Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх талаар ярилцлаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Тяньжин хоттой хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцлаа.

Энэ удаагийн айлчлал хоёр талын өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, өмнө нь харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.

Цаашид далайд гарах нэр бүхий төсөл хэрэгжүүлэх, өмнө нь амжилттай туршсан Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн тээврийг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтрах, хөрөнгө оруулалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан хөхиүлэн дэмжих, Бизнес форум зохион байгуулах зэргийг санал болгов. Мөн “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, ложистикийн төв” төслийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болсонд талархал илэрхийллээ.

Өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтаар хэлэлцэн тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэмдэглэв.

Мөн БНХАУ-тай хамтран Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тяньжин хотын зүгээс Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх, Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээх, тээвэр, ложистик, гааль, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт хамтран ажиллах санал гаргалаа.

Талууд харилцан ярилцсан зүйлээ бодит ажил хэрэг болгохын тулд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах, “Хөгжлийн зам”, “Бүс ба зам” хөтөлбөрийг уялдуулах, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top