БОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Хөхөө

"Тэгээд өнөө хүүхнийг ганц ухасхийлтээр л дараад авчхаж байгаа юм даа. Тэр нь яахав худлаа, үнэн эмэгтэй хүн юм болохоор тэрүүхэндээ маяглан, орилж хашгиралгүй л..."

Хандыг нь яаж дарахаа нөгөө хашир бас мэдэлгүй л... Энд тэндээс саяын паян хүүрнэгчийг "эр хүн" хэмээн магтан бахадсан, томчуулын дунд байх л ёстой хөгжөөнт наргиа сонссондоо баясан хөхөрсөн бүдүүн голдуу хоолойнууд өрөөгөөр нэг цуурайтахад, та бүхэн нэг хачин хүнийг энэ дундаас төвөггүй танина. Хэрэв та хоёр долоо хоногийн өмнө "Хөхөөт" хотод болсон нижгэр хуриманд уригдан ирсэн бол урт модон хоолны ширээнүүдийн нэгнээс түүнийг ядах юмгүй олж харж болох байлаа. Би бээр таныг урилга хүлээн авсан гэж итгэнэм. Учир нь толгойтой бүхэн л урьд хожид болоогүй найрыг хэрхэн яаж өрнөхийг үзэхээр ирсэн байсан юм. Зарим нь бүр ургийн баяраар л цугладаг бүх ах дүү, хамаатан садантайгаа тааралдан танимхайран тэврэлдсээр байгаад мөр нь чилж, хэт их инээсний учир хөндүүр орсон эрүүндээ түүртээд бушуухан холдохын түүс болсон гэсэн шүү.

Харин манай эрхэм дээр ирж, аж амьдралыг нь, хэрхэн хоолоо олж идэж байгааг нь ойрд яагаад үзэгдэхээ байснын асуух хүн байсангүй. Тансаг гэхэд ч багадах элдэв төрлийн амттан шимттэн, арван зургаан янзаар амталж болгосон адууны махтай цар, тэнд хуран цугларагсадтай тэнцүү шахам тооны дарс тэргүүтэн өрөөстэй найрын ширээний ардаас зогсолтгүй ам руугаа чихэж буйг нь харахад түүнийг хоолны бараа харалгүй хоёр сар, үгүй ээ хоёр жил болоо юу гэмээр. Хэвж буйг нь харсан бүгд л хачирхаж байсан атлаа хэн ч дөхөж очсонгүй. Царайд нь хэн хүнийг эвгүйцүүлэхүйц ямар нэгэн этгээд зүйл байсан бөгөөд харсан даруйд тийн бодогдох авч чухам юу гэдгийг нь олж үл чадна. Мурийж далийсан хамар, үүлтэн цийсэн нүд зэрэг нүүр царайны ил согог түүнд байсангүй. Харин ч хальтхан харахад нүдэнд тусмаар аятайхан царай зүстэй хүн мэт.

Түүнийг тайван хэвж байх зуур гэрийн эзэн буюу сүйт залуу (яг үнэндээ түүнд сүйт залуу гэх үг дэндүү гоёдом байсныг бүгд мэдэж байсан ч түүнийг хамгийн сайхан сүйт залуу хэмээн ам уралдан шагшицгааж байсныг хэлэх нь зүйтэй) тун яриа хөөрөөтэй хэдэн залуусын хамтаар ширээ лүү нь ойртон ирэв. Сүйт хархүүгийн харцтай мөргөлдсөн даруйдаа өнөөх хүний маань нүүр татвагас гээд л явчихсныг ажигч нэг нь анзаарч харсан байлгүй.

