээгүй юм. Ингэж явсаар шинэ нийгэмд шилжсэн ч газрын тосны үйлдвэр хөгжөөгүй учраас  хүссэн хүсээгүй ОХУ-аас импортлохоос өөр сонголт байсангүй. Одоо ч өөр сонголт алга. Хайгуулын ажил эхэлсэн 1993 оноос 14 жилийн дараа эрдэс баялгын салбарыг анхаарах ёстой гэдэг асуудлыг Засгийн газар хэлэлцэж, баталсан байдаг. Гэвч УИХ-аар хэлэлцүүлэхэд 2008 оны УИХ-ын сонгуулийн жил таарсан учраас хэлэлцэлгүй хойшлуулж байсан удаатай.

“Газрын тосны салбарыг бүрэн дэмжиж, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломж нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт 2011 оны хоёрдугаар сард ярьж байлаа.

Ингэж нэг улстөрчид, нам хооронд шидэгдсээр 2012 онд “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг эцэслэн баталсан. 2017 он хүртэл хэрэгжих байсан уг баримт бичигт боловсруулах үйлдвэр байгуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, энэ салбарт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрээс шингэн болон хийн түлш боловсруулах зэрэг заалтууд тусгасан байжээ.

Энэ жил мөн адил Засгийн газрын 169 дүгээр тогтоолоор “2018-2027” он хүртэлх бодлогын баримт бичиг батлагдсан. Хэрэв уншигч та таасан бол зүйл, заалт, уриа лоозон өөрчлөгдөөгүй. 10-аад жилийн өмнө бодож байсан төсөөлөл, дэвшүүлж байсан лоозон 2027 он хүртэл цаасан дээр бичигдэнэ. Удаан хэлэлцэн байж үр дүнд хүрээгүй анхны баримт бичгээс ялгаатай нь боловсруулах үйлдвэрийн сураг Дорноговийн Алтанширээд гарч, дэд бүтцээ эхэлсэн явдал байв.

ТЭЛСЭЭР БУЙ ХЭРЭГЛЭЭ

Газрын тосны салбарт гаднаас хамааралтай Монгол Улсын эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр байгааг та мэдэх үү? Монгол Улсын хэмжээнд шатахууны хэрэглээ жил ирэх бүр өсч байгаа бөгөөд 2020 онд 1.6 сая тонн, 2022 онд 1.9 сая тонн болж нэмэгдэхээр байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд шатахууны импортын дийлэнхийг АИ-92, АИ-95 төрлийн автобензин эзэлсэн гэх судалгаа гарчээ. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, уул уурхай гэх ганцхан салбар дээр дэнжигнэж байгаа өнөө цаг үед хэрэглээ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.  

“Бензин шатахууны үнийн өсөлт Монгол Улсын нийт инфляцийн 0.8 хувийг эзэлдэг. Инфляцид голлон нөлөөлдөг бүтээгдэхүүн бол мах, бензин хоёр” гэж Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир ярьж байсан юм.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтан орсон нь шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсон. Хөтөлбөрийн хүрээнд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг үе шаттайгаар нэмэх арга хэмжээ нь импортлогч орны хувьд сөрөг үр дагаврыг авчирсан. Гэсэн ч Засгийн газраас онцгой албан татварт өөрчлөлт оруулах, татварын хугацааг сунгах зэрэг ажлыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй.

ЦААШИД ЯАХ ВЭ?

Бидэнд газрын тосны салбараа хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий. 2017 оны байдлаар 10 талбайд газрын тосны, таван талбайд нүүрсний давхаргын метан хийн, гурван талбайд шатдаг занарын эрлийн гэрээ хийжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 25 талбайд газрын тосны хайгуул, ашиглалт явуулж байгаа гэсэн судалгаа бий.

Гадны хөрөнгө оруулагчид ялангуяа зүүн хойд ази, европ тивийн улс орнууд Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах саналаа дэвшүүлж буй. Үүний хамгийн сүүлийнх нь “Elixir Petroleum” компани. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, хайгуулын ажлаа эхэлжээ.

Монгол Улс 1996-2017 онд 6.6 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 1.3 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Хөрөнгө оруулагчид дүрэм нь тодорхой тоглоомонд оролцоно. Одоогоор манайх газрын тосны салбарт дүрмээ тодорхойлж чадаагүй. Бид одоогоос дөнгөж зургаахан жилийн өмнөөс газрын тосны салбарыг бодлогоор дэмжих болсон. Бодлого тодорхой болсноос хоёр жилийн дараа 2014 онд Газрын тосны хуулиа шинэчилсэн найруулгаар баталж байлаа. 45 зүйл, заалттай уг хууль тунхагийн шинжтэй учраас салбарыг үндсэнд нь тодорхойлж чадахгүй гэж салбарынхан дүгнэдэг.

Бодлогоор зохицуулалгүй орхисон, хуулиар хүрээлэлгүй удсан газрын тосны салбар одоо ч гаднаас хамааралтай. Хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсад хориг тавьж, ирэх арваннэгдүгээр сард хоёр дахь удаагийн хориг арга хэмжээ авна хэмээж буй. Хятад-Америк гэх хоёр гүрний дунд худалдааны дайн дэгдсээр хагас жилийн нүүрийг үзлээ. ОХУ сар хүрэхгүй хугацааны өмнө хилийн үнээ нэмсэн. Гадаад орчны энэ мэт шалтгаанаас бидний хувь заяа хамаарч байна. Газрын тосны салбарыг гаднаас хамааралгүй болгохын тулд хэдэн жил лоозон төдий уриатай зууралдах вэ?

ӨМНӨХ НИЙТЛЭЛ

ЦУВРАЛ I: Гаднаас хамааралтай “ГАЗРЫН ТОС”-ны ирээдүй...

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.246) 2018 оны 10 сарын 23

DED BUTETSIIG BAIGUULAHAD HYAMD SHATHUUN

0  |  0
Top