ДАШТ: Т.Тулга, Л.Төртогтох нар дагах барилдаанд гарна /Өнөөдрийн хуваарь/

 Унгарын нийслэл Будапешт хотод болж буй бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр /2018.10.22/ болно. Өнөөдөр Будапештийн дэвжээнд Монголын зургаан бөх хүч сорино.  Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 92 кг-д Л.Төртогтох нар дагах барилдаан хийх бол эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор нар урьдчилсан шатны эхний барилдаанаа хийх юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу нэг жингийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, алт, хүрлийн төлөөх шигшээ барилдаан болон дагах барилдаан маргааш нь болж байгаа юм. Энэ дагуу өчигдөр /2018.10.21/ барилдсан бөхчүүдээс Т.Тулга /65 кг/, Л.Төртогтох /92 кг/ нар дагах барилдаан хийх болсон юм.

 


 

ДАГАХ БАРИЛДААН

Т.Тулга /65 кг/

Эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдөж буй Т.Тулга дагах барилдаанд Унгарын Роман Ашарин, БНСУ-ын И Сен Чул нарын ялсантай нь барилдана. Тэрбээр энэ тойрогт ялбал хүрлийн төлөө өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Кубын Алехандро Валдестай учраа таарах юм. Энэ жинд Энэтхэгийн Бажранг Пуниа, Японы Такүто Отогүро нар аваргын төлөө барилдахаар болсон билээ.

Л.Төртогтох /92 кг/

Эрэгтэйчүүдийн 92 кг-д өрсөлдөж буй Л.Төртогтох дагах барилдаанд БНСУ-ын И Жон Кутай хүч үзнэ. Түүнийг ялбал хүрлийн төлөө Японы бөх Мацүмото Ацүшитай барилдахна.

 


УРЬДЧИЛСАН БАРИЛДААН

 

Б.Бямбадорж /70 кг/

Б.Бямбадорж эхний тойрогт Иракийн Давоод Салмантай барилдахаар оноолт таарчээ. Түүнийг ялбал Азербайжаны Хаджимурад Гаджиев, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, АНУ-ын Жэймс Грин нарын ялсантай нь тулна.

Ө.Батзул /97 кг/

Ө.Батзул эхний тойрогт АНУ-ын бөх, “Риог-2016” олимпийн аварга, ДАШТ-ий хошой алтан медальт Кайл Снайдертай учраа таарсан. Түүнийг ялбал дараагийн тойрогт Американ Самоа арлын Натаниел Туамохелоатай барилдана.

Э.Даваачимэг /55 кг/

Э.Даваачимэг эхний шатанд хийлжээ. Түүний эхний өрсөлдөгч Энэтхэгийн Сеема. Энэтхэгийн бөхийг ялбал шууд шөвгийн наймд багтах боломжтой.

ЭМЭГТЭЙ 59 КГ

Б.Шоовдор мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт АНУ-ын Женна Буркерттэй барилдахаар сугалаа таарчээ. Тэрбээр мөн эхний өрсөлдөгчөө ялбал шигшээ наймд шалгарна.

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page