Сүйт хархүү хэвэгч эрийг онцолсондоо бус "хүнгүй" шахуу ширээнд, өөрийг нь бараадсан хүмүүстэй суун, сүйт залуу ярьж бусад нь сонсох боломж гарсан учир тэр. Ингээд л хамгийн эхэнд өгүүлсэн, юуны тухай гэдгийг нь та бүхэн гадарлах яриа эхэлсэн юм даа. Тэнд байгсад бүгд л хөхин баясаж дуугаа хадаан инээлдэж байсан авч гагц үл таних хэвэгч эр л огтхон ч инээсэнгүй. Хүний урманд мушийсан ч үгүй. Мөн хэн ч түүнийг тоосонгүй. Уг нь хэн ч түүнийг тоогоогүй чигээр орхисон бол тун дээр байх байлаа. Гэтэл сүйт эрийн харц нэг л зүйл болохоо байсныг илтгэн ширүүсээд ирэв.

- Чамд тийм ч инээдтэй биш байна аа даа, залуу?

- Юу, та юу гэсэн бэ?

- Чи эмэгтэй хүнтэй унтаж үзсэн л биз дээ...

гэж хэлснийхээ дараа сүйт эрийн харц арай зөөлөрч, нүүрэнд нь инээвхийлэх тодроод ирсэн бөгөөд өнөөх хивэгчийн хариулт улам л инээдийн хүргэх нь тэр.

- Үгүй.

Хэвэгчийг хамгийн хошин хүн мэтээр бодож буй нь илт тэд хамаг чадлаараа хөхрөлдөв.

- Эсэн бусын садар самуун юм миний сонирхлыг татдаггүй л дээ. Хэн нэгэн нь гэрийн эзнийг юу хэлэхээ бодож байх зуур ашгүй;

- Хүүе ингэхэд чи хаанаас ирсэн юм бэ? хэмээн цагаа олсон асуулт асуулаа.

- "Хөхөөгүй хотоос"...

- "Хөхөөт" хотын хөхөө дуугарах үед л чи магад эхнэр авах байх шүү.

- Байз. Тэр сая юу гэчих вэ? "Хөхөөгүй хот" гэнэ үү. Янзын алиа эр юм биз дээ. Тэгээд танай "Хөхөөгүй хот" биднийхээс юугаараа ялгаатай юм бэ дээ яг? Залуу тэдэн рүү хэдэн хором харснаа халаас руугаа гараа явуулж байх зуур эмэгтэй хүний нарийн цээл хоолой хадаад явчих нь тэр.

- Аль вэ? Та нар энд байсан юм бий вий. Цаана чинь байн харваа эхэлчихээд байна. Дэмийг ярьж дэмтэйгээс хоцрох нь уу?..

Бүгд явав. Залуу ганцаар үлдэж хэдэн хормын өмнөх тайван байдалдаа эргэн очлоо. Гэвч... нэгэн эмэгтэй түүнийг цоо ширтэн зогссоор байсныг анзаарсангүй.

- Сая чи өөрийгөө ямар зүйлд хутгалдуулах шахсанаа мэдэж байна уу? Намайг ирээгүй бол тэд чамаар тохуурхсандаа яаж ч мэдэх байсан. Учир нь чи бидний хамгийн их хайрладаг бас эмзэглэдэг зүйлээр тоглоом хийсэн... Бүсгүй сандал даван түүний хажууд суугаад луувантай жигнэмгээс нэгийг авлаа. Тэр урт цагаан даашинз өмсөж хүзүүндээ тууз зүүжээ. Үс нь эгээ л намрын навч шиг өнгөтэй. Гэвч ингэж бодох, түүний тухай бодлоор толгойгоо үргэлжлүүлэн дүүргэх хүсэл үл таних эрд огт байсангүй.

- Нээрэн шүү. Дахиж ингэж тохуу хийвэл эндээс эрүүл, омголон энэ чигээрээ буцна гэдэг худал шүү. Бүсгүй шоп шоп хийтэл нарийн хуруунуудаа долоонгоо ингэж хэллээ.

- Чи яг хаанаас ирсэн юм бэ? Тоглох хэрэггүй шүү.

