САЙН МЭДЭЭ: Барилгын политехник коллежид 50 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Эрчим хүчний зохицуулалт, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Шнайдер электрик” болон Евро стандартыг Монголын хөрсөнд нутагшуулахаар зорилго тавин ажиллаж буй “Стар Интэлижэнт Технологи” ХХК нар хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Барилгын политехникийн коллежид 50 гаруй сая төгрөгийн төхөөрөмж хандивлалаа /2018.10.19/. Тус компани нь энгийн унтраалганаас эхлээд нарийн төвөгтэй ажиллагаа бүхий иж бүрэн системийг Монголд нэвтрүүлж ирсэн юм. "Шнайдер электрик" энэ удаа Барилгын политехникийн коллежид, 

  • CONTACTOR- 160 ширхэгийг,
  • 3P EVERUNK CONTACTOR AC3 440V- 30 ширхэгийг,
  • #N/A- 1890 ширхэгийг,
  • 3P CONT 80A AC3- 4 ширхэгийг тус тус хандивласан.


Барилгын политехник коллежийн захирал  Г.Нямдулам энэ талаар "Өнөөдөр манай сургууль дээр нэгэн онцлох үйл явдал болж өнгөрлөө. Дэлхийд тэргүүлэгч, дэлхийн 100 гаруй оронд тоног төхөөрөмжөө нийлүүлж байгаа эрчим хүч, цахилгаан автоматжуулалтын тэргүүлэгч компани болох “Шнайдер электрик”-ийн төлөөлөл ирж, барилгын цахилгаанчин мэргэжилтэй сургалтын дадлагад зайлшгүй хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг нийлүүллээ. Эдгээрийг манай сургууль хүлээж авснаараа олон улсын стандартад нийцсэн төхөөрөмж ашиглаж сурах, түүнийг ажиллуулах ур чадварыг эзэмшиж төгсөх давуу талтай болж байна. Ингэснээрээ бид ажил олгогчдын тавьж буй шаардлага, хэрэгцээг хангасан мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд улам дөхөж боллоо" хэмээв.


 

Зау Зау Аунг: Бидний хандивласан бүтээгдэхүүн
цахилгаан хөдөлгүүрийн хамгаалалтын чиглэлд №1  бүтээгдэхүүн


“Шнайдер электрик” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Зау Зау Аунгтай товч ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Барилгын политехникийн коллежид 50 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэлээ.  Чухам яагаад тус сургуулийг сонгохоор болсон бэ?

-"Шнайдер электрик" бол дэлхийд тэргүүлэгч компани. Тиймээс зөвхөн эрчим хүч, бизнесийн асуудлаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих чиглэлд хамтарч ажилладаг. Мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг барилгын коллежийг сонгосон нь учиртай. Тус сургууль ажилгүй иргэдийг дүүргүүдийн хөдөлмөр халамжийн төвөөр дамжуулан мэргэжил, боловсролын сургалтад хамруулж, зэрэг олгон, ажлын байраар хангах боломжийг бий болгож өгдөг тул бид ихэд олзуурхан дэмжиж байгаа. Нийгмийн эмзэг хэсэгт хандсан бодит сургалт явуулдаг нь таалагдсан. 

-Сургуульд бэлэглэсэн тоног төхөөрөмжүүдийн давуу талыг та танилцуулаач?

-Өнөөдөр хандивласан барилгын цахилгааны монтаж угсралтад хэрэглэдэг автомат, пускатль, контактор гар удирдлагын төхөөрөмжүүд бол "Мэрилин Жерайн" нэрийн дор 1960 оноос хойш үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнүүд юм.  100 гаруй жилийн турш хэрэглэгчдэд хүргэж байгаа. Цахилгаан хөдөлгүүрийн хамгаалалтын номер нэг бүтээгдэхүүн гэж хэлж болно.

-Барилгын политехникийн коллежтой цаашдаа хамтарч ажиллахаар болсон талаар дурдсан.  Тодруулбал ямар хүрээнд хамтрахаар болсон бэ?

-"Шнайдер электрик" компани дээр дурдсанчлан мэргэжлийн техникийн боловсролд илүүтэй анхаарч ажилладаг. Тодорхой хэлбэл, их сургууль, академик чиглэлийн боловсролын байгууллагууд тэр бүр өөрсдийгөө санхүүжүүлэх боломж байдаггүй. Мөн техник мэргэжлийн сургуулиудад ч мөн адил энэ боломж хязгаарлагдмал байдаг. Өнөөдөр бид мэргэжлийн сургуулийн лабораторийг шинэчлэх үйл ажиллагаа явуулах талаар ярилцлаа. Цаашдаа тус коллежийн чадамжийн төвийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Эрчим хүчний чадамжийн сургалтын төвтэй хамтран мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн лабораторийг шинэчлэх төсөл хэрэгжүүлхээр ярилцаж байгаа.

-“Шнайдер электрик” зөвхөн Монголын барилгын салбарт хөрөнгө оруулхаас гадна Монголын ажиллах хүчинд хөрөнгө оруулж байгаа нь бахархалтай санагдлаа.

-Баярлалаа. Бидний хувьд мөн адил Барилгын политехникийн коллежийн мэргэжлийн дадлага, ур чадварын хичээлд зориулсан тоног төхөөрөмж хандивлаж, тэдний ажлыг дэмжсэндээ маш их баяртай байна.

Б.Амирдаа

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top