Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотод ажиллаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 22-25-нд Бээжин хотод ажиллаж байна. Айлчлалын анхны өдөр буюу аравдугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд олон улсын хэмжээнд зөвлөх үйл ажиллагаа явуулдаг Deloite компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь 1845 онд Англид байгуулагдсан бөгөөд дэлхийн олон орон дахь 700 гаруй салбараараа150 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг, Хятад дахь салбар нь л гэхэд өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Эдүгээ БНХАУ-д 21 салбар ажиллаж байгаагаас Бээжин, Шанхай, Хонконгод хамгийн гол том гурван оффис үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Deloite компани нь 2018 оны санхүүгийн жилд 43 тэрбум ам.доллар хол давсан орлого олжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын зочилсон Бээжин дэх салбар нь 3300 ажилтантай бөгөөд хууль, аудит, татвар зэрэг салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Deloite компанийн Улаанбаатар дахь салбар төв нь удирдлагын менежмент, хууль, санхүүгийн чиглэлээр ажилладаг аж.


Тус компанийн ажлын гол чиглэлийн нэг нь ухаалаг хотын менежмент юм. Дэлхийн том хотууд хотоо хэрхэн иргэддээ нийцтэй, ухаалаг болгох чиглэлээр зөвлөгөө авч ажилладаг болжээ. Хот төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг ухаалаг хотын мэргэжилтнүүд 25 оронд энэ талын үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Ухаалаг хотын чиглэлийн RODAT төсөл л гэхэд замын хөдөлгөөнийг хянаж, замд яваа машинуудын датаг мэдэрч, ослоос сэргийлж, урсгал, чиглэлийг зохицуулах ажил хийдэг байна.

Ухаалаг хотоос гадна ухаалаг боловсрол, ухаалаг барилга, хиймэл оюун ухаан зэрэг олон салбар хөгжиж байгааг компанийн удирдлагууд танилцууллаа.

Монголд өнөөдөр тус компанийн цомхон баг ажиллаж байгаа ч Улаанбаатар хотыг ухаалаг болгох чиглэлд хамтран ажиллах боломжтойг мөн дурдаж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top