- "Хөхөөгүй хотоос"... Эмэгтэй түүн рүү даажигнасан харцаар харснаа тэсгэлгүй хөхөрч гарав. Хөхөөгүй хотоос гэнэ шүү. Эрэгтэй байсан бол чамайг болгож тавихсан. Бурхан минь, энэ будааны бөмбөлөг хахааж орхих нь байна. Зажлууртай байгаа биз? Залуугийн ам юу юугүй будааны амттангаар дүүрч орхилоо. Бүсгүй сэтгэл хангалуун инээмсэглэнэ.

- Holofernes...

- Юу гэнэ ээ?

- Би Хөхөөгүй хотоос ирсэн, хонгор охин минь. Ингээд тэр халааснаасаа нэг юм гаргаж ирсэн нь жижигхэн турьгүй шувууны үхсэн цогцос байв. Хязгааргүй амгалан харагдаж байгаа биз. Тэр энд ирсэндээ миний адил харамсаж байгаа... Бүсгүйн царай цонхийн цайж инээмсэглэл нь ор мөргүй алга болон, орилохыг завдсан ч амнаас нь авиа гарсангүй. Ингээд тэр Хөхөөт хотынхноос хөхөө харсан анхны хүн боллоо.

- Үхчихсэн юм уу?

- Хөхөөгүй хотоос юу ч амьд гарах боломжгүй.

- Энэ чинь жинхэнэ биз дээ?

-Хөхөөгүй хотын юу нь ч хиймэл байдаггүй... Холоос хүмүүсийн хүч түрэн хашгиралдах дуулдана. Сэтгэл догдлуулсан явдал болж шилдэг байн харваач тодорсон нь тэр ажээ. Одоо ялагчид хөхөө шувууны дүрстэй модон сийлбэр эсвэл шавар баримал бэлэглэнэ дээ. Эмэгтэй сая л мөнөөх эрийн царайд нуугдан түрүүнээс хойш анхаарлыг нь татсан хачин зүйлийг юу гэдгийг олж мэдэв.

- Чи инээж чаддаггүй юм байна.

- Би инээх дургүй.

- Хөхөөгүй хотынх болохоор уу?.. Ямар ч хариултыг тэр олж сонссонгүй. Тэгээд би ч бас инээдэггүй байсан ч  болоосой хэмээн шивнэлээ.

- Хэрэв инээмсэглэж чаддагсан бол яг одоо л би инээмсэглэх байсан... Бүсгүй түүн рүү харахад хэвэгчийн нүд  цайвар цэнхрээр туяаран, хүүхэн хараанд нь нэгэн эргүүлэг мэт зүйл бий болж, тэр эргүүлгээс ямар нэгэн урт шулуун дүрс үүсэхийг харлаа. Үүссэн хачин дүрсийг удсан ч үгүй танив. "Хөхөөт хотын" иргэдийн бие адил хэлбэртэй "Хүн гүүр".

- Надтай хамт явахыг хүсч байна уу? Тэнд үргэлж аниргүй байдаг, яг чиний хүссэн шиг.

- Миний хүссэн шиг...

