SOS: Хар тамхины хэрэгт ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД холбогдох болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Гуравхан жилийн өмнө манай улс хар тамхи мансууруулах бодисын дамжуулагч орон гэсэн статустай байсан бол өнөөдөр хар тамхи хэрэглэгчдийн тоо 75 мянгад хүрч, хэдийнэ хэрэглэгч орон болсон гэх судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Гэвч энэ тоо өдрөөс өдөрт өссөөр байгааг албаныхан мэдээлж буй. Сүүлийн жилүүдэд эхар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоонд өсвөр насны хүүхэд, сурагчид багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд гэхэд өсвөр насны хүүхэд холбогдсон хар тамхины хэрэг хоёр ч удаа бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын эхээр Ерөнхий боловсролын сургуулийн таван сурагч хар тамхины хэрэгт холбогдсон ба тэдний хамгийн бага нь 13 настай хүүхэд байсан нь хар тамхины аюул бидэнд хэр ойрхон ирснийг харуулж байна.

Дээрх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахмад С.Батзориг хэлэхдээ “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор шалгагдаж байгаа хэргийн холбогдогч нарын дунд таван сурагч, гурван оюутан байгаа. Хамгийн бага нь 13 настай охин. Ихэвчлэн 16-20 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэг нэгнээ уруу татах, дуурайх хэлбэрээр хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Сүүлийн үед эмэгтэйчүүд хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдэж байна” гэлээ.

Дээрх хэрэг гарснаас арав хоногийн дараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өсвөр насны хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Хэргийг тодруулбал, Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагийн орчимд 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг саатуулж, хүүхдүүдээс биологийн шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

-ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ НАРТ ОНООХ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА СУЛ БАЙНА-

2018 оны эхний есөн сарын байдлаар хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, худалдсан, тээвэрлэсэн, хадгалсан гэх 131 хэрэгт 258 хүн холбогдон шалгагдаж байна.

Дээрх тоо бол зөвхөн энэ оны үзүүлэлт бөгөөд сүүлийн гурван жилийн дотор энэ төрлийн гэмт хэргийн гаралт 30 хувиар өссөн гэдгийг албаныхан мэдээлж байна. Дээрх мэдээллээс үзэхэд, өсвөр насны хар тамхи хэрэглэгчдийн бүхэл бүтэн “арми” нийгэмд бий болж байгаа нь хэн бүхний анхаарах сэдэв болоод байна. Харин насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хар тамхины хэрэгт тодорхой ял оноосон тохиолдол одоогоор шүүхийн практикт байхгүй байна.

Өсвөр насныхны холбогдсон хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нэгэн жишээг иш татаж үзвэл, 2015 онд гарсан дөрвөн холбогдогчтой хэргийн нэг холбогдогч нь насанд хүрээгүй буюу 15 настай иргэн Л байсан ба түүнд хар тамхи олж өгсөн этгээдүүдэд 2-3 жилийн хорих ял оноон тэнсэж, харин Л-ийг хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэн, ял шийтгэл оноогоогүй өнгөрөөсөн байдаг. Гэтэл хэрэг шүүхээс шийдвэрлэгдсэний дараа дээрх хэргийн холбогдогч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байгаа юм.

Дээрх жишээнээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох хуулийн хариуцлага, ял шийтгэл хөнгөн байгаатай холбоотойгоор дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл маш их байгааг харж болохоор юм. Харин ял шийтгэлийн тухайд хуулийн байгууллагынхны зүгээс дараах тайлбарыг өгч байна.

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн:

-“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг маш их анхаарал татаж байгаа. Үүн дээр мөрдөн байцаалтын гол арга болох байцаалтын сул тал ажиглагддаг. Байцаалтаар голлож хэрэг нотлох практик хэрэглэж байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүн юу ч хамаагүй ярьдаг. Мөрдөн байцаалтад худал хэлэх, саад учруулах эрх байдаггүй. Гэтэл шүүгдэгчийн худал мэдүүлэг мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэлэгдээд шүүхэд ирдэг. Мэдүүлэг нь амьдралд байхгүй зүйл болж хувирсан байдаг. Энэ нь Монгол Улсыг хар тамхины диваажин мэтээр дэлхий нийтэд ойлгуулах эрсдэлтэй. Хар тамхи Монголын хаа сайгүй байдаг гэх худал мэдүүлэг олон нийтэд хүрвэл дэлхий нийтийн хар тамхичид ирвэл яах билээ. Ийм нөхцөл байдал байцаалтаас үүдэлтэй гэдэгт анхаарах нь зөв. Худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтад саад учруулж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага бий болсон. Нөгөө талаар энэ хэрэг далд аргаар үйлдэгддэг учраас гүйцэтгэх ажиллагаа заавал шаардагддаг. Гэтэл гүйцэтгэх ажиллагаагаар олсон эд зүйл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх нь асуудалтай байдаг учраас хэрэг мөрдөн байцаалтад буцдаг. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт хууль хэрэглээний зөрүүтэй ойлголт гарч байгааг мөн анхаарах ёстой. Борлуулах зорилгоор олж авч, бэлтгэж байгаа чанарыг явцуу хүрээнд ойлгож, хэрэглэх практик байсан. Дээд шүүхийн тайлбараар борлуулах гэдэг үгийн агуулга нь худалдахаас өөр ажил үйлчилгээ, бэлэг, үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг аливаа хэлбэрээр түгээж байгааг ойлгоно. Үүнийг практикт нэг мөр болгох шаардлага байна” гэсэн юм. 

Энэчлэн хар тамхи хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсч, нас залуужиж байгаа нь зөвхөн хууль, цагдаагийн байгууллагын асуудал биш бөгөөд эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Иймд анхаарал татаж буй дээрх сэдвээр  WWW.ZINDAA.MN сайт цуврал мэдээлэл, сурвалжлага бэлтгэн хүргэхээр зорьж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.62) 2018 оны 10 сарын 25

Би 1.5 жил мѳрдѳн хорихоор саатуулагдан шалгагдаж хоригдлоо. 10000ыг хулгайлсан нь шоронд орж 10 тэрбумыг хулгайлсан нь од болдог гэж үнэн юм билээ. Хар тамхи зѳѳдѳг хүүхнүүд 30, 40 саяыг шүүгчид ѳгѳѳд л надтай адил ял авна. Монголд шударга юм гэж байхгүй юм билээ.

0  |  0
ZOCHIN(106.69.52.45) 2018 оны 10 сарын 23

AVILGACHID YG IIM L IRGEDTEI BOLOHIIG HUSCH BAIGAA N NUUTC BISH.ELBEGEES AVHUULAAD L BI EHLEED HOSHGORUULAADHII. UHER SURGIIG ZALAHAD UDAHGUI IH AMARHAN BOLNO BIZDEE...

0  |  0
иргэд(103.57.92.124) 2018 оны 10 сарын 23

Аргагүй аргагүй гэж бодож байна,монгол улсад төр байхгүй,төрийн дээр улс төрийн нам гарч,төрийн албыг мөнгөөр үнэлэж хар захын лангуун дээр тавьж зарсанаас төрд луйварчид үүрлэж,хүн хүмүүжүүлэх-хуулийг хэрэгжүүлэх ажил орхигдсоны хар гай гэж үзэж байна

0  |  0
Top