Хөгжлийн бэрхшээлтэй гурван хос ХУРИМЫН ОРДОНД хуримлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Гэрлэх ёслолын ордон жил бүр уламжлал болгон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтот бүлгийн хуримлах ёслолыг зохион байгуулж өгдөг. Өнөөдөр /2018.10.23/ гэхэд тус ордноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй гурван гэр бүлийн гэрлэлтийг батлан, хуримлах ёслолыг зохион байгууллаа. 

Гэрлэх ёслолын ордны ёслолын менежер Б.Амгалан хэлэхдээ “Бид нийслэл хотынхоо 379 жилийн ойн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хамтдаа хайрлая” өдөрлөг  санаачилж, хөгжлийн бэрхшээлтэй гурван хосынхоо амьдралын анхны гарааг эхлүүлж, баяр дээр нь баяр нэмж, тэдний гэрлэлтийг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Тэдний дунд гурван наснаасаа хойш хөгжлийн бэрхшээлтэй болсон тэргэнцэртэй иргэн байна. Мөн харааны бэрхшээлтэй хос багтсан. Түнхний мултралаас үүдэн тэргэнцэртэй болсон хосуудыг мөн бид сонгосон. Гэрлэх ёслолын ордны зүгээс тэднийхээ тэмдэглэлт өдрийг хамтдаа баяр жаргалтайгаар, мартагдахааргүй сайхан өнгөрүүлж, сэтгэлийн дэм өгч байгаадаа баяртай байна” хэмээв.


Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны/МХҮХ/ дэргэдэх "Бэст массаж" төвийн бариа засалчаар ажилладаг хосууд тэмдэглэлт өдрийнхөө баяр жаргалаас хуваалцлаа.

Гэргий Л.Нармандах:

-Анх нөхөртэйгөө энд танилцаж байсан түүхтэй. Бид хоёр таван жилийн өмнө гэр бүл болсон. Энэ хугацаанд хөөрхөн хүүгийн эцэг, эх боллоо. Манай хүн намайг бодвол арай илүү хардаг. Тийм учраас хаашаа ч явсан надад үргэлж дэм болж, хөтөлж явдаг. Өнөөдөр албан ёсоор гэр бүл болох ёслолоо хийх гэж байгаадаа миний сэтгэгдэл маш өндөр байна. Энэ боломжийг олгосон  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Гэрлэх ёслолын ордны хамт олонд маш их баярлалаа.


Нөхөр Ц.Лхадаваа

-Энэ өдөр бидэнд албан ёсны гэр бүл болох боломжийг олгосон та бүгдэд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Би өнөөдрийг хүртэл “Монголын хараагүйчүүдийн холбоо”-нд бариа засалчаар ажиллаж ирсэн. Энэ хугацаанд эхнэртэйгээ танилцаж байсан юм.  Бид хүүгээ эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй хүн болгон өсгөхийг хичээж явдаг" гэв.
 

Б.Амирдаа

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baasandorj(103.9.89.202) 2018 оны 10 сарын 23

az jargal sain saixniig xvsei

0  |  0
Top