Трамп-Кимийн хоёр дахь уулзалт Монгол Улсад зохиогдох боломжтой юу?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

 Гадаад харилцаа, нийгмийн амьдралын Quartz цахим хуудас Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын хоёр дахь уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломж байгаа эсэх талаар нийтэлжээ. Тус цахим хуудас Монгол-Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Япон-Умард Солонгосын яриа хэлэлцээр зохиож ирсэн туршлага, ардчилсан нийгмийн ололт амжилт нь хэрхэн нөлөөлөх талаар Изабелла Штегер онцолжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн зургадугаар сард Сингапурт уулзаж, түүх бүтээв. Уулзалт болох газар бүрэн товлогдоогүй байхад Монгол Улс боломжит улсын нэг байлаа. Гэвч одоо далайд гарцгүй Азийн энэ улсад уулзалт зохиогдох боломж дахин гарч ирэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан эх орондоо уриад байна. Үүний дараахан Оросын “Спутник” мэдээллийн агентлагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уулзалт зохион байгуулах бүрэн боломжтойг онцлон тэмдэглэв. Энэ оны сүүлээр Трамп-Кимийн хоёр дахь уулзалт зохион байгуулагдахаар болсон. Гэхдээ болох хугацаа, цаг нь товлогдоогүй байгааг сануулъя.

Монгол Улс Солонгосын хойгийн асуудалд алгуур ч гэсэн нөлөөлөхүйц байдлаар хандаж ирсэн. Энэ сарын 19-ний өдөр Япон болон Умард Солонгосын тагнуулын албаныхан Улаанбаатарт уулзав. Японы "Киодо" мэдээллийн агентлагийн гаргасан мэдээллийг харвал хоёр улсын албаныхан 1970-1980-аад онд Умардад хоригдох болсон ялтан солилцох талаар ярилцсан байна. Японы Ерөнхий сайд Абе Шинзо энэ алхмыг Умардтай харилцах дипломат харилцааг бэхжүүлэх түүхэн алхам гэж дүгнэж буй.

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Японы Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч нар уулзахдаа Умард Солонгос болон Японы харилцааг сайжруулах, дипломат харилцаанд үүссэн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр санал нэгдсэн юм. Улмаар Япон, Умард Солонгосын албаны болон төрийн өндөр дээд уулзалтуудыг зохион байгуулахаар тусгасан байна.

Монгол Улс Умард Солонгостой түүхэн хувь заяагаар ойрын түнш байсаар ирсэн. Умард Солонгос улс байгуулагдсаны дараа ЗХУ-ын дараа Монгол Улс дипломат харилцаа тогтоож байсан байна. Социализмын жилүүдэд тухайн үеийн Умардын удирдагч Ким Ил Сунг хоёр удаа айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байжээ. Хамгийн сүүлд 2013 онд Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа айлчилж,  Умард Солонгостой дипломат харилцаагаа хөгжүүлэх, зах зээлийн эдийн засаг, хөгжлийн талаар туршлага солилцох зэргээр санамж бичиг үйлдэж байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчилж гамшгийн эрсдэлийг бууруулах, дипломат харилцаагаа хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

“Монгол бол БНАСАУ-тай уламжлалт харилцаатай олон. Тиймээс Умард Солонгосыг дэлхий нийтэд эерэгээр төсөөлөх, Солонгосын хойгийн энх тайван байдлыг хангахад Монгол Улсын гүйцэтгэх үүрэг их” гэж Монгол-Умард Солонгосын харилцаа судлаач Тьяллинг Халбертсма ярьжээ.

Газар нутгийн хувьд том ч ердөө гуравхан сая хүн амтай, хоёр их гүрний дунд хавчуургатай талх мэт байрлах энэ улс ОХУ болон БНХАУ-аас гадна гуравдагч хөршийн харилцаагаар өөр бусад улсуудтай харилцдаг. НҮБ Умард Солонгост хариу арга хэмжээ авахад хоёр улсын гэрээгээр ажиллаж байсан ажилчдыг гаргахаас аргагүй нөхцөл байдалд орсон. Үүнийхээ хүрээнд ч ажилчдыг гаргасан.

Трамп-Кимийн түүхэн гэж тодотгосон анхны уулзалт Монгол Улс гэж яригдаж байсаар эцэстээ Сингапурт зохиогдсон.  Өмнө нь 2015 онд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Тайванийн Ерөнхийлөгч Ма Йен Жү нарын анхны уулзалтыг ч зохион байгуулж байсан түүхтэй. Хэдийгээр Сингапурт дахин болохыг үгүйсгэхгүй ч өнгөрсөн жилүүдэд Япон-Умард Солонгосын харилцааг сайжруулахад гаргасан амжилт, Ази Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан зэрэг нь Монгол Улсад зохион байгуулах боломжтой гэдгийг бэлхнээ нотолно.

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чонын гөлөг байна(103.10.21.105) 2018 оны 10 сарын 23

Болог л дээ. Энэ улсыг тоодог л юм бол уулзуулах хэрэгтэй

0  |  0
Зочин(213.205.251.101) 2018 оны 10 сарын 23

Огт шаардлагагүй. Урьд зохион байгуулсан улс аюулгүй байдалд төлсөн зардалын талыг ч одоогын хямралтай Монголын ЭЗ дийлэхгүй.

0  |  0
zochin(66.181.184.51) 2018 оны 10 сарын 22

FRANTSAD ZOHIOJ BOLDOGGUIN BAIHDAA NOMER NEG ARDCHILAL GUN UHAANTAI

0  |  0
Top