Истер арлынхан нууцлаг хүн чулуугаа буцаан авахыг хүсч байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Чилийн Истер арлын оршин суугчид Британийн музейд 150 жилийн туршид хадгалагдаж байсан дэлхийд алдартай хүн чулуугаа буцаан авахаар хөөцөлдөж байгаа аж.

Ингэхдээ тэд дөрвөн тонн жинтэй, 2.4 метр өндөр хүн чулууны хуулбарыг хийн, эх хувьтай нь солих боломжийг эрэлхийлж байгаа гэнэ. Истер аралд моай гэж нэрийддэг хэдэн зуун аварга том хүн чулуу байдаг бөгөөд анх XII-XVI зууны үед Полинезын колоничлогчид ухаж гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү нууцлаг хүн чулууг олон тоогоор тус арлаас авч гарсан гэнэ.

Энэхүү түүх, соёлын дурсгалыг дуураймал хуулбараар сольж авах үүднээс  Британийн музей болон Элизабет II Хатан хааныг ятгах кампанит ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн арлын оршин суугчид Чилийн засгийн газрын дэмжлэгтэй өрнүүлжээ. Тус арлын оршин суугчид дуураймал моайг эх хувилбарын адил базальт чулуугаар дуурайлган бүтээлгэх тухай гэрээг Хавайн музейтэй байгуулсан бөгөөд дуураймал хүн чулуу арваннэгдүгээр сарын 3 гэхэд бэлэн болох аж. Хүн чулууг олон мянган жилийн настай уламжлалт аргыг шинэ технологитой хослуулан Истер арал дээр бүтээх юм.

Арлын оршин суугчдын төлөөлөл, Чилийн засгийн газрын албан хүмүүсийн хамт арваннэгдүгээр сарын 23-нд Лондон хотыг зорьж, соёлын дурсгалаа буцаан авах талар ярилцахаар зэхэж байгаа гэнэ. Чингэхдээ өөрсдийн хүсэлтээ жил бүр тус арлыг үзэж сонирхдог олон мянган жуулчдын гарын үсэг бүхий дэвтрийн хамт Британийн эрх баригчдад танилцуулах юм байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top