- Тиймээ чиний хүссэн шиг... Эмэгтэй босон олны шуугилдан буй тэр хэсэг рүү алхаж байхдаа огтхон ч эргэж харсангүй. Эргэж харсан л бол тэнд суугаад үлдээгүйдээ харамсах байсан учраас тэр. Гэвч яалтай. Ялагчид сүйт бүсгүй л шагналыг гардуулдаг уламжлалтай. Хөгшин залуу, эр, эмгүй сүйт бүсгүйг сэтгэл хөдлөнгүй ширтсээр. Мэдээж, яг таамаглаж байснаар нөхөр нь байн харваагаар бусад эрчүүлээ хошуучилсан байлаа. Бүсгүй хөхөөн баримлыг нөхөртөө гардуулахад цагаасаа эрт халзарч яваа гялаан толгой нь харагдав. Хүүхдэрхүү баясгаланд автсан том хүрэн нүд өөр лүү нь ширтэхийг олж үзэхэд үл таних баяр хөөр сэтгэлийг нь дүүргэхийг мэдрэн инээмсэглэлээ. Эр нөхөр нь түүнийг аз жаргалтай амьдруулж чадахгүй. Тэдэнд хамтын амьдралын жам ёсны дагуу бүтэж бүрэлдсэн үр хүүхдүүдээс нь өөр холбож хамаатуулах зүйл үгүй болох өдөр ирнэ. Түүнийг хүлээн олон дахин халааснаас нялцайн, шөл нь ширгэсэн хоол руугаа гөлийтөл ширтэн ширээгээ дэрлэсээр үүр цайлгах олон ч шөнө мөдхөн ирэхийг ч мэдэж байлаа. Ингэж очтон гялалздаг хүрэн нүд хэзээ ч түүний дотоод руу өнгийн харж чадахгүй. Энэ нүд, энэ л харц түүнийг хамгийн ихээр шаналган зовоож өвтгөдөг зүйл болж хувирна. Тэр энэ бүхнийг аль эртнээс, анхнаасаа л мэдэж байсан. Нөхөр нь түүний хацар дээр шовхийтэл үнсэхэд нүүрийг нь сахал хатгаж, бөөн шүлс болж орхив.

"Хүн гүүр"... Яг эндээс 13 километр. Бүх зүйл нэг л сайхан байлаа. Яг л Хөхөөт хотынхны дээгүүр алгуурхан нүүж буй энэ хөвөн цагаан үүл шиг хөнгөхөн. Одоо түүнийг нөгөө "хэвэгч" эр дүүрэн зууштай ширээн дээрээ хүлээж суугаа. Бүсгүй нөхрийнхөө духан дээр үнсчихээд адууны жүчээ рүү явж тэрэг хөллөхийг тушаав. Түүнд баримлыг гардуулж байхдаа өнөөх үхсэн хөхөөний биеийг баруун алгандаа атгасаар байсныг нөхөр нь мэдэхгүй. Тэгээд морьд хөллөсөн жаалд хүзүүнийхээ туузыг тайлж өглөө. Жаал түүний хүзүүн дэх арилахаасаа өнгөрсөн урт урт соривыг харсан эсэхийг бүү мэд. Морьд эрчтэй нь аргагүй урагш давхиулахад тэр аажмаар алсрах хуримын зочдын толгойг дотроо төсөөлж нүдээ аньсан ч эргэж харсангүй. Үл таних эрийн, нөхрийнх нь ч бараа усанд нэвчихэд балрах захидлын мөр шиг бүдгэрэн бүдгэрсээр цэг тэмдгийн төдий болж буй.

Хүн гүүрэн дээр ирмэгц тэр буугаад гүүрний доогуур цэлэлзэн урсах их ус руу ширтэн удаан зогслоо. Ус харин урсаад л, урсаад л... Бүсгүйн зүүн нүднээс ганцхан дусал нулимс хацар, эрүүг нь даган урсахад тэр юунд ч юм чих тавин ямархан нэгийг олж сонсохыг хичээв. Магад нулимс нь подхийн дуугарах эсэхийг мэдэхийг хүссэн юм болов уу. Түүний хөлөрсөн алганд далавч нь үнгэгдэж, хэдийн амьгүй болсон (анхнаасаа амьгүй байсан ч юм билүү, мэдэхгүй) хөхөөний цогцос бий. Гэнэт бүсгүй үхсэн шувууг ус руу шидчихэв.

Хөхөөны байдаг, байдаггүйн тухай огтхон ч ярьдаггүй хот бий болов уу? Хөллөгөө тэргэндээ суугаад морьдодоо ийн шивнэлээ. "Морьд минь, намайг холын холд аваад одооч!"...

Э.Бүжинлхам (2018 он)

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 202.9.43.0 ]      |     2018 оны 10-р сарын 23 -нд, 12:33 минутанд

утгагүй

Go to top of page