Х.Мандахбаяр: Ёс зүйн асуудлыг шийдэхийн тулд салбарыг бүтнээр нь харах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форум амжилттай үргэлжилж байна.

Тус форумын үдээс хойших хуралдааны үндсэн илтгэлийг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр тавьсан бөгөөд Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце “Цахим хэвлэлийн өөрийн зохицуулалтын олон улсын туршлага ба ёс зүй” сэдвээр, “GoGo.mn” сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг “Цахим орчинд хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулах боломж туршлага” сэдвээр тус тус дагалдах илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр илтгэлийнхээ эхэнд сэтгүүл зүйн салбарын ёс зүйн талаар хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулах боломж олгосон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хамт олонд талархлаа илэрхийлье хэмээгээд “Бид сэтгүүл зүйн салбарынхаа үндсэн асуудлыг ярьж байна. Мэдээж сэтгүүл зүйн салбарт олон чухал асуудал байдаг ч хамгийн чухал нь сэтгүүл зүйн ёс зүй, сэтгүүлчийн ёс зүйн асуудал юм.

Сэтгүүл зүйн ёс зүйн асуудлыг шийдэхийн тулд салбарыг бүтнээр нь харах хэрэгтэй. Салбарын асуудлуудыг бүтнээр нь шийдэх гарцыг олж чадвал ёс зүй сайжирна гэж бодож байна. Тиймээс МСНЭ-ийн удирдлагын хувьд өөрийн бодож байгаа бүтцийн саналыг анх удаагаа та бүхэндээ танилцуулж байна. Үүнийг сэтгүүл зүйн таван цагариг гэж нэрлэсэн. МСНЭ бол менежментийн байгууллага. Энэ байгууллага 67 жилийнхээ түүхэнд салбарын удирдлагын байгууллагын үүргийг гүйцэтгэж ирсэн байдаг. 1990 оноос хойш бидний сонгосон ардчиллын замд ганц байгууллага бус олуулаа нийлж ажиллах ёстой гэдэг нь харагдаж байна. 1990 оноос хойш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүссэн. Үүнтэй холбоотой мэргэжлийн холбоодууд байгуулагдсан. Нөгөө талаар сургалт судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Харин одоо сэтгүүлчдэд үйлдвэрчний эвлэл дутагдаж байна. Үйлдвэрчний эвлэл хараат бусаар ажиллах боломжийг нь мэргэжлийн холбоод олгож бусад байгууллага дэмжиж ажиллах ёстой. Ингэж байж бид хэвлэл мэдээллийн бүрэн бүтэцтэй болно.


Учир нь бид бие биенээсээ хараат ажилладаг. Тухайлбал, МСНЭ сэтгүүл зүйн ёс зүйн асуудлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй харилцана. Өөрөөр хэлбэл, МСНЭ-ийн дэргэд ёс зүйн салбар зөвлөл ажиллах шаардлагагүй гэсэн үг. Сэтгүүлчээ мэргэшүүлэх тухайд их, дээд сургуулиуд, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байж мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярина. Сэтгүүлчдийн хөдөлмөрийн эрх ашгийг нь хамгаалах тал дээр холбоодууд санаачлага гаргаж ажиллах ёстой. Ингээд бодохоор бүх ажлыг МСНЭ хийх ёстой мэт боловч асуудлыг томруулаад харахаар үүрэг хариуцалгаа ухамсарласан байгууллагуудтай нягт хамтарч ажиллах ёстой гэдэг нь харагдаж байна. Тийм учраас сэтгүүл зүйн таван цагариг гэдэг бүтцийг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ бүтцэд хэн нэгэн илүү, хэн нэгэн дутуу оролцохгүй. Хамтдаа нийлж, асуудлыг шийдэх юм. Ингэж салбарыг бүтнээр нь  авч үзвэл бидний суурь асуудал болсон ёс зүйн асуудал шийдэгдэх болно” гэсэн юм.

Х.Мандахбаяр үргэлжлүүлэн сэтгүүлчийн ёс зүйн асуудлын талаар хэлэхдээ “Сэтгүүлчийн мэргэжлийн, мэргэшсэн зэргийг хөндөж, сэтгүүлчийн боловсролыг дээшлүүлэхгүйгээр ёс зүйтэй ажиллахыг шаардах нь үнэнээс хол. Нөгөөтэйгээр сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр ёс зүй ярих нь хэтэрхий хуурай зүйл. Үүний тулд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ихийг хийх хэрэгтэй. Сэтгүүлчдийн нэгдсэн сан байгуулж, салбарын хөгжлийг хангах, санхүүжилтыг нь бий болгох ёстой. Ядаж нэг татвар авах ёстой. Тэгээд тэр татвар яаж хуваарилагдах вэ гэдэг зарчмыг шийдсэнээр асуудалд том бүтцээрээ ханддаг болно” хэмээн илтгэлдээ дурдсан юм.

“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” форум үргэлжилж байна.


М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.85.141) 2018 оны 10 сарын 24

Энэ хэдэн сэтгүүлч нараасаа Монгол хэлний шалгалт авч бай, зөв бичгийн дүрмээ мэдэхгүй, маш их алдаатай бичиж бна шүү, ичиж үхмээр

0  |  0
Top