Монголын кино урлаг дахь “Од ба Гэгээ”

Яг одоо миний гарт “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киноны урилга, бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх наадмын хүрээнд гарах орон, орны шилдэг бүтээлүүдийн танилцуулга бүхий ном байна. Тус кино наадмыг жил бүрийн өдийд сэтгэл догдлон, хамгийн их хүлээлттэйгээр үзсээр уджээ. 

"Улаанбаатар" олон улсын кино наадмын тухай

"Улаанбаатар" олон улсын кино наадам нь монгол кино бүтээгч, уран бүтээлч, сонирхогч залууст дэлхийн кино урлагийн өнгийг тодорхойлж буй уран бүтээлүүдийг нэг дор өргөн дэлгэцээр үзэх, үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгодог, хамгийн өргөн хүрээг хамарч зохион байгууллагдаг, нэг талаар жинхэнэ "нааддаг" цорын ганц томоохон фестиваль гэж хэлж болно. Энэ жилийн хувьд Монгол, ОХУ, Аргентин, Франц, Колумби, Герман, Австрали, Чили, Исланд, Япон зэрэг арван орны хамгийн шилдэг 16 бүтээл үзэгчдийн хүртээл болох юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын кино наадам хэдийнэ 10 жилийн түүх бүтээжээ. Харин энэ жилийн онцлог нь нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар” кино наадмын ерөнхийлөгч болсон явдал байлаа.

Нийслэлийн Засаг дарга, "Улаанбаатар" кино наадмын ерөнхийлөгч С.Батболд: Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү наадам нь Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилт тавин ажиллаж буй энэ цаг үед чухал үүрэг гүйцэтгэж байна.

Олон улсын тодотголтой "Улаанбаатар" кино наадам нь урлагаар дамжуулан Монгол Улсыг олон улсад таниулах, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжихэд чухал үүрэгтэй. Иймээс энэхүү урлагийг хөгжүүлэхэд зүрх сэтгэлээ зориулан, ухаан бодлоо уралдуулан хүчин зүтгэж буй уран бүтээлчдэдээ урам хайрлаж, дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг тус наадам олгож байна гэдэгт итгэлтэй байна хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн

  • Монгол улсын ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн
  • Найруулагч Б.Ганболд
  • "Алтан хальс" холбооны үүсгэн байгуулагч кино наадмын захирал Ш.Ихбаяр
  • Каннын кино наадмын "Director”s Fortnight" хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет,
  • "Улаанбаатар" кино наадмын шүүгч, хөтөлбөрт боловсруулагч Тибу Брак.

Кино наадмын хүндэт зочид

  • Урлагийг дэмжих "Aargauer Kuratorium"-ийн удирдах зөвлөлийн гишүүн, дууны инженер Бальтазар Юкер
  • Олон улсын зохиогчийн эрхийн зөвлөх хуульч, өмгөөлөгч, зохиолч, профессор Кеннет Крүз
  • "Локарно" кино наадмын "Нээлттэй хаалга" хөтөлбөрийн дарга, Европын кино академийн гишүүн Софи Бурдон
  • Кино экспортын олон улсын агентлагийн захирал Юлия Брагина

Кино наадмын нээлтийн үзвэр "Од ба Гэгээ"

Наадмын нээлтийн үзвэрээр найруулагч Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нарын “Од ба Гэгээ” уран сайхны кино сонгогдож, үзэгчдийн хүртээл боллоо.

Найруулагч Л.Бат-Амгалан, Иян Аллардайс нарын хувьд "Гайхамшигт нислэг" богино хэмжээний киногоороо Токио, Лондон, Кардиф, Манчестерийн кино наадамд оролцож байсан. Мөн "Good old days" баримтат кино Нью-Йорк, Лос Анжелес, Токио, Бусаны олон улсын кино наадамд оролцсон. Харин "Од ба Гэгээ" мюзикл бүтээлээрээ Бусаны олон улсын кино наадамд оролцож, дэлхийн нээлтээ хийсэн билээ.


Кино элдэв маяг, чимэг, хүчээр өрнөх үйл явдал, сүрхий хурц зөрчилгүйгээр, жинхэнэ бие хүн болон төлөвшиж буй залуус хоорондын харилцаа, нийгмийн амьдрал, аж төрөхүйн асуудлууд, хүсэл мөрөөдөл, өөрийгөө үл ойлгох хэсэгхэн үе зэргийг энгүүн сайхнаар өгүүлнэ.

Эхлэл, өрнөл, төгсгөл тэр чигтээ капитал Улаанбаатар хотыг дүрсэлжээ. Улаанбаатар хотын өргөн план дүрс, байшин барилгуудын олон деталуудаас өдрөөс өдөрт тэлж, улам л шигүү, эмх замбараагүй болж буй их хотыг харж болно.

Од, Гэгээ нарын дүрд "Магнолиан" хамтлагийн дуучин Б.Дөлгөөн, реппер М.Номин- Эрдэнэ (NMN) нар тогложээ.

Найруулагч Л.Бат-Амгалан “Монголыг гадныхан хөдөө нутгаар нь л төсөөлдөг, энэ үзэл бодлыг нь өөрчлөхийг зорьсон” гэж ярьсантай нь түүний хийсэн бүтээл нэгд нэгэнгүй таарч байлаа. Залуусын амьдралыг, хөгжмөөр илэрхийлсэн нь хамгийн оновчтой шийдэл шиг. Мэдээж шүү дээ, бидний амьдралыг дуу, хуургүйгээр төсөөлшгүй. "Хөгжмийг чихээрээ биш зүрхээрээ сонсох л хэрэгтэй дээ" гэж Гэгээгийн хэлдэг өгүүлбэр хэлбэр нь чухал болчихсон хөнгөн амьдрал, ахуйн мөн чанарыг мэдрэхээ байсан хотын амьдралыг илтгэх мэт.

Нүүдэлчин ард түмэн маань, суурин соёл иргэншилтэй болсон цагаасаа л уламжлалт соёл, сэтгэлгээгээ гээж эхэлжээ. Бидний улам бүр л ухарсаар буй хамгийн чухал сэдвийг хөндөж, илүү дотоод, мөн чанар руугаа өнгийх сэдэл өгсөн уран бүтээл болсон гэж хэлмээр байна.

Бодох олон зүйлгүй, ойлгоход ядах юмгүй. Гагцхүү үзэж дууссаны дараа сэтгэлд гэгээ татаж, нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа. Дэлхийн кино урлагийн салбар үзэгдэл, үйл явдлыг хөөхөөсөө илүү хэлэх гэсэн санаагаа илүү хөнгөн бөгөөд урнаар илэрхийлэхийг зорих болсон.

"Од ба Гэгээ" бүтээл нь Монголын кино урлагт Од бас Гэгээ болсныг тодотгож хэлэхэд бахдам байна. Бидэнд боломж байна. Ирээдүй гэгээтэй харагдана. Залуу уран бүтээлчид ЖИНХЭНЭ кино хийж чаддаг гэдгийг баталсан илүү олон уран бүтээлүүд гарах болтугай гэж хүсмээр. 

"Улаанбаатар" олон улсын кино наадмын онцлох болон хаалтын үзвэр

"Улаанбаатар" олон улсын кино наадам жил бүр уламжлал ёсоор онцлох орныг сонгодог. Энэ жил ОХУ-ыг сонгож, онцлох үзвэрийн хүрээнд Найруулагч Иван И.Твердовский “Үсрэгч”, Сергей Мокрицкий “Ноорог”, Кирилл Серебренников “Зун” уран сайхны кинонууд гарахаар болжээ.  

Харин кино наадмын хаалтын үзвэрээр Япон улс, найруулагч Хироказу Корээда "Дэлгүүрийн хулгайчид" сонгогджээ. Тус бүтээл нь 2018 оны Канны олон улсын кино наадмын тэргүүн шагнал болох "Алтан далдуу модны навч" хүртсэн байна.

  Бусад үзвэрүүд:


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page