”Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайт МСНЭ-ийн гишүүнчлэлийн татвараа төллөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг тодорхойлсон Zindaa.mn мэдээллийн сайт, “ЗИНДАА” сэтгүүлийн редакци Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн гишүүнчлэлийн жилийн татвар төлөх үүргээ биелүүллээ.

МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч нэг жилийн 48000 төгрөг, гишүүн байгууллага дөрвөн жилд нэг удаа нэг сая төгрөгийн татвар тус тус төлөхөөр дүрмэндээ тусгажээ.

МСНЭ-ийн дүрмийн дагуу тус редакци нь харьяаллын дөрвөн сайт, нэг сэтгүүлийн дөрвөн жилийн татвар болох 5.000.000 төгрөг, 45 сэтгүүлч, ажилтны 2019 оны татвар болох 2.160.000 төгрөг, нийт 7.160.000 төгрөгийн татварыг 2018 оны аравдугаар сарын 19-нд төллөө.

“Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайтын нэгдсэн редакци нь "Эрхэт Монгол" медиа группт харъяалагддаг ба нийт 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр сэтгүүлзүйн салбарт хэвлэмэл, цахим төрлөөр үйл ажиллагаа явуулаад 22 жилийг үдсэн юм.

Мэргэжлийн байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих, өөрийн эрх ашгийг хамгаалах, сэтгүүлзүйн салбарын хөгжлийг хангахад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан бүрийн оролцоо, тэр дундаа татвараа цаг тухай бүрт нь төлөх жишиг чухал.

 

Монголын сэтгүүлзүйн салбарт 446 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 4726 сэтгүүлч, ажилтан ажиллаж байгаа гэсэн судалгааг Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан байна. Хэрвээ сэтгүүлчид, редакциуд татвараа бүрэн төлбөл сэтгүүлзүйн салбар бие даасан санхүүжилтын эх үүсвэртэй болохыг энэхүү тоо баримт болон МСНЭ-ийн дүрэм харуулж байна.

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын мэргэжил нэгтнүүддээ 2019 оны гишүүнчлэлийн татвараа төлөхийг “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайтын редакцийн зүгээс уриалж байна.


"ЗИНДАА" НЭГДСЭН РЕДАКЦИ

Top