Парламентын 76 дахь гишүүний СУРАГ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

 -Парламентын 76 дахь гишүүний сураг хаана очоод тасрав. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орыг залгаж, Хэнтий аймгийн сонгогчдыг төлөөлж парламентад суух эрхмийн сураг алдрав уу?!-

Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ буугаад дөрвөн сарын хугацааг үдлээ.  Гэсэн ч эрх баригчид түүний оронд хэн нэгнийг парламентын гишүүнээр өргөмжлөх гэж яарсангүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчид төрд төлөөлөх хүнгүй өнөөг хүрэв. Тэгвэл парламентын 76 дахь гишүүний сураг хаана очоод чимээгүй болов. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орыг залгаж, Хэнтий аймгийн сонгогчдыг төлөөлж парламентад суух эрхмийн сураг алдрав уу гэх асуулт хариулт нэхэж байна. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараахан УИХ-ын 62 дугаар тогтоол гарч, нөхөн сонгуулийг энэ сарын 7-нд явуулахаар тогтсон байдаг. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох энэхүү нөхөн сонгуультай холбоотой бэлтгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд хангахаар Ажлын хэсэг хүртэл гаргасан билээ. Гэвч нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй зарим нэг нь УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

Энэхүү хүсэлтийг Үндсэн хуулийн Цэц хүлээн авч, өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Дунд суудлын хуралдаанаа хийсэн юм. Дунд суудлын хуралдаанаас энэ сарын 7-нд 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар тогтсон УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, тогтоолын хэрэгжилтийг хүчингүй болгосон байдаг. Ингэснээр парламентын 76 дахь гишүүнийг сонгох "марафон"-ыг ирэх оны зургадугаар сард зохион байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Түүнээс өмнө эрх баригч намынхан Сонгуулийн тухай хуульд гар хүрч, өөрчлөх ёстой гэдгийг ч давхар сануулахаа мартсангүй.   

Харин УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн даруйдаа Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэж, хүлээж авахаас татгалзсан юм. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан төдийгүй сөрөг хүчнийхэн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой өөрсдийнхөө гаргасан 62 дугаар тогтоолыг хууль зөрчөөгүй хэмээн үзсэн билээ. Нэгэнт хууль тогтоох эрх бүхий парламент нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж аваагүйн нөгөө талд УИХ-ын 76 дахь гишүүн буюу Хэнтийн аймгийн сонгогчдыг төрд төлөөлөх эрхмийг хэзээ тодруулах нь хариултгүй үлдсэн юм.

Ямартай ч хууль зүйн талаасаа УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хэзээ зохион байгуулах нь "мухардалд" орчихоод байна. Уг нь, Үндсэн хуулийн Цэцийн Их суудлыг хуралдаан хуралдаж, Дунд суудлын хуралдаанаас гарсан өөрсдийнх нь шийдвэрийг УИХ хүлээж аваагүй асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хэзээ хуралдах нь тодорхойгүй хэвээр байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.21.246) 2018 оны 10 сарын 23

SUMDAA TSOOLJ BAIHAAR HUMUUS BISHUU TEGVEL DAHIJ SONGOGDONO

0  |  0
Чонын гөлөг байна(103.10.21.105) 2018 оны 10 сарын 23

Сонгуулиар яах юм бэ. хайран мөнгө. Одоо 64 коммунист нь байж байгаад нэг мөр 20 ондоо явцгааж ард олныг амраахгүй юу

0  |  0
Иргэн(202.9.43.76) 2018 оны 10 сарын 23

ҮХЦ ГЭЖ ГАЦАА ТЭЭГ БОЛДОГ БАЙГУУЛЛАГА БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ УЛС ТӨРИИН ЧАВХ БОЛДОГТ ХАРАМСАЖ БАЙНА. СҮҮЛИИН ҮЕД ЦЭЦИИН ТОГТООЛ ШИИДВЭР. СОНИН БАЙГААД БАЙНА. ЦЭЦ ЭСВЭЛ ШИНЭЧЛЭЛ ХИИХ ЁСТОЙ ШҮҮ ЦЭЦИИН ШИИД ЦЭЦЭН ТҮРГЭН БИШ БАЙНА

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 10 сарын 23

Төрийг гацаанд оруулдаг Цэцтэй байж болох уу,татан буулгая

0  |  0
Top