АНУ цөмийн зэвсгийн гэрээнээс гарах болсноо мэдэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

АНУ ОХУ-тай байгуулсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс аравдугаар сарын 20-нд гарна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа, ОХУ гэрээгээ зөрчиж байна гэжээ. Түүний шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон дэмжиж байгаа гэнэ.

ОХУ-ын зүгээс АНУ-ын ерөнхийлөгчийн уг шийдвэрийг буруушааж, ийм байдлаар ОХУ-ыг сүрдүүлж, стратегийн салбарт буулт хийлгэхийг оролдож байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдлээ. Гэрээг зөрчиж байна гэж ОХУ-г буруутгаж буй байр суурь ямар ч үндэслэлгүй гэж Оросын зүгээс удаа дараа мэдэгдэж байсан. Тэрээр цааш нь хэлэхдээ, хэрэв АНУ олон улсын гэрээ, хэлэлцээрээс гарсаар байвал ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээ авах болно гээд үүнд цэргийн шинж чанартай арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй гэлээ.

АНУ тус гэрээнээс гарч, холбогдох ангиллын зэвсгээ ОХУ, БНХАУ-ын хилд ойрхон байршуулахыг эрмэлзэж байна гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны дарга К.Косачев онцолжээ.

Америкийн сенатор Рэнд Пол төрийн тэргүүнийхээ энэхүү шийдвэрийг эрс шүүмжилжээ.  Зэвсэглэлийг хянах тал дээр хийсэн арван жилийн хөдөлмөрийг үгүйсгэж байна хэмээн тэрбээр хэлсэн бол ЗХУ-ын экс ерөнхийлөгч Михаил Горбачев мөн адил байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, тус баримт бичигт тусгасан шийдвэрүүд бидний хамтын агуу их ялалт байсан гэжээ.

ЗХУ, АНУ хоёр Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудын устгах тухай гэрээнд 1987 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу, талууд дунд /1000-5500 км/ болон ойрын /500-1000 км/ зайн тусгалтай баллистик болон далавчит пуужинг үйлдвэрлэх, турших, дэлгэрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн байна. Уг гэрээ хугацаагүй хэдий ч гэрээнд оролцогч аль нэг тал гэрээнээс гарах тухай хангалттай үндэслэл гаргаж, гэрээг цуцлах эрхтэй аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top