МӨНГӨ БОЛСОН УТАА: Агаарын бохирдлын санхүүгийн аудитаас онцлох ТАВАН мэдээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэс өнгөрсөн зун агаарын бохирдолд зарцуулсан дотоод, гадаадын хөрөнгө оруулалтад хийсэн аудитаа өнөөдөр /2018.10.23/ танилцуулав. Аудитаас төрийн байгууллагын уялдаа холбоо сул, бүтэц, чиг үүргийн давхцал, зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж чадаагүй, санхүүгийн зарцуулалтад хяналт тавиагүй, холбогдох стандартыг биелүүлээгүй зэрэг хэд, хэдэн ноцтой дутагдал илэрчээ. Өнгөрсөн хугацаанд утаа гэх дайсантай сүрийг үзүүлж тэмцсэн ч тусыг эс олсныг аудитын мэдээлэл нотлов.


Төрийн албаны чиг үүргийн давхцал

Аудитын газрын хийсэн шалгалтаар төрийн байгууллагуудын чиг үүргийн давхцал агаарын бохирдолтой тэмцэхэд ямар ч үр дүн гаргахгүй байгааг санууллаа. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах, хяналт тавих чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхий сайдын дэргэд хоёр удаа, Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажлын алба хоёр удаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд гурван удаа тус, тус солигджээ.

"УИХ-аас 1995 онд Агаарын тухай хууль баталсан. 2010, 2012 онд хуулийг шинэчлэн баталж, 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд УИХ-аас 26, Засгийн газраас 24 тогтоол баталсан. Энэ нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадалгүй иржээ” гэж Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэгч аудитор Л.Одгэрэл ярьсан юм.

Мөнгө болсон утаа

Цэвэр агаар сангийн болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажилд аудит хийхэд 547.3 тэрбум төгрөг зарцуулсан нь тогтоогджээ. Тодруулбал, 2008-2016 онд Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгожээ.

Ийм их хөрөнгө зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлттэй харьцуулсан үнэлгээ хийгээгүй, нийслэлийн холбогдох байгууллагууд ажлын үр дүнг нэгтгэдэггүй, тоон мэдээг зөрүүтэй гаргадаг, хяналт тавиагүй зэрэг нь аудитаар тогтоогдсон байна.

“Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 14 аж ахуйн нэгжтэй 70.580 тонн түлш нийлүүлэх гэрээ байгуулсан боловч үйлдвэрлэгчид 22.4 хувийн л түлш нийлүүлсэн байна. Энэ нь тухайн үйлдвэрлэгчийн хүчин чадлыг тооцолгүйгээр их хэмжээний гэрээ байгуулсантай холбоотой” гэж Л.Одгэрэл ярьсан юм.

Байгаа олоогүй төслүүд

Сайжруулсан зуух, утаагүй түлш, “ТЭЦ-2”-г түшиглэн байгуулах хагас коксжих нүүрсний үйлдвэр, гэрийн дулаалга хөнгөлөлттэй үнээр тараах ажил зэргийг санаачлан зохион байгуулсан ч аудитын шалгалтаар үр дүн нь гараагүй байна. Ялангуяа “ТЭЦ-2”-г түшиглэсэн хагас коксжих нүүрсний үйлдвэр одоог хүртэл байгуулагдаагүй аж. Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсвөөс 9.8 тэрбум төгрөг гаргуулсан ч тооцоо судалгаагүй тул үр дүн гараагүй байна.

“Сайжруулсан зуух, утаагүй түлш зэрэг төслийг хэрэгжүүлэхдээ зөвхөн лабораторийн дүгнэлт харгалзсан бөгөөд бодит амьдрал дээр туршаагүй байна” гэж Л.Одгэрэл ярьсан байна.

Агаарын чанарын дутуу хэмжилт

Монгол Улсад агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр нэгтгэн хэмждэг ч энэ нь дэлхийн жишгээс хоцорсон, хүнд химийн элементийг хэмждэггүй гэх зөрчил илэрчээ. Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2007 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Монгол Улсын агаарын чанарын стандартыг баталсан байдаг. Монгол Улсад одоогийн байдлаар агаар болон орчны чанартай холбоотой 11 стандарт хэрэгжиж байгаа гэсэн судалгаа бий.

“Монгол Улсад агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмждэг боловч хүний биед хамгийн хортой хүнд металийг хэмждэггүй. Агаарын чанарын стандарт болгосон зарим үзүүлэлт нь олон улсын ижил төрлийн стандартаас хол зөрүүтэй байгаа” гэж Л.Одгэрэл ярьсан юм.

Хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандсан

Агаарын бохирдлыг бууруулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн санхүүгийн ажлын шалгалтаар илэрсэн 72 зөрчил илэрсэн бөгөөд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Засгийн газар, холбогдох яаманд шаардлага хүргүүлж, зарим аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг шийдүүлэхээр хууль эрх зүйн байгууллагад хандахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хайдо(202.9.43.48) 2018 оны 10 сарын 24

Энэ их зуух ярьдаг хүмүүс сайжруулсан,утаагүй зуух гэж хоосон ярихын оронд бүрэн шаталт гэж юу вэ гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй.Бүрэн шаталт гэдэг нь хүчилтөрөгч дутагдсанаас үүсэх СО-г задалж шатаах процесс гэдгийг мэдэж 700-н градуст дахин оруулж задлах явдал гэдгийг аль 19-р зуунд олж тогтоосон бөгөөд утааг дороос нь соруулан дахин галын дундуур оруулж задлах явдал юм гэдгийг сайн ойлгоосой билээ.Эсвэл галын голомтруу хүчилтөрөгчийг ихээр оруулах олон аргыг ашиглах явдал юм.Зуухны амсар дээр маш бага чадлын сэнс тавих хамгийн хялбар аргыг хятадууд аль эртнээс өргөн ашиглаж байдаг.

0  |  0
Top