УБЕГ-аас акталсан 2401 компьютерийг орон нутагт шилжүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Цахим бодлогын түр хорооны шугамаар УБЕГ-т очиж ажилласан. Засгийн газрын барьж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд бүртгэлийн байгууллага онцгой үүрэгтэй. Төрийн цахим шилжилтийг хийхэд хүндрэл учирч байгаа юм билээ. Тус газар саяхан 2000 компьютерийг акталсан байна. Ер нь яг одоо техник нь ямар байна вэ. Мэдээллийн аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Энэ мэт бодит мэдээллийг өгөхийг хүсч байна" гэв.

Харин Н.Учрал гишүүний асуултад УБЕГ-ын дарга Б.Баасандорж "Манайд хамгийн том мэдээллийн сан хадгалагдаж байдаг. Өнгөрсөн 2012 онд 63 сервер тоног төхөөрөмжийг авч байсан. Харин 2013 оноос техник, технологийн шинэчлэл хийгдээгүй. Н.Учрал гишүүн 2000 компвютерийн асуудлыг хөндөж байна. Тэр компьютеруудыг зургаан удаа сонгуульд ашигласан. Энэ явцад гэмтэж, эвдэрсэн. Шаардлага хангахаа больсон. Тиймээс актлах саналыг гаргаж, 2401 компьютерийг акталсан. Улмаар аймаг, орон нутгийн төрийн захиргаа болон багийн Засаг дарга нарт хүлээлгэж өгсөн" гэх хариултыг өглөө